“Маш нууц”-ын зэрэглэлээс гаргасан баримтууд дотор дуулиант “мэдээ”байхгүй

2017-10-31 Ертөнц

АНУ ерөнхийлөгч асан Жон Кеннедийн аллагатай холбоотой 2,891 баримт материалыг  “маш нууц”-ын зэрэглэлээс гаргаж олон нийтэд ил болголоо.  Харин АНУ-ын тагнуулын төв агентлаг, холбооны мөрдөх товчооноос ерөнхийлөгч Д.Трампт зөвлөсний дагуу үндэсний аюулгүй байдал, хууль сахиулах байгууллага болон гадаад харилцаанд сөргөөр нөлөөлж мэдэх зарим баримтуудыг гаргахаа түр хугацаанд хойш тавьжээ.  Тухайн баримтууд нь үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахгүй гэдэг нь тодорхой болбол тэдгээрийг 2018 оны дөрөвдүгээр сарын 18-нд төрийн нууцаас гаргах аж.
Кеннедитэй хэрэгт холбоотой нийтдээ таван сая гаруй хуудас материал архивт хадгалагдаж байснаас 1992 оноос өмнө 98 хувийг нь нийтэд ил болгосон байна.  Таван сая хуудас гэдэгт цаасан дээр бичигдсэн тайлан, мэдээллүүдээс гадна дүрс болон дуу бичлэг, кино, гэрэл зургууд багтжээ.
АНУ-ын Үндэсний архивын газрын төлөөлөгчдийн хэлснээр бол, “маш нууц”-ын зэрэглэлээс гаргасан  баримтууд дотор дуулиан шуугиан тарихаар зүйл байхгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, өмнө нь ил болгосон материалуудад нэмэлт болгон ашиглах мэдээлэл гэдгээрээ л ач холбогдолтой аж. Хэдийгээр жирийн иргэд ийм их хэмжээний материалыг уншина гэдэг нь боломжгүй зүйл боловч энэ нь түүхчид болон хуйвалдааны онолчдын хувьд тун олзуурхууштай баримтууд гэнэ.

Г.Пүрэвсүрэн

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.