Live: Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан

2017-10-20 Засгийн газар

Энэ удаагийн Засгийн газрын анхны өргөтгөсөн хуралдаанд сайд нараас гадна яам, агентлаг, нийслэлийн удирдлага зэрэг нийт 150 гаруй албан тушаалтан оролцож байна.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ.

Эрчим хүчний салбарын хэмжээнд өвлийн бэлтгэл хангахад нүүрсний нөөц бэлтгэх асуудал хүндрэлтэй болжээ. Дулааны цахилгаан станцууд 14-17 хоногийн нөөцтэй аж. Нүүрсний нөөц бэлтгэхэд гарч байгаа хамгийн гол хүндрэл нь уурхайнуудад өр үүссэн нь бэрхшээл учруулж буй юм байна.

Онцлоход, Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг анх 13.00 цагт зарласан ч УИХ дахь МАН-ын бүлэг 14.00 цагаас ээлжит бус хуралдаан зарласан тул урагшлуулжээ.

Эрүүл мэндийн салбарт 8 тэрбум шаардлагатай гэв

Эрүүл мэндийн салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангахад 8 тэрбум төгрөг шаардлагатай гэж салбарын сайд нь мэдээллээ. Ханиад томуу дэгдсэн үед хүний нөөцийн асуудал тавигддаг. Үүнд оюутан дайчлан ажиллах зэргээр зохион байгуулалт хийх аж. Улаанбаатар хотын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд 902 тонн бодис, 1500 тонн давж нэмж нөөцлөхөөр ажиллаж байна гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч Б.Батбаясгалан хэллээ. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сургууль, цэцэрлэгүүдийг дулаанаар хангаж байсан уурын зуухуудыг татан буулгаж, төвийн дулааны шугамд холбож эхэлсэн. Нийт 43 халаалтын зуух зогсоно. Жилдээ 55.9 мянган тонн түүхий нүүрс хэрэглэхгүй болж байгаа аж. Ингэснээр агаарт хаягддаг мазот, нүүрс хүчлийн хийн хэмжээ буурах аж.

Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ.

Урьдчилсан байдлаар улсын хэмжээнд 65.9 сая толгой мал өвөлжиж, хаваржих төлөв байна. Өнгөрсөн зун 154 сум гандуу, 90 гаруй сум гантай байснаас өвс тэжээл бэлтгэхэд хүндрэл үүссэн, малын усан хангамж дутагдсан, бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг хүндрэлтэй нөхцөл үүсчээ. Өвсний аюулгүйн нөөцөд 30.8 мянган тонн өвс бэлтгэх ёстой ч 12.4 мянган тонн бэлтгэгджээ. Өвс тэжээл бэлтгэхэд хүндрэлтэй нөхцөл үүссэн байхад Сүхбаатар зэрэг аймгаар өмнөх жил бэлтгэсэн өвсийг өнжмөл өвс нэрээр Хятад улс руу гаргаж байгааг таслан зогсоох арга хэмжээ авах болно гэлээ.

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Өвлийн ид ачааллын үед нүүрс тээвэрлэлтийг саадгүй зохион байгуулахын тулд төмөр замын ачаа тээвэрлэлтийн бэлэн байдлыг ханган ажиллаж буй аж. Өвлийн ид ачааллын үед Дулааны цахилгаан станц дахь нүүрсний нөөцийг 20 хоногоос багагүй байлгахаар тээвэрлэлтийг зохион байгуулах юм байна. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийн мэдээллээр бол жил бүр 1.4 тонн өвс бэлтгэдэг байсан бол энэ намар 850 тонныг бэлтгэх бололцоотой байгаа аж. Иймээс дутаж байгаа өвс, тэжээлийг импортоор авахаас аргагүй болсон гэдгийг тодотголоо.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийлээ.

Өвлийн бэлтгэл хангах хүрээнд гал алдахаар асуудал байхгүй ч салбарын хэмжээнд 5.4 тэрбумын өртэй болсон нь цаг алдалгүй шийдвэрлэх асуудал болж хувирсан. Багш, соёл урлагийн салбарынхан цалин нэмэх шаардлагыг тавьж буй учраас шийдэх асуудлын хоёрт багтаж буйг мөн онцоллоо.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.