Баруун бүсийн хөгжлийн өнөөгийн байдал
Монгол Улсын бүс нутгийн хөгжлийн түвшинг замын гэрлэн дохионы өнгөөр төлөөлүүлбэл төвийн болон зүүн бүс шар, ногоон, улбар шар өнгийн холимог, говийн бүс ногоон өнгөөр тэмдэглэгддэг. Харин баруун бүсийн багахан хэсгийг шар, улбар шар өнгө эзлэх бөгөөд ихэнх хэсэг улаан өнгөөр тэмдэглэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хөгжлийн түвшинг илэрхийлэхдээ шар өнгө нь анхааруулга, улаан нь аюултай, ногоон өнгө хөгжил сайн гэсэн санааг төлөөлж байгаа нь энэ юм. Баруун таван аймаг нийслэлээс хамгийн алслагдсан бүс нутагтай адил хөгжлийн хувьд ч хамгийн тааруу үзүүлэлтийг үзүүлж байна. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа ч голлох шалтгаан нь үйлдвэрлэл сул хөгжсөнтэй холбоотой. Тодруулбал, баруун бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний 59 орчим хувийг хөдөө аж ахуй, ердөө 5.2 хувийг аж үйлдвэрийн салбар эзлэж байна. Уг нь ДНБ-д эзлэх аж үйлдвэрийн салбарын улсын дундаж үзүүлэлт 40 орчим хувьтай байгаа билээ. Эндээс баруун бүсийн аж үйлдвэрийн салбарын хувь улсын түвшингээс хэд дахин бага байгааг харж болно. Аж үйлдвэрлэл сул хөгжсөнөөс улбаалан ажлын байр хомс, амьжиргааны өртөг өндөр зэрэг олон бэрхшээл салбарлаж байгаа юм. Ихэнх иргэний хувьд мал аж ахуйд суурилан амьжиргаагаа залгуулж байгаа бөгөөд зарим хэсэг нь нийслэл рүү нүүхийг илүүд үзэж байна. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд баруун бүсийн хүн амын 31 орчим хувь нь шинэ амьдрал хайн нийслэлийг зорьжээ.
Тиймээс бүс нутгийн хөгжил, тэр дундаа нийслэлээс алслагдсан аймгуудын хөгжлийг дэмжих, ажлын байр бий болгох замаар нутаг орондоо сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх асуудал улсын тулгамдсан бэрхшээлийн нэг болоод байна. Тэгвэл баруун бүсийн хөгжлийг хэрхэн дэмжих вэ. Үнэндээ олон жилийн өмнөөс энэ тухай ярьж, тодорхой төсөл хөтөлбөр төлөвлөж ирсэн ч биелэлээ бүрэн олж, иргэдийн амьдралыг тэтгэсэн нь маруухан байна. Баруун бүсийг хөгжүүлэхэд өнөөгийн байдлаар хамгийн бодитой хэрэгжих боломжтой хувилбар нь уул уурхайд түшиглэж эдийн засгийг нь тэтгэх явдал юм. Өөрөөр хэлбэл, говийн бүс нутагт Оюутолгой, Тавантолгойн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар бүс нутгийнхаа хөгжлийг чирч, үүнд суурилсан олон тулгуурт эдийн засгийг бий болгохоор эрмэлзэж байгаатай адил баруун бүсийн эдийн засгийн хөгжилд оч өгөх уул уурхайн хэд хэдэн томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар бүс нутгийг хөгжил рүү чирэх ёстой гэсэн байр суурь байна. Мөн мах, малын гаралтай түүхий эдийг боловсруулж экспортлох ихээхэн хэмжээний нөөц боломж байгааг сануулдаг.
Уул уурхайн салбарт ямар боломж байна вэ
Хэдийгээр тус бүс нутагт уул уурхайн үйлдвэрлэл сул хөгжсөн ч эрдэс баялгийн арвин нөөцтэй. Бүс нутаг бүхэлдээ хүрэн болон чулуун нүүрсний арвин нөөцтэй хэмээн хэлж болно. Мөн Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймгийн хувьд гянтболд, молибден, зэсийн нөөц давуу бол Увс, Говь-Алтай, Ховдод газрын ховор элемент, гянтболд, төмрийн хүдрийн арвин нөөц бий. Өнөөгийн байдлаар баруун бүсэд Ховдын гянтболд, Таяннуурын төмрийн хүдрийн орд, Хөшөөт, Хар тарвагатай, Нүүрст хотгорын ордод олборлолт явуулж байгаа бол Асгатын мөнгөний орд, Баян Айрагийн зэс, алтны орд, Улаан уулын гянтболдын ордыг ашиглах шатандаа яваа юм. Эдгээрт стратегийн ач холбогдол бүхий хэд хэдэн томоохон орд хамаарч байна.
Цаашид баруун бүсийн сайн чанарын коксжих нүүрс, төмрийн хүдрийн ордод суурилж хар металлургийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой гэсэн судалгаа бий. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Зээгтийн нүүрсний орд (батлагдсан нөөц 6.9 сая тонн, илчлэг 6900-8200 ккал/кг), Мааньтын нүүрсний орд (батлагдсан нөөц 0.4 сая тонн, илчлэг 7100-8200 ккал/кг), Хүрэн голын орд (батлагдсан нөөц 2.7 сая тонн, илчлэг 4470-7680 ккал/кг), Ховд аймгийн Хөшөөтийн уурхайн коксжих нүүрсний (61.25 сая тонн) ордоос нүүрс татаж, Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт орших Таяннуурын төмрийн хүдрийн орд, Увсын Наранбулаг суман дахь Харганатын төмрийн ордод түшиглэн хар металлургийн үйлдвэр байгуулах бүрэн боломж байгаа аж. Ингэснээр бүс нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргахад чухал алхам болно хэмээн тооцож байна. Үүнээс гадна Хөшөөтийн уурхайг түшиглэн нүүрс угаах үйлдвэр байгуулах, нүүрсний ордуудаа ашиглан дулааны цахилгаан станцууд барих, Баян-Өлгий аймгийн Асгатын мөнгө, Халзан бүргэдтэйн газрын ховор элемент, Завхан аймгийн Баян Айргийн зэс, алт, Говь-Алтай аймгийн Талын Мэлтэсийн алт, Увс аймгийн давсны орд зэрэг томоохон нөөц бүхий газруудыг түшиглэн олборлох, ашиглах, боловсруулах үйлдвэр байгуулах боломжтой аж.
Мал аж ахуйн салбарт ямар боломж байна вэ
Баруун бүсийн ДНБ-ний 59 орчим хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлж байгааг дээр дурьдсан. Өөрөөр хэлбэл, тус бүс нутагт хөдөө аж ахуйн салбар зонхилох байрыг эзлэж байгаа юм. Тиймээс үүнд түшиглэн орон нутгийн хөгжлийг дэмжих боломжтой хэмээн тооцож байна. Хамгийн сүүлийн судалгаагаар улсын хэмжээний нийт бэлтгэх махны 23.4 хувь, тэмээ хонины ноосны 28-30 хувь, ноолуурын 35 хувь, бодын ширний 21 хувь, богийн арьс, нэхийний 36 хувийг бэлтгэх нөөц боломж байгааг тооцож, жилд ойролцоогоор 75 тэрбум төгрөгийн түүхий эд бэлтгэх, 450 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх боломжтой хэмээн тодорхойлсон. Мөн тус бүс нутагт мах боловсруулах үйлдвэрийн кластер байгуулж, түүнд хамрагдах боломжтой 10 гаруй үйлдвэр байгааг тооцжээ. Ингэснээр жилд 100 гаруй мянган тонн мах бэлтгэж, үүний 30 орчим хувийг дотоодын хэрэгцээнд, 70 гаруй хувийг экспортлох боломжтой хэмээсэн байна. Хэрэв энэ нь биелэлээ олбол нэгэнт мал аж ахуйн салбарт суурилсан, ихэнх иргэний амьдрал мал аж ахуйтай салшгүй холбоотой өнөө үед бүс нутгийн хөгжлийг дэмжих чухал алхам болох аж.
Гадаад худалдааг өргөжүүлэх зах зээл бий юу
Баруун бүсийн уул уурхайн баялаг, боловсруулсан эрдэс бүтээгдэхүүнийг борлуулах зах зээл байна уу гэсэн асуулт урган гарна. Тус бүс нутаг Хятадын Шинжаан Уйгарын ӨЗО, Дорнод Казахстаны муж, мөн ОХУ-ын Алтай, Тува улстай хиллэж байгаа юм. Хятадын Шинжаан Уйгарын ӨЗО-ны хувьд сүүлийн 6-7 жилийн хугацаанд гадаад худалдааны эргэлт нь хоёр дахин өссөн, эрчимтэй хөгжиж байгаа бүс нутагт тооцогдож байна. Харамсалтай нь манай улсын тус бүс нутаг дахь экспорт дөнгөж 1 орчим хувийг эзлэж байгаа аж. Тиймээс тус бүс нутагтай гадаад худалдаагаа эрчимжүүлэх боломжтой аж.
Түүнчлэн, Дорнод Казахстаны муж нь металлургийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа бүс нутаг юм. Иймээс хүнд аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах боломжтой аж. Ерөнхийдөө баруун бүсийн хэвтээ, босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулж хөрш орнуудтай холбосон хөгжлийн коридор бий болгох, Ховдын Булган суманд худалдааны чөлөөт бүс байгуулах замаар ОХУ, БНХАУ, Казахстантай чөлөөт худалдааг эрчимтэй хөгжүүлэх боломжтой гэж үздэг байна.
Г.Батзориг
6 цагийн өмнө
8 цагийн өмнө
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
Өчигдөр
87365
30402
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.