Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 2017 оны 2 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй 20-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын хоёр талын хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид хоёр талын харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх сонирхлоо харилцан нотолж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцсан юм.
Айлчлалын үеэр:
Монгол Улсаас Хятадад нийлүүлэх уул уурхайн бүтээгдэхүүн болон үхэр, хонины мах зэрэг мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх тодорхой арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлсэн байна.
Мөн хоёр улсын үндэсний мөнгөн тэмдэгтийг солилцох хэлцлийн хугацааг сунгахад бэлэн байгаагаа Хятадын тал мэдэгдсэн юм.
Монгол Улсад тулгараад буй эдийн засгийн түр зуурын хүндрэлийг даван туулахад хоёр талын болон олон талын шугамаар дэмжлэг үзүүлэхээ Хятадын тал илэрхийлж, Монгол Улс өнөөгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, эдийн засгийн хурдацтай хөгжлөө хадгалж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа онцолж байлаа.
“Монгол Улс Хятадын нутаг дэвсгэрээр дамжин далайд гарах, буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хэлэлцээр”-ийг Хятадын тал соёрхон баталсан байна.
Түүнчлэн албан ёсны хэлэлцээний үеэр хоёр тал Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдгөө онцолж, гурван улсын Төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтыг зохион байгуулах, “Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын зураг төслийн хамтарсан төв”-ийг байгуулах зэрэг асуудлаар тодорхой ярилцав.
Ц.Мөнх-Оргил сайд Ван И сайдыг тааламжтай цагтаа Монгол Улсад дахин айлчлахыг урьсныг талархан хүлээн авчээ.
Хэлэлцээний дараа Гадаад харилцааны сайд нар хоёр улсын сэтгүүлчдэд мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултуудад нь хариулсан бөгөөд Хонг Конгийн “Феоникс” телевизийн “Дэлхийн удирдагчидтай хийх яриа” нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгөв.
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчаод бараалхаж, БНХАУ-ын Худалдааны яам, Хөгжил, шинэчлэлийн хороо зэрэг байгууллагын удирдлагуудтай уулзана гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.
87350
30346
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.