Замын цагдаагийн албанд өнгөрсөн амралтын өдрөөр нийт 552 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 422 дуудлага бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас 20 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна.
Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 71 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэв.
Улсын хэмжээнд өнгөрсөн сард зам тээврийн ослын улмаас 36 хүний амь нас хохирсоны 10 нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцсон байна. Замын хөдөлгөөний дүрэм бол зөвхөн жолооч нарт хамааралтай зүйл биш юм. Тиймээс иргэд аль болох гарцтай газраар гарах, такси барихдаа хөдөлгөөнд саад учруулахгүй хэсэгт зогсох нь амь нас, эрүүл мэндээ хамгаалсан үйлдэл гэдгийг санаарай.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54.4 дэх хэсэгт зааснаар Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний буюу 24,000 төгрөгөөр торгох, хэрэв явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний буюу 60,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заажээ.
А.Уянга
87308
30074
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.