Манай улс олон жилийн өмнөөс ган хайлуулах үйлдвэр байгуулна хэмээн төлөвлөж, олон эрдэмтэн байршил, хүчин чадал, технологийн сонголтын хувьд өөрсдийн байр сууриа илэрхийлсээр ирсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд “Хөх ган” компанийн үйлдвэрлэж байгаа бага хэмжээний ангижруулсан төмрийг эс тооцвол гангийн үйлдвэрийн суурийг тавьж чадаагүй өдийг хүрлээ. Цаашид ган хайлуулах үйлдвэр байгуулах найдвар үндсэндээ тасарч байна. Бид хамгийн сүүлийн боломжоо хоёр жилийн өмнө алдсан гэвэл хэлсдэхгүй болов уу.
Тодруулбал, ган хайлуулах үйлдвэр байгуулах эцсийн зогсоол дээр ирсэн тухай ҮХААХҮ-ийн сайд асан Х.Баттулга хамгийн сүүлд анхааруулж байсан. Өөрөөр хэлбэл, тэрбээр салбарын яамнаас Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт барих гангийн үйлдвэрийг ТЭЗҮ-ийн дагуу, төлөвлөсөн хугацаандаа эхлүүлж чадахгүй бол дахин ийм боломж олдохгүй гэсэн хатуу сануулгыг өгсөн юм. Энэ бол 2014 он байв. Уг сануулга биелэлээ олсон бол ТЭЗҮ ёсоор Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт баригдах гангийн үйлдвэрийн гэрээ хэлцлийг 2014 онд дуусгаж, улмаар 2015-2017 онд үйлдвэрээ барьж, 2018 оны сүүлээр бүтээгдэхүүнээ гаргах байлаа.
Тухайн үед үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлэхэд хөрөнгө оруулалтын асуудал хамгийн чухал болохыг салбарын сайд нь чухалчилж байсан. Энэ нь 500 сая ам.доллар бөгөөд Хөгжлийн банкнаас санхүүжилт хийхийг хүссэн. Тухайн үед 300 сая нь үйлдвэрийн эхний бүтээн байгуулалт, 100 сая нь Дархан, Сэлэнгийн бүсийн дэд бүтцэд, 100 сая нь төмрийн хүдрийг Дарханд нойтон аргаар баяжуулах “Нано метал” компанид зориулагдана гэдгийг хэлсэн. Харамсалтай нь Хөгжлийн банкнаас санхүүжилт хийгээгүй. Мөнгөгүй байсан юм болов уу гэж бодохоор бас үгүй юм. Шалгалтаар 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн. Энэ бол гангийн үйлдвэр байгуулах гарааны санхүүжилтийг босгох хэмжээний мөнгө билээ.
Алсран одсон боломж
Манай улс гангийн үйлдвэр байгуулаагүйгээс болж ямар боломжуудаа алдаж байгааг доор сийрүүлье. Ерөнхийдөө гангийн үйлдвэр байгуулахад нийт 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүний 3.5 нь үндсэн хөрөнгө оруулалт, 2 тэрбум нь дэд бүтцийн хөрөнгө оруулалт байна. Хөрөнгө оруулалтыг ерөнхийдөө хувийн хэвшил хийнэ. Гэхдээ дэд бүтцийн хөрөнгө оруулалтын дор хаяж 15 хувийг төрөөс хийж байж, гадны хөрөнгө оруулалтыг энэ салбар руу татах нөхцөл бүрдэх аж. Учир нь шууд өгөөжөө өгөхгүй дэд бүтэц рүү мөнгөө өгөх сонирхол гадна, дотны хөрөнгө оруулагчдад алга. Тиймээс төрөөс гарааны санхүүжилт хүсч 500 сая ам.долларыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлнэ хэмээн найдсан юм. Тухайн үед Хөгжлийн банкнаас уг санхүүжилтийг гаргасан бол үйлдвэрийг төлөвлөгөөний дагуу барьж байх магадлал өндөр байлаа.
“Эрсдэлээс бүү ай, гангийн үйлдвэр байгуулах нь манайд 100 хувь ашигтай”
Энэ үгийг салбарын судлаачид итгэл дүүрэн хэлдэг. Гангийн үйлдвэр байгуулах нь үнэхээр ашигтай, одоо эхлүүлэхгүй бол хэзээ ч эхлүүлэхгүй гэсэн итгэл үнэмшилд хүрэхийн тулд гангийн зах зээлийн няхуур судалгаанаас гарсан сэтгэл хөдөлгөм тоо баримтууд нөлөөлсөн нь гарцаагүй. Тэгвэл ямар тоо баримтууд дээрх итгэлийг авчирсан тухай хамтдаа “мөрдөе”.
Юуны өмнө дэлхийн зах зээлээс эхлэе. Өнөөдөр дэлхийн гангийн хэрэглээ нэмэгдэж байхад эсрэгээр төмрийн хүдрийн нийлүүлэлт буурах хандлагатай байгаа аж. Судалгаагаар дэлхийд жилд дунджаар 1.5 тэрбум тонн ган хайлуулдаг. Гэтэл үүний тал нь Хятадын зах зээлд ноогдож байгаа юм. Энэ нь ойролцоогоор 750 сая тонн гэсэн үг. Ойрын 30 жилийн дотор дэлхийн гангийн хэрэглээ 50 хувиар өсч, үүн дотор Хятадын хэрэглээ 30 орчим хувиар нэмэгдэх төлөв байгааг олон улсын судалгааны байгууллагууд мэдээлжээ. Гангийн хэрэглээ ийн нэмэгдэж байгаа нь хот байгуулалттай холбоотой. Нэг үгээр хэлбэл, өндөр барилгууд төмөр багана, арматур дээр суурилж сүндэрлэдэг. Тэгвэл Азид 2020 он хүртэл хот байгуулалт хамгийн хурдацтай явагдах бөгөөд дэлхийн нийт төмрийн хэрэглээний 55-60 хувийг залгиж орхино.
Эндээс хамгийн олон хүн амтай Хятадын эдийн засгийн өсөлтийн гол “идэш тэжээл” нь ган байна гэсэн товчхон дүгнэлт хийж болно. Тус улс дөрвөн том эх үүсвэрээс түүхий эдээ татаж байна. Тодруулбал, өнгөрсөн жил Энэтхэгээс 80, Бразилаас 100, Австралиас 180 сая орчим тонн хүдрийн импорт хийжээ. Үлдсэн хэрэглээг дотоодын нөөц боломжоо ашиглан бүрдүүлсэн байна. Тэгвэл Хятадын дотоодын төмрийн хүдрийн үйлдвэрлэл жилээс жилд буурч, импортоо нэмэгдүүлэх бодлого барих зайлшгүй шаардлагатай тулгарчээ. Учир нь тус улсын төмрийн хүдрийн агуулга маш бага тул өртөг өндөртэй байдаг. Тухайлбал, өнөөгийн байдлаар тус улсад нэг тонн нойтон аргын баяжмал үйлдвэрлэх өртөг 120 ам.долларт хүрээд байна. Тиймээс импортыг дэмжих бодлого явуулж байна.
Харамсалтай нь Энэтхэг улс энэ жилээс Хятад руу төмрийн хүдэр экспортлохоо зогсоож байна. Тус улс экспортыг шууд хориогүй ч татварыг 30 хүртэл хувиар өсгөснөөр Энэтхэгийн компаниуд дотоодын зах зээлдээ нийлүүлэхийг илүүд үзэх болжээ. Мөн Бразил ойрын хугацаанд Хятадад төмрийн хүдэр нийлүүлэхээ зогсооно гэсэн таамаглалыг олон улсын шинжээчид хийжээ. Эндээс үзвэл Хятад эдийн засгийн өсөлтийн гол “хүнс тэжээл” болсон төмрийн хүдрийн нөөцийн хомсдолд орж, “өлсөх” аюул ойрхон байгааг харж болно.
Манай улс Хятадыг “өлсгөлөн”-гөөс аврах уу
Төмрийн хүдрийн өлсгөлөнд автах эрсдэл улам бүр нэмэгдэж байгаа энэ үед Хятад улс манайх руу хараа бэлчээж, импортоо нэмэгдүүлэхийг хичээж байгаа нь эргэлзээгүй. Үүний илрэл нь өнгөрсөн жил нүүрсний экспорт эрс буурсан ч төмрийн хүдрийнх түүхэнд байгаагүй дээд хэмжээнд (6.7 сая тонн) хүрч, уул уурхайгаас хамааралтай төсвийн орлогын 15-16 хувийг бүрдүүлсэн явдал юм. Гэхдээ манай улс урд хөршийн хэрэглээтэй харьцуулбал төмрийн хүдрийн нөөцөөр хахаж цацсан орон биш. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зохион байгуулагдсан “Металс Монголиа” чуулганаар манай улс нэг тэрбум 160 сая тонны төмрийн хүдрийн нөөцтэй болохыг дуулгасан. Энэ нь манай нийт нөөц Хятадын хоёр жилийн хэрэглээг хангана гэсэн үг. Гэхдээ дотоодын хэрэглээг хэдэн зуун жилээр хангах бололцоотой.
Монголын төмрийн хүдрийн экспорт жил ирэх бүр хурдацтайгаар өсөн нэмэгдэж байна. Улсын хэмжээнд төмрийн хүдрийн экспорт 2011 онд 5.8 сая тонн, 2012 онд 6.4 сая тонн, 2013 онд 6.7 сая тоннд хүрсэн. Одоогийн байдлаар Монголд төмрийн хүдрийн салбарт 15 компани олборлолт хийн Хятад руу экспортолж байна. Төмрийн хүдрийн экспортын бүтээгдэхүүн нь үндсэндээ хуурай, нойтон баяжмал хэлбэрээр гардаг. Цаашид “Монросцветмет”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Болд төмөр ерөө гол” болон бусад компани нойтон баяжуулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа. Ингэснээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл ганц шат ч болов ахин гэсэн үг. Одоогийн байдлаар төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ тонн нь 65-70 доллар байна. Хэрэв нойтон баяжуулах үйлдвэр ашиглалтад орвол экспортын орлого 40 хувиар нэмэгдэх боломжтой аж.
Дотоодын нөөцөө хамгаалах стратеги
Төмрийн хүдрийн экспорт өсч байгаад манай эрдэмтэн судлаачид тун таагүй ханддаг. Тэд багахан нөөцөө түүхий чигээр нь хямд үнээр зөөгөөд дуусвал эцэстээ “модоо барьсан гуйлгачин” болно хэмээн анхааруулж байна. Энэ нь хоёр үндсэн эрх ашигтай уялддаг. Юуны өмнө төмрийн хүдрээ баяжуулж, ган хайлуулах нь эдийн засгийн хувьд өндөр ашигтай. Дараагийн чухал асуудал нь эдийн засгийн тусгаар байдал, үндэсний аюулгүй байдалтай холбогддог. Өөрөөр хэлбэл, хүдрээ зөөгөөд гаргачихвал ирээдүйн том бүтээн байгуулалтад шаардлагатай асар их төмрийн хэрэглээг хаанаас хангах вэ гэсэн асуулт урган гарна. Манай улсын гангийн жилийн хэрэглээ дунджаар 500 орчим мянган тонн байна. Үүний 100 гаруй мянган тонныг дотоодоосоо хангадаг. Ингэхдээ Дарханы төмөрлөгийн үйлдвэр хаягдал төмөр хайлуулж, “Хөх ган” компанийн ангижруулсан төмөр багахан хувийг эзэлдэг. Гаднаас авч импортолж 300 гаруй мянган тонн төмөрт бид нэлээн өндөр үнэ төлж байна. Дээрээс нь төмөр хүнд жинтэй тул тээвэрлэлтийн зардалд их хэмжээний хөрөнгө зарцуулдаг. Үүгээр илэрч байгаа энгийн жижиг жишээг дурдвал, орон сууцны метр квадратын үнэ хурдацтай өсч байгаа явдал юм. Барилгад асар их хэмжээний арматур төмөр, ган багана, мөн сантехникийн хэрэгслүүд шаардлагатай болдог. Наад зах нь импортоор оруулж ирсэн кг хадаас хүртэл 4000-5000 төгрөгөөр үнэлэгдэж байна.
Цаашид уул уурхай, дэд бүтцийн салбарт томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжинэ, барилгажилт эрчимтэй явагдана. Мөн төрөөс дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа. Түүнчлэн, автомашин, өндөр өртөгтэй тоног төхөөрөмж үйлдвэрлэх мөрөөдөл бидэнд бий. Энэ бүхэнд асар их төмрийн хэрэглээ бий болно. Хэрэв уг давуу тал бидэнд бус өөр хэн нэгэнд байвал тэд бидний хөгжлийг удирдана гэсэн үг. Монгол Улс их хэмжээний хөрөнгөтэй, чадварлаг боловсон хүчинтэй байгаад үйлдвэрлэлд ашиглах төмрийн нөөцгүй бол хөгжлийн тухай ярих боломжгүй. Тиймээс улс орнууд төмрийн хүдрийн нөөцөө мөнгөн дүн гэхээс илүү үндэсний аюулгүй байдлыг хамгаалах агуулгаар нь үнэлдэг.
Эдийн засгийн үр ашиг талаас цөөн тоо баримт дурдахад хангалттай болов уу. Манай улс төмрийн хүдрээс жилд ойролцоогоор 600-700 сая ам.долларын борлуулалт хийж байгаа хэмээн тооцъё. Үүнээс төсөвт орох орлого багахан хувийг эзлэж, ихэнх ашиг хөрөнгө оруулагчид үлдэнэ. Харин гангийн үйлдвэр байгуулбал 2018 оны сүүл гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг хамгийн багаар тооцоход 60 хувиар өсгөх бололцоотой. Ингэснээр одоогийн нэг хүнд ногдож байгаа 4000 ам.доллар 10 мянган долларт хүрнэ гэсэн үг. Эндээс хүдрээр гаргах, ган хайлуулах хоёрын эдийн засгийн үр өгөөжийн ялгааг хялбархан харж болно.
Усны хэрэглээг шийдэх бололцоотой гэв
Сайншандад төлөвлөсөн үйлдвэрээ байгуулсан бол ямар ашигтай вэ?
Сайшандын аж үйлдвэрийн ТЭЗҮ-ээр Дархан, Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн ордыг түшиглэн жилд 15 сая тонн төмрийн хүдэр олборлож, үүнийгээ Дарханд авчиран “Нано метал” компанийн үйлдвэрт нойтон аргаар баяжуулна. Улмаар нойтон аргаар баяжуулсан 8 сая тонн баяжмалыг Сайшандын аж үйлдвэрийн цогцолбор руу төмөр замаар тээвэрлэн хүргэж, боловсруулан жилд 5 сая тонн ган үйлдвэрлэх тооцоог салбарын яам гаргасан байна. Үүнийг дагалдаад хоёр сая тонн кокс, 1 сая тонн цемент боловсруулах үйлдвэр байгуулагдахаас гадна 450 МВТ-ын хүчин чадалтай цахилгаан станц босно. Цементийн хувьд гангийн үйлдвэртэй зайлшгүй хамт явдаг зүй тогтолтой аж. Нэг үгээр хэлбэл, гангийн үйлдвэрээс гарсан хаягдлыг байгаль орчинд хоргүй байдлаар ашиглан цемент үйлдвэрлэдэг гэнэ. Тэгэхээр дотоодын цементийн хэрэглээгээ хямд өртгөөр давхар хангах бололцоотой.
Гангийн үйлдвэртэй холбоотой тавигдаж байгаа ганц том бэрхшээл нь ус юм. Хоёр удаагийн хайгуулын дүнд жилд 15 сая шоо метр ус ашиглах боломжтой гэсэн тооцоо гаргасан байна. Харин гангийн үйлдвэр жилд 10 орчим сая шоо метр ус ашиглах гэнэ. Иймээс усны нөөц хүрэлцээтэй гэсэн тайлбарыг салбарын яамнаас хийж байна. Эхний байдлаар говийн усны нөөцийг ашиглах боломжтой гэсэн тооцоо хийсэн. Явц дундаа “Орхон говь” төсөл зэрэг хангайн бүсээс ус татах боломжуудыг судалснаар бэрхшээлийг шийдэх бололцоотой хэмээж байсан.
Харамсалтай нь Монголын төрд гангийн үйлдвэр байгуулах чадамж алга байна.
Г.Батзориг
87365
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.