Халдварт өвчний тархвар, оношлогоо, эмчилгээний талаар мэргэжилтнүүд хэлэлцэв

2018-03-27 Мэдээ мэдээлэл

Олон улсын эмч нарын баярыг угтаж “Шинээр гарч байгаа болон дахин сэргэн тархаж байгаа халдварт өвчний тархвар судлал, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал Халдварт өвчин судлалын Үндэсний төвд 2018 оны гуравдугаар сарын 27-ны өдөр боллоо.

Шинжлэх ухаан, техникийн ололт амжилт нэмэгдэхийн хэрээр халдварт өвчинтэй тэмцэж, устгаж байгаа боловч байгаль экэологийн өөрчлөлт, улс орнуудын хөгжлийн түвшин, хүний хүчин зүйлийн нөлөөллөөс хамаарч янз бүрийн халдварт өвчин, түүнийг үүсгэгч бичил биетийн төрөл сүүлийн жилүүдэд хувьсан өөрчлөгдөж, өнгө төрхөө сольж, олон төрлийн өвчнүүд гарч байна. Сүүлийн 40 жилийн хугацаанд дэлхийд шинээр ДОХ,гепатитийн Е, С, G хелико бактер, SARS гэх мэтийн 40-өөд халдварт өвчин шинээр бүртгэгдсэн байна.

Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж Академич, анагаах ухааны доктор, профессор, Хүний гавьяат эмч Д.Бат-Очир хэлэхдээ “Эрдмийн судалгаа шинжилгээний нээлт болон тэдгээрийн хоорондын харилцааны хурдац нь шинээр гарч байгаа болон дахин сэргэн тархаж байгаа халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажлын арга хэмжээнд маш ач холбогдол өгч байгаа хэдий ч үйл ажиллагааны байдал, урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах зэрэг иж бүрдэл асуудал тодорхой биш, түгшүүр айдас хэвээр байна.

Эн удаагийн эрдэм шинжилгээний бага хурал нь манай улсад бүртгэгдсэн бүх халдваруудыг хамруулж Улаанбаатар хотын зарим дүүргүүдийн халдвартын кабинетийг оролцуулсан судалгаа шинжилгээний олон төрлийн материал дээр үндэслэгдсэн ойлгомж бүхий, чанартай өгөөжтэй практик ач холбогдолтой илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой юм” гэлээ.

Эрдэм шинжилгээний бага хуралд Халдварт өвчний тандалт судалгаа, Сүрьеэ өвчний тандалт судалгаа, БЗДХ-ын өвчний тандалт судалгаа, Лаброраторид суурилсан өвчний судалгаа, Клиникийн салбарын эмнэл зүй, эмчилгээ үйлчилгээний сэдвийн хүрээнд “Монгол Улсад 2013-2016 онд ялгасан томуугийн В хэвшинжийн вирусийн шинж төрх”, “Хепатитийн С вирүсийн эсрэг софосбувир /ледифасвир/ эмчилгээний үр дүн”, “Идэвхитэй хэлбэрийн уушигны сүреэгийн эмчилгээнд “Д” аминдэмийг хавсран хэрэглэсэн тохиолдолд рентген шинжилгээнд гарсан өөрчлөлтийг судалсан дүн” , “Монгол Улсад бүртгэгдэж буй зоонозын халдваруудын хэтийн хандлага” гэх мэт олон сэдвээр 100 гаруй эрдэмтэн судлаачийн хамтын бүтээл 26 илтгэлийг тавьж хэлэлцүүллээ.

Эрдэм шинжилгээний бага хуралд Хүний гавьяат эмч Д.Бат-Очир, Н.Цэнд, доктор Д.Адмэд, Б.Цацралт-Од, Д.Дармаа, Д.Батдэлгэр, Ц.Сэлэнгэ,Ж.Даваалхам, А.Бурмаа нарын зэрэг эрдэмтэн докторууд оролцож, санал шүүмж өрнүүллээ.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.