О.Дашпагма: Бага сартай хүүхдүүдийг, ялангуяа 6-8 сартай хүүхдүүдийг улаанбурхны эсрэг вакцинаар дархлаажуулж байна

Өчигдөр slider


ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчний дархлаажуулалтын талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Монгол Улс Дархаажуулалтын тухай хуулиараа 15 хүртэлх насны хүүхдүүддээ есөн төрлийн вакциныг 13 төрлийн өвчнөөс сэргийлэх зорилгоор хийдэг. Улаанбурхан өвчний эсрэг вакцин есөн сартайд эхний тун, хоёр дахь тунгаар дархлаажуулдаг. Эхний тунгийн хамрагдалт 2024 оны байдлаар 95,3 хувьтай байгаа бол хоёрдугаар тунгийн хамрагдалт 95,1 хувьтай байна. Энэ нь хамруулах ёстой хүүхдийг 100 хувь гэж үзвэл, цаана нь тав орчим хувь нь ямар нэгэн шалтгаанаар вакциндаа хамрагдаагүй байна. Тав орчим хувь гэдгийг тоон үзүүлэлтээр аваад үзвэл, жилд төрж буй 60-70 мянган хүүхдийн 3-4 мянган хүүхэд тухайн товлолт вакцинаас хоцрох эрсдэлтэй байна. Жил бүрийн тоог нэмээд тооцоодвол, 50 мянга гаруй хүүхэд вакцингүй байх боломжтой харагдаж байгаа юм. Эдгээр хүүхдийн нөхөн дархлаажуулалтын ажлыг улс орон даяар эхлүүлсэн. Хэрвээ таны хүүхэд улаанбурхан, гахайн хавдар гэх мэт товлолт вакцины дутуу тунтай, эсвэл ямар нэгэн шалтгаанаар хамрагдаагүй бол сум өрхийн эмнэлгүүдэд нөхөн дархлаажуулах ажил улс орон даяар зохион байгуулж байна.

Улс орнууд энэ өвчний эсрэг вакциныг үндэсний товлолт вакцины нэг болгосон. Учир нь маш өндөр халдвартай тул сэргийлэлт нь вакцин юм.

1974 онд дархлаажуулалтын үндэсний хөтөлбөр, түүн дотроо улаанбурхан, гахайн хавдар, улаанууд, сахуу, хөхүүл ханиад, татрангийн эсрэг вакциныг дэлхийн бүх улс орон үндэсний товлолт вакцинд нэвтрүүлж эхэлснээс хойш 2024 онд 50 дахь жилийнхээ үр дүнг эрдэмтэй судлаачид тооцож үзсэн байдаг. Тооцооллоор 154 сая хүний амь насыг вакцины үр дүнд аварч чадсан. Үүний 90 сая буюу 60 орчим хувь нь улаанбурхны эсрэг вакциныг тариулснаар уг өвчний шалтгаант эндэгдлээс хамгаалж чаджээ. Улаанбурхан, улаанууд, гахайн хавдрын эсрэг вакциныг тарьснаар ноцтой ямар нэгэн урвал хүндрэл бүртгэгдээгүй. Мөн хүүхдэд халуурах, бие тавгүйтэх, хэсэг газар тавьсан ором дээр нь өвдөж, хавдах урвалууд илэрдэг хэдий ч энэ тохиолдолд эмчийн зөвлөсний дагуу шинж тэмдгийн эмчилгээ хийх мөн шаардлагатай бол эрүүл мэндийн байгууллагад хандаад тусламж үйлчилгээг авдаг. Эдгээр хариу урвалууд өөрөө аяндаа хоёроос гурав хоногтоо арилдаг онцлогтой.

Улаанбурхнаар өвчнөөр вакцинд хамрагдаагүй эсвэл бүрэн тундаа хамрагдаагүй, энэ халдвараар өвдөж байгаагүй хүн өвдөх өндөр эрсдэлтэй.

Улаанбурханы шалтгаантай эндсэн байгаа хүүхдүүд, вакцинд хамрагдаагүй, вакцинд хамрагдах нас нь болоогүй байна. Өөрөөр хэлбэл, есөн сар хүрээд эхний тунд хамрагдах ёстой байтал есөн сардаа хүрээгүй хүүхдүүд энэ халдвараар эндэнэ гэдэг бол та, би, биднээр дамжих хамгаалагдах ёстой байсан. Вакцинд хамрагдаад бусдыгаа хамгаалах ёстой байсан хүмүүс маань хамрагдаагүйгээс болоод халдвар тархаж эндэгдэлд хүрэх эрсдэл болж байгаа юм. Тэгэхээр бага сартай хүүхдүүдийг, ялангуяа зургаа, долоо, найман сартай хүүхдүүдийг улаанбурхны эсрэг вакцинаар дархлаажуулж байгаа. Ингэснээр вакцины товлолт нас хүрэхээс нь өмнө сэргийлэх өвөрмөц аргуудын нэг болж байгаа юм. Түүнээс гадна эцэг, эхчүүд, тэр гэр бүлийнхэн өөрсдөө вакциндаа бүрэн хамрагдаснаар вакцины товлолт нас хүрээгүй хүүхдүүдийг давхар хамгаалах боломжтой. Халдвар цаашаа тархах нөхцөл нь вакцинд хамрагдаагүй хүн ам олноор байх мөн вакциныхаа бүрэн тунд хамрагдахгүй байх нь өргөнөөр тархах эрсдэл болно. Хэрвээ улаанбурхан, улаанууд, гахайн хавдрын эсрэг товлолт вакциндаа хамрагдаагүй бол нөхөн дархлаажуулах энэ өдрүүдэд вакциндаа идэвхтэй хамрагдаснаар цаашид энэ халдварын тархах эрсдэлийг бууруулах боломжтой. Одоо өвдөөд байгаа хүмүүсийн 70-80 хувь нь вакциндаа хамрагдаагүй, бүрэн тунгаа хийлгээгүй хүмүүс өвдөж байна. Цаашид энэ халдвараас сэргийлэхийн тулд иргэн бүхэн хариуцлагатайгаар товлолт дархлаажуултандаа хүүхдүүдцээ хамруулах, хамрагдсан эсэхийг нь нягтлах, хамрагдаагүй нь дархлаажуулалтын энэ үеийг ашиглах хэрэгтэй” гэсэн юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.