ЭМЯ: Онош нь батлагдсан иргэний хавьтал 75 хүнээс вирус илрээгүй

2020-03-20 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ОХУ, Казахстан улсад сурдаг оюутнууд эх орондоо ирэх хүсэлтээ тухайн улс дахь Монгол Улсын ЭСЯ-аар дамжуулан илэрхийлжээ. Тэднийг Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Баян-Өлгий аймагт тусгаарлах байр болон бэлтгэлийг хангаж эхэлжээ.

Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1 804 иргэнийг тусгаарлаад байна. Наранбулаг, Энхсаран, Амар зочид буудал, Багабаян амралт, ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлгээс гадна Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймагт иргэдийг тусгаарлан ажиглаж байгаа. Тусгай үүргийн дөрвөн нислэгээр ирсэн нийт 983 зорчигчоос гадна нисэх багийнхан тусгаарлагдсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр зохицуулалтуудаа тогтмол хийгээд явж байгаа. ХӨСҮТ-д эрчимт эмчилгээний 10 орыг тохижуулж бэлэн болголоо. Мөн шаардлагатай аппаратуудыг суурилуулах ажлыг хийж байна. Эмнэлгийн машинуудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглож, хүнд өвчтөн тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Хэрвээ ачаалал үүсээд эхэлбэл явуулын амбулаторийг ажиллуулах боломжийг судалж байна” гэлээ.

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 173 оронд өвчлөл бүртгэгдлээ. Шинээр таван оронд өвчлөл бүртгэгдсэн байна. БНСУ, Иран, Итали, АНУ, Герман, Францад өвчлөл эрчтэй тархаж байна. Өвчлөл бүртгэгдсэн эхний гурван сард 100 мянган хүн өвчилж байсан бол сүүлийн 12 хоногт 100 мянган хүн уг халдвараар өвчилсөн байна. Европоос Азид өвчин зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл бий болж байна. Үүнийг Азид өвчлөлийн хоёр дахь давалгаа бий болох эрсдэлтэй гэж үзэж байгаа. Тиймээс хамгаалах үйл ажиллагааг сулруулж болохгүй. Өвчлөл бүх тивийг хамарч байгаа тул зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байна. Монголын хувьд гурван сар Азийн орнуудаас хамгаалах тактик баримталсан бол цаашид Азиас гадна Европ тивээс хамгаалах шаардлага тулгарч байна” гэв.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Европын орнуудад  халдварын шинэ тохиолдол өдөрт 1000 аар бүртгэгдсэн хэвээр байна. Италид 24 цагийн дотор 427 хүн нас барж, 3400 гарсан нь БНХАУ-аас давлаа. Мөн морг болон цогцос чандарлах газар нь ачааллаа дийлэхгүй болсон. Өчигдрөөс эхлэн  Африкийн улсууд хилээ хааж эхэлсэн байна. Африкийн таван улсад бүртгэгдсэн бол 34 улсад халдвар гараад байна. Дээрх улсад нийт халдварын тоо  650-д хүрсэн байна. Энэ тивийн 1.3 тэрбум иргэнд халдвар тархах эрсдэлтэй байгаа. Аргентин болон Израйлд хатуу хорио тогтоож, иргэдийг  хоол хүнс авахаар л гэрээс гарахыг зөвшөөрч байгаа. АНУ-д 5000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдлээ. НҮБ-ийн мэдээллээр энэ сарын 19-ний байдлаар 107 орон сургууль, цэцэрлэгээ хаасан” хэмээн тодруулав.

Түүнчлэн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Берлины нислэгээр гуравдугаар сарын 17-нд ирсэн, онош нь батлагдсан иргэний хавьтал болох 75 хүний шинжилгээний хариунд вирус илрээгүй. Одоо 156 хүний шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна. Истанбулын онгоцоор ирсэн хүмүүсийн 24-өөс вирус нь илрээгүй. Тусгай үүргийн онгоцоор ирсэн бүх иргэдийг дэс дараатай шинжилгээнд хамруулна. Сэлэнгэ аймагт гуравдугаар сарын 18-нд тусгаарлагдсан гурван иргэнээс вирус илрээгүй, мөн сарын 19-нд Хэнтий аймагт нэг хүн тусгаарлагдсан. Тандалт, судалгаа хийж байгаа, сорьц ирж байна. Тус иргэний ойрын хавьтал болох автобусанд байсан 24 хүнийг тусгаарласан. Энэ иргэн Дорнодын Хавиргын боомтоор ирсэн, шинж тэмдэг илэрсэн тул тусгаарлалтад авсан. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 197 хүн тусгаарлагдан ажиглалтад байна. Халдвар авсан нь тогтоогдсон зургаан иргэний нэгийнх нь биеийн байдал хүнд, тавынх нь биеийн байдал дунд буюу тогтвортой байна” гэлээ.

Хууль л амла!

4 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.