Өнгөрсөн зууны араатнууд буюу Япон цэргийн эрхтнүүдийн тамлан туршилт

2019-02-26 Соёл урлаг

Түүхийн жимээр

-Оросын сэтгүүлч Дмитрий Руслановын Халхын голын ялалтын 80 жилийн ойд зориулан бэлтгэсэн энэхүү үгүүллийг орчуулан толилуулж байна-

1941-1945 оны агуу эх орны дайн, 1939 -1945 онд европд өрнөсөн дэлхийн хоёрдугаар дайн, Ази, Номхон далайн бүсд өрнөсөн цэрэг дайны ялалтыг 2020 онд дэлхийн дэвшилтэт олон нийт, ай хотлоор тэмдэглэнэ. Энэ бол түрэмгий дэглэмээ тогтоохыг оролдсон Герман, Японы оролдлогыг бут цохисон түүхэн үйл явдал. 1946 онд Нюрнбергед, 1956 онд Хабаровскд цэрэг дайны түрэмгийлэл үйлдсэн гэмт хэргийг шүүх, шүүх хурал болж, бараг 60.0 сая хүний амиар тоглосон цуст дайны түүхэнд цэг тавьсан билээ.

Өдийг хүртэл ихэнхдээ өмнө нь дайны гэмт хэрэгтнүүдийг шийтгэсэн тухай болоод уг дайны үрээр бий болсон улс орнуудын хил хязгаарын өөрчлөлтөнд л бүгдээр, илүү ач холбогдол өгөөд байх шиг санагддаг. Гэвч үүнээс гадна ямар асуудлууд байна вэ?

Европд ч, Азид ч дэлхийн дайны айдас, зовлонг биеэрээ амсацгаасан. Үүнтэй зэрэгцээд, хүн амын дунд хэт туйлшрагч хэсэг (давхрага) ч бий болсон. Тэдний хувьд дэлхийн хоёрдугаар дайны эцэст юу болж үлдсэн тухайд сэтгэл санаа нь одоо хүртэл ер тайвширдаггүй хийгээд, үүний үр нөлөөг өөрчлөх санаархалаа ч илэрхийлдэг. Тэднийхээр бол дайнд ялсан улс ард түмэн дүрмийн бусаар энэ ялалтанд хүрсэн, тэгээд хорон, муу санаа гаргаж, бусад улс орны (дайныг өдөөсөн улс орон) газар нутгийг зэвсэгийн бус аргаар түрэмгийлж эзэлсэн, үүний үр урхагт 10.0 сая хүн нэрвэгдэн, амьдрах нөхцөлгүй болсон байх ёстой ажээ. Энэ юу гэсэн үг вэ?

Эсвэл тэд урьд цагт Японд харъяалагдаж байсан Сахалины арал болон Курилийн арлуудыг хэлээ юм болов уу? Тэгвэл ч үгүй л дээ. Энэ бол бүүр эртний түүх бөгөөд XIX зууны эцэс үед тэд (Япончууд) оростой далайгаар харилцах гарц нээж, орос хэлтэн хүн амын зарим хэсэг нь тийшээ түрэн суурьших болсон. Үр дүнд нь таагүй нөхцөл үүсч 1904-1905 оны Орос- Японы дайн гарсан нь үнэн. Ингээд богино хугацаанд тэр чиглэл дэх хил хязгаарын зарим хэсэг нь Наран улсын газар нутагт тулж тогтсон. Улирсан түүхийн нугачаан дахь энэ үйл явдлыг мөнөөх хэт туйлшрагчид маань сөхөн, өнөө цаг дахь алс дорнодын нэн чухал асуудал мэтээр ярьцгаадаг. Энэ бол үнэндээ Япончуудын хонзогногч зан авирын л илрэл. Оросын газар нутагт харъяалагдаж байгаа өмнөд Курилын талаар Японы хийсэн түгшүүрт мэдэгдлийн хариу болгож эцэст нь 2018 онд ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ: аль нэг улсын газар нутгийг заавал НҮБ-ын тогтоолоор зохицуулах ямар ч шаардлага байхгүй гэсэн юм.
Тэр бас нэгэн үгүүллээсээ эш татсан илгээлтийг илгээсэн ба үүнд дурьдахдаа: “Дэлхийн хоёрдугаар дайны дүгнэлт (үр дүн) өөрчилөгдөөгүй, өөрчилөгдөх ч ёсгүй гэдэгт санал нэг байгаагаа хэлсэн бөгөөд “Энэ дайны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөд ямар ч тулган шаардлага, урьдчилсан нөхцөл байх ёсгүй. Энэ бол орчин үеийн олон улсын систем дэх хүчин зүйлсээс зайлсхийж буй хэрэг биш. Япон болон Нэгдсэн Үндэсний байгууллагын гишүүн орнуудын эрх бүхий этгээдүүд бүгдээр гарын үсгээ зурж, соёрхон баталсан 107 тогтоол, баримт бичиг байдаг нь цугаараа дэлхийн хоёрдугаар дайны үр дүнд бий болсон хөдлөшгүй зүйлүүд. Эд бүгд нээлттэй баримтууд гэдгийг олон улсын улстөрийн байгууллагууд тэмдэглэсэн байдаг. Хэрвээ Япон улс нутаг дэвсгэрийнхээ асуудлыг заавал НҮБ-ын тогтоолоор зохицуулах эрмэлзлэлтэй байгаа бол Сан-Францискийн тунхаглал болон түүнтэй холбогдол бүхий бусад баримтуудын хүрээнд уг асуудлыг шийдэх ёстой гэдгийг ОХУ-ын зүгээс уриалж байна” гээд зарим (японы) дипломатуудын ярихаар бол “Буцааж авах ёстой гээд байгаа тэднийхээр “Хойт нутаг” гэж нэрэлж буй энэ газар нутгийн тухайд ямар нэг гэрээ бичиг байгуулсан зүйл байгаагүй. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бигийн дарга Дмитрий Песковын мэдэгдсэнээр цаашид гэрээ байгуулах ёсгүй бөгөөд ингэх аваас Курил дахь оросын оршин суугчдад хортойгоор тусах сөрөг талтай. Харин Путин болон Синзо Абэ нар хоёр улсын ард түмний тусыг бодсон шийдвэрийг (томъёолол) эрж хайх нь чухал” гэцгээж байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрч боломгүй. Песковын үгнээс эш татахдаа утгыг гуйвуулсан байгааг анхаарах хэрэгтэй. Тэдний ярьж байгаачлан Курил дахь манай иргэдэд хор холбогдол авч ирнэ гэж хэлсэн гэвэл бас их сонин хэрэг болно. “Песковын үгээр” гэсний тухайд бол – Оросын нэгэн сонины нийтлэлээс эш татсан бөгөөд Хоёр улсын хооронд олон улсын гэрээ байгуулагдаагүй нь манай хоёр улсын харилцааны хөгжилд чөдөр, тээг болж байна. Тиймээс гэрээ хэлэлцээр үүсгэх хэрэгтэй” гэсэн байдаг. Песков мөн хэлэхдээ “олон улсын гэрээ байгуулах асуудлаар идэвхтэй яриа хэлэлцээр явуулах тухай ойлголтыг Японы засгийн газарт эртнээс өгсөн, Ерөнхий сайд Синдзо Абэд албан ёсоор мэдэгдсэн. Энэ онд хоёр улсын хоорондын асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, шийдэх уулзалт Москвад явагдана. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 14-нд Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Синзо Абэ нар Сингапурт уулзахдаа 1956 оны Зөвлөлт, Японы хамтын тунхаглалыг үндэслэж, олон улсын гэрээ байгуулах асуудлаар харилцан тохиролцоонд хүрсэн. Олон улсын гэрээгээр асуудлыг шийдвэрлэх гол нөхцөл нь дэлхийн хоёрдугаар дайны тухай эцсийн дүгнэлтийг анхлан Наран улсын (Наран мандах зүгийн улс) хүлээн зөвшөөрсөн зарчмаар нь дахин баталгаажуулах, өөрөөр хэлбэл Токиогийн хэлэлцээрээр хүлээн зөвшөөрсөн тэр түүхэн баримтыг гажуудуулахгүйгээр бүхэлд нь, түүний дотор ОХУ-ын өмнөд хэсэг Курилын арлын тусгаар тогтнолыг Смоленскийн талбайд тунхагласан тэрхүү тунхаглал ёсоор дахин хүлээн баталгаажуулах явдал юм. Энэ чиглэл дэх яриа хэлэлцээнйи өрнөлийг хурдасгахын тулд урьдаас ярьж тогтсон гол сэдвийн хүрээнд асуудлыг авч үзэхэд чухалчилж байгаа бөгөөд хоёр талын гадаад хэргийн сайд нар болох Сергей Лавров, Таро Коно нар харилцан санал солилцож, байр сууриа илэрхий болгох, төрийн тэргүүнүүдийн (Владимир Путин, Синзо Абэ нар) нэгдсэн шийдвэр гаргах бүх талын боломж нөхцлийг урьдчилан бүрдэлдүүлэхэд чухалчилан анхаарч байна” хэмээсэн.

Түүнээс гадна хоёр талын болон олон улсын түвшинд ойрын болон урт хугацаанд өрнөх уулзалт хэлэлцээрүүд, эдийн засаг, худалдааны хөгжил, бусад чиглэлийн харилцаа хамтын ажиллагааны олон улсын тавцан дахь хэтийн төлөв, мөнхүү бүс нутгийн болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх урьдчилсан тов, төлөвлөлтүүдийг уялдуулан зохицуулахад ихээхэн анхаарах болжээ. Үүний үрээр хоёр улсын гадаад харилцаа, батлан хамгаалах, хөгжил хамтын ажиллагааны асуудал хариуцсан лидерүүд олон улсын томоохон уулзалт хэлэлцээрүүд дээр олонтоо суудал таарч, уузалдах завшаан тохиож байгаагийн зэрэгцээ, энэхүү “давхцал солбицолууд тохиолдсон” он жилүүдэд Орос, Японы эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлд 400 гаруй арга хэмжээ зохион байгуулагджээ. Гэвч Сингапурт болсон АСЕАН-ы орнуудын төр засгийн тэргүүн нарын уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владмир Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар хоёр орны хооронд харилцан туслалцах гэрээ байгуулж, мөнхүү 1956 оны Зөвлөлт, Японы хамтарсан тунхаглалын уг суурин дээр байгуулах шинэчилсэн гэрээ хэлэлцээрийг дуусгахаар хэлэлцсэний дараагаас тэрхүү гэрээний асуудал улам бүрхэг байдалтай болж ирсэн нь үнэн.
Гэхдээ бүх асуудал Япон дайны хор хөнөөлийг ойлгож байгаагаа зөвшөөрч, дүнэлтийг хүлээн зөвшөөрсөн шигээ зүгээр л нэг энгийн хэрэг үзэхээр огт байгаагүй. Энэ 2019 онд Зөвлөлт Монголын зэвсэгт хүчин Халхын голд ялалт байгуулсны 80 жилийн ой тохиож байна. Тэгэхэд Зөвлөлт Монголын хамтарсан цэргийн хүчин гурван сарын турш нэн дайчин шаргуу байлдсаны үр дүнд 65 мянган цэргийн бүрэлдэхүүн бүхий японы түрэмгийлэгч армийг бүр мөсөн бут цохисон билээ. Японы түрэмгийлэгчид БНМАУ-ын газар нутаг руу халдан довтолсон нь Зөвлөлтийн хувьд хүлээж болшгүй хэрэг байснаас гадна Японы милитаристууд цаашид СССР болон БНМАУ-ыг хамтад нь түрэмгийлэн эзлэх гэсэн санаархалаа, далдлан нууж байлаа. Түүгээр ч зогссонгүй тэд энэ үйл ажиллагааныхаа үргэлжлэл болгон Азийн газар нутаг даяар Квантуны армийн хэсэг бүлгүүдийг тархаан байршуулах болов. Тэрбээр Хятад, Солонгос, Вьетнам, Камбож, Сингапур, Филиппин улсад квантуны арми цөмрөн оров.

Тэдгээр оронд янз бүрийн улс үндэстний нийт 32.0 саяас 35.0 сая хүн Японы харгис цэргийн үйлдсэн түрэмгий балмад ажиллагаанд өртөж, амиа алдсаныг түүх гэрчилнэ. Тэгэхэд Хятадад тэднийг бут цохих чадал бүхий цэргийн хүчин байсангүй. “Нанкины хядлага” хэмээн нэрлэгдсэн тэр харгислалын бэрх гашууныг олон сая хятад иргэн одоо ч хурцаар мэдэрдэг тухай үгүүлсэн байдаг. Бүүр 1937 оны сүүлчээр тухайн үеийн Хятад улсын нийслэл Нанкинь хот Япон цэргийн эрхшээд орсон ба хагас жил шахам хугацаанд янз бүрийн үндэсний 400 мянган оршин суугчийг хядсаны дотор хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд үй олноороо байжээ. Гудамжинд, гэр оронд нь, сүм хийдийн дотор гээд хаа л бол хаана үйл олон хүмүүсийг хүйтэн зэвсэгийнхээ хүчээр балмад хэрцгийгээр хөнөөж байв. Тэгэхэд японы цэргийн эсрэг ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй гэж үү? Хятадын армийн дайнаас үлдсэн хэсэг нь ууланд нуугдаж байлаа. Бүх нийтээр хүйс тэмтэрсэн энэ балмад хядлага бол түүхэнд урьд, хожид гараагүй, жинхэнэ “геноцид” болсон юм.

Үүнээс гадна японы түрэмгийлэгчид бас нэг бузар ажиллагаа явуулсан нь амьд хүмүүсийг зүй бус туршилтанд ашигладаг байсан 731 дүгээр отряд гэгдэж байсан тусгай отрядын нууц ажиллагаа (гэмт хэрэг) юм. Японы зохиолч Такаси Симамуригийн бичсэн, 1967 онд хэвлэгдсэн “Хара сёбо” номонд энэ тухай үгүүлдэг. Зохиолч өөрийн үндэстнийхнийхээ хорлон сүйтгэх, аюумшигт ажиллагааны тухай гол эх сурвалжаа Хабаровскийн шүүх ажиллагааны материалуудаас олж авсан байдаг ба тэнд дурьдаснаар 731 дүгээр тусгай ангийнхан гурван мянган хүнийг аюумшигт ёс бус эрүүдэн шүүлт, тамлан туршилтынхаа золиос болгосон аж. Мөн 1974 онд хэвлэгдсэн Сэйзабуро Ямады гэгч япон хүний “Тохо – сюппанся” хэмээх баримтат номонд бактерлогийн дайнд бэлтгэж байсан гэмт хэргийг шүүсэн цэргийн онцгой шүүх ажиллагааны талаар үгүүлсэн бий. Энэ нь мөнөөх 731 дүгээр ангийн өдүүлсэн хэрэг явдал. Энэ анги нь Харбины ойролцоо байрлаж байсан бөгөөд салбар хэсэг нь Хятадын зүүн хойтод байх Сунгари голын баруун эрэгт байсан байна. Тэр газарт одоо 2 сая 544 мянган хүн ам бүхий Хэйлунцзян аймгийн гол хот оршино 1897-1893 онд Орос болон Дорнод Хятадыг холбосон төмөр замыг барьж байгуулсан ба ийнхүү бүтээн байгуулалттай холбоотойгооор тэр гзар 1898 оноос хот байгуулагдах болсон. 1924-оноос 1935 он хүртэл тэнд Зөвлөлт холбоот улс болон -Хятадын хамтарсан захиргаатай байсан. Тэр үедээ чухам нүсэр хот боссон бөгөөд гол гудамж нь дандаа ёвроп загварын байшингуудтай байжээ.

Гэсэн ч японы өдөөн турхирах, хорлон сүйтгэх ажиллагааны улмаас Харбин орчим дахь дээрх газруудын хувь тавилан өөрчлөгджээ. Тэрбээр энд 1931 оноос япончуудын нэрийдсэнээр “Манжуурын будилаан” гэгч хэрэг явдал эхэлсэн байдаг. 1931 оны 9 дүгээр сарын 18-ны оройны 10 цагт Лютяогоуд хүчтэй дэлбэрэлт болов. Энэ газар нь тухайн үеийн Японы харъяа болох Өмнөд Манжуурын төмөр замын дагууд байрлах бөгөөд дэлбэрэлтийг Японы тагнуулууд зохион байгуулсан байдаг. Дэлбэрэлт болсноос хойш цагийн дараа гэхэд япон цэргийн хэсгүүдийг Шэньяньд тараан байрлуулсан байсан бөгөөд тэндээс холгүйхэн Хятад цэргийн казарма нуран унасан байна. Тэгээд тэр шөнөдөө Хятадын Чанчунь, Сыпингае, Гунчжулин болон бусад хотууд дахь япон цэргийн казармууд сүйджээ. Энэ бол япончууд Манжуурыг түрэмгийлэн эзэлж эхэлсэн бодит түүх. Дэлбэрэлтийг шалтаг болгон ашиглаж, өмнөт Манжуурын бүс нутгийг өргөн машстабаар нь түрэмгийлэн эзлэх тагнуулын ажиллагааны төлөвлөгөөг Квантуны арми аль эрт боловсруулсан байжээ. Квантуны арми дахь тухайн үеийн Вакацукийн кабинет буюу сөрөх довтолгоог удирдагч Заняв Мукдены хариуцсан хэсгийн төлөвлөгөөгөөр фронтын шугамаар эхлээд хүчээ хумьж, баг талбай бүхий газраар довтолох ба улмаар хурдан хугацаанд фронтоо тэлэн, Гирин мөн Цицикарагаас Жиньжоу, тэрчилэн баруун Ляодуны хойг хүртэл эзлэн авахаар зэхжээ. 1932 оны 3 дугаар сард “Манж-го”-гийн тоглоомын засгийн газар бий болсон. Энэ үйл явдлын улмаас Харбин хот Квантуны армийн гарт оров. Тэр жилдээ тэнд хангалттай тооны цагаан арьст цагаачид суурьшиж, алс дорнот дахь Зөвлөлт засгийн эсрэг ганц нэг сөдгий, сондгой бүлэглэлүүдийг уялдуулан зохицуулах штаб ч байгуулагдав. Тэдэн дотор Оросоос очсон цагаачид ч цөөнгүй байлаа. Засаг захиргааны төв нь Харбинд төвлөрсөн бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл хүртэл албан ёсоор Биньжян аймгийн гол хотод тооцогдож байсан юм.

Бактерлогийн дайнд бэлтгэх зорилго бүхий нууц судалгаа шинжилгээний төвийг байгуулан хожим тэнд усан хангамж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа гэгчээр халхавчилсан Квантуны армийн нууц ажиллагааны нэгдсэн захиргааг бий болгосныгоо 1933 онд Харбинд тараан байрлуулсан байдаг.

Түүнийг “Исийгийн отряд” гэж нэрлэдэг байв. Уг отрядын явуулж буй үйл ажиллагааг ихэд нууцлахын тулд дараа нь “Камогийн отряд” буюу (Нүүдлийн, хөдөлгөөнт отряд) гэх болжээ. Энэ нэрийг сайтар ажиглан тодруулахыг хичээвээс отряд байгуулагдсан түүхийн тухай нууц түлхүүрийг агуулсан байх шиг. Эхлээд тэр отрядыг зүүн өмнөд Харбин дахь Бэйньхэд байршуулжээ. 1938 он гэхэд Камогийн отряд хүрээгээ тэлэн, нууц салбарууд нь (зургаан сарын 13-нд) тухайн үеийн Биньжян аймгийн Пинфань тосгоны ойролцоо байрших болж, улмаар цаашлан, Харбин хотын өмнө этгээдэд 20 км хүртэл газрыг Квантуны армийн онцгой бүс хэмээн зарлав. Манжуурын 731 дүгээр отряд байрлаж байсан газар нь яг хаана вэ гэдэг тухайд одоо их олон янзын хувилбар яригддаг. Ямар ч асан Пинфаний районд үйл ажиллагаагаа явуулж байсан нь магад хийгээд, ер нь бол Саньтунь, Сытунь, Утунь гэх гурван тосгоны төв дунд бололтой.
Энэхүү цэргийн онцгой бүс нь хааш, хаашаа 6 км орчим хэмжээ бүхий шоо дөрвөлжин талбайд баригдсан цэрэг зэвсэгийн байгууламжуудтай, цэргийн нисэх буудал, 3.0 мянган хүн нэгэн зэрэг байрлах байр сууц, цахилгаан станц, төмөр замын өртөө, сургалтын төв, 80-100 хүн хорих зориулалт бүхий шорон, олон тооны том жижиг лабораторууд, морин сургуулийн манеж, маш том лекцийн танхим, бүүр шашны сүм хүртэл баригдсан нүсэр байгууламжтай байсан агаад энэ бүхнийг жил гаруй барьж дуусгасан аж. Тэр бүх байгууламжийн гадуурх өндөр хашааг төмөр утсаар хүрээлж, өндөр хүчдэлийн тог гүйлгэсэн байдаг байв. Камогийн отряд энэ газарт 1939 он хүртэл оршин тогтносон. Тэнд явагдах үйл ажиллагааг урьдчилсан нууц тушаалаар гүйцэтгэдэг байсан тул, хэзээ, юу хийгдэхийг нь мэдэх ер боломжгүй байв. Ихэнхдээ Камогийн отряд гэх авч бас заримдаа Тогогийн отряд ч гэж нэрэлдэг байв. (Энэ нь Японы усан цэргийн адмирал Того Хэйхаторогийн нэрээр нэрлэсэн хэрэг байв) Шифирлэгдсэн буюу кодлогдсон дугаараар нь бол “731 дүгээр отряд” гэх. Тэрбээр Халхын голын хэрэг явдал дууссанаас хойш 2 жил өнгөртөл буюу 1941 оны 8 сар хүртэл оршин тогтносон байдаг.

Хил орчимд өөрийн 75.0 мянган цэргийг татан төвлөрүүлсэн Японы арми 1939 оны 5 сарын 11-нд БНМАУ-ын нутаг дэвсгэр рүү Халхын гол орчмоор халдан довтолсон. Зөвлөлт Монголын цэргийн хамтарсан хүчин тухайн оныхоо 8 сарын 31 гэхэд японы армийг бүр мөсөн бут цохисон билээ. Японы армийн түрэмгийлэн эзлэх төлөвлөгөөний нэг хэсэг нь Харбинаас өмнөш 20 км-т байрлаж байсан нууц туршилт судалгаа болж байв. Тэнд чухам ямар судалгаа хийдэг байсан юм бол?
Тухайн үедээ энэ нь маш өндөр нууцлалтай, нэвтрэх мэдээлэл олж авах бүх бололцоог хаасан байжээ. 731 дүгээр отряд нь өөртөө сөнөөгч онгоцуудтай байснааас гадна өөр төрлийн нисэгч аппаратуудыг бас туршидаг байсан байна. Бүүр нисгэх зөвшөөрөлгүй нисэх төхөөрөмжүүдийг ч өөрийн харъянд байлгаж, туршидаг байсан аж. 1949 оны 12 сард Хабаровскд болсон шүүх ажиллагааны зах зухаас сөхөж үзвэл тухайн үеийн япон цэргийн албан хаагчид Хятад, Монгол, Солонгос, Вьетнам, Камбож, Лаос, Филиппин улсуудын эсрэг бактерологийн дайн явуулахаар бэлтгэж байсан хэргээр яллагдсан байдаг.

Тэдний ашиглаж байсан нэг зүйлийн тухай үгүүлбээс дээр бичигдсэн номонд Квантуны армийн усан хангамж түгээлтийн болон урьдчилан сэргийлэх албаны үндсэн баазын захиргаа гэгчийн хураангуй схемийг үзүүлсэн нь бий. Номын нэгдүгээр дэвтэрт зохиогч “хураангуй схем” гэдгээр шалтаглан, уг схемийн зөвхөн нэг хэсгийг оруулсан байдаг бол удаах дэвтэрт нь түүнийг залгамжлан бичсэн хүмүүс схемийг бүрэн эхээр нь тодорхой баримтаар оруулсан. Номын анхны автор нь тухайн үед отрядад үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчидтай уулзаж, “Үхлийн чингэлэг” (Контейнеры смерти) гэгчийн бүрэн схемийг аваад хадгалж байсан болох нь түүнээс илэрдэг. Энэ схемээс отрядын бүтцийг мэдэж болохоос гадна, тэдний байршил, салбар хэсгүүдийн нэр, зохион байгуулалт, гүйцэтгэж байсан ажлын агуулгыг ойлгож болохоор аж. Тэрбээр эхний хэвлэлдээ энэ схемийн тухай зүйлийг “Зэтгэрийн туршилтын арга” нэртэйгээр нийтлэсэн байдаг юм.

Түүний дараагаар “Олзлогдогсодыг байцаан, өчиг авах үндсэн дүрэм” нэртэй Квантуны армийн залхаан тамлах арга ажиллагааны тухай ярьсан байдаг. Тамлал, залхаалтын айдас цөхрөлөөс өөрөөр зайлсхийх, түүнийг даван гарах бүх боломжийг нь мухарласан тийм аргыг тэд хэрэглэхийг дэмжин сайшаадаг байжээ. Хамгийн ашигтай хувилбар нь ийнхүү эрүүдэн тамлах явдал гэсэн ганцхан үзэлд захирагдсан тэд байцаагдагчдын эсэргүүцэн тэсвэрлэх бүх чадварыг аль байдгаар нь сулруулан алга болгохын тулд харьцангуй хөнгөн арга хэрэглэх бүхий л боломжийг мухарлан хаадаг байжээ. Энэ бол үнэхээр аюултай хэрэг. Яагаад гэвэл тэвчихийн аргагүй тамлал тарчлаанаас зайлсхийхийн тулд өөрийн эрхгүй тулгасаныг нь албаар хүлээн зөвшөөрөхөд хүрэх нь байдаг. Мах бодид хэдий чинээ хүчтэй зовиур тамлалыг тулгах тусам төдий чинээ хүчтэй эсэргүүцэл тэвчээрийг шаардах агаад ийм үйлдлийн дараа дахин байцаалт явуулахад хариуд нь эрүүл ухаанаар харьцана гэхээс илүү харилцан маш хүчтэй хорсол, үзэн ядалтыг бий болгож, тэр байдал улам даамжирах нь энүүхэнд. Оросуудын хувьд Япончуудыг үзэн, ядах үзэл санаа хүчтэй байсны улмаас Орос хүмүүст илүү их хүч анхаарал хандуулах зарчим баримталдаг байсан нь ч мэдэгддэг. Тэрбээр байцаагдагчийн бие махбодийг тэсэхийн аргагүй болтол тарчлаан зовооход, түүнээс хэлтрэхийн эрхэнд ямар ч зүйлийг худлаа ярьж, хүлээхээс аргагүй болдог ба харин японы армийнхан үүнийгээ байцаагдагчын нууж байсан мэдээллийг хэлүүлж байна гэж итгэдэг байсан бололтой.
Байцаалтаар заавал олж мэдэх үүргээ хялбараар хэрэгжүүлэхийн тулд ямар нэг шарх сорвины ул мөр үлдээхгүйгээр, тэгэхдээ өрөвдөх сэтгэлгүйгээр тарчлаан зовоох аргыг хэрэглэдэг байж. Гагцхүү энэ тохиолдолд тэдэнд өөрийн амь амьдралыг хамгаалж үлдэх нь чухал хийгээд, байцаалтыг хорлонтой муу аргаар явуулсан гэж тооцогдохгүйгээр гүйцэлдүүлэх шаардлагатай байсан бололтой. Дээр хэлсэнчилэн хурдхан хугацаанд даалгавраа биелүүлэхийн төлөөнөө, өөрт хялбар өрөөлд (олзлогдогсодод) халгаатай тийм аргыг сонгоод, түүнийхээ ул мөрийг нууж, мэдэгдүүлэгүй байх нь тэдний хамгийн тэргүүн зорилт нь байж. “Одоо чи үхэх л болно” гэсэн зарчмаар хандсан үед түүнд анхаарах ер хэрэггүй болно. Өөрөөр хэлбэл хэрэгтэй бол юуг ч хийж болно гэсэн заавраар явдаг байсан хэрэг.

Эрүү шүүлтэндээ ашигладаг (хэрэглэдэг) байсан зарим аргыг дурьдвал:

Нэг зүгт харуулан, өчүүхэн ч хөдөлгөөнгүйгээр суулгаж залхаах, хөлийн хуруунуудыг нь харандаагаар чагтлаж, бас хуруунуудых нь унгаар олсоор холбоод эргүүлэх, хамар, ам руу нь зэрэг ус цутгах, нуруун дээр нь хөлөөрөө гишгээд суниалгах, хавирга болон хөлийн шагай руу нь өшиглөж дэвсэх, намхан ханзны доогуур, суулгахгүйгээр бөхийлгөн зогсоож залхаах зэрэг агаад хэрвээ эрүүдэн байцаалтын улмаас гэмтэж бэртэн, шархлаж, босож явж чадахгүй мөлхөж байлаа ч, ер хайхардаггүй байсан аж.

Энэ бүхэн бол Квантуны армийн эрүүдэн шүүх ажиллагаанд хэрэглэгддэг анхан шатны хамгийн энгийн залхаалтууд байв. Хэрэв хүндээр бэртэж гэмтэх юм бол шийдвэрлэх арга хэмжээ гэгчийг авах бөгөөд нь энэ нь үхэл гэсэн үг. Тэрбээр ийм тохиолдолд мэдээж өнөөх 731 дүгээр отряд руу илгээнэ. Энэ бүхэн ямар нэг батлагдсан дүрэм зааврын дагуу явагддаг байсан ч, эрүү шүүлтийн үйл явцын талаар хэн ч мэдэх ёсгүй байв. Зөвхөн залхаагч, залхаагдагчын хооронд л мэдээлэл үлдэнэ гэсэн хэрэг. Бас нэг хамгийн чухал зүйл нь тарчлан зовж буй шүүгчдэгчийн орилоон хашгираан огт сонсогдохгүй байх ёстой. Тиймийн тулд эрүүдэн тулгалт явагдах байх үед тэдний амыг нь битүүлдэг байсан байгаа юм. Цаашилбал эрүүдэн шүүлт явагдаж байх үед шүүгдэгчийн нүүрний өнгө, хувирал, нүүрний янз байдал (хуурамч дүр эсгэж буй эсэх), нүдний харцны шилжилт, дууны өнгө өөрчлөгдөж буй байдал, уруулийн хөдөлгөөн, өөр бусад юу ч юм, дөнгөн данган, мэдэгдэх төдийхөн янз байдлыг огтхон ч хараанаасаа салгахгүй анхааралтай ажиглах ёстой. Өөрөөр хэлбэл өчиг мэдүүлгийг зөвхөн амнаас унагасан (хэлсэн) үгнээс нь авахаар зогсохгүй, санаа бодлынх нь илрэлээс тандах гэсэн зарчим бол басхүү үндсэн дүрмийнх нь нэг хэсэг. Баярлах, уурлах, гуниглах, сэтгэл ханах, хангалуун байдалтай байх, ичих, айх, зовинох, шаналах гэх мэт сэтгэл хөдлөлийн бүх илэрлүүдийг алдахгүй хянах ёстой гэдэг байжээ. Хатаж, харангадахын эрхэнд балга ус уухыг хүсэхэд нь өгөхгүй байх тэр агшинд өөрийн эрхгүй гоморхол төрөх зэргийг л ихэнхдээ энэхүү ажиглалтынхаа үр дүнд ашигладаг байсан гэдэг. Эрүү шүүлтийн үйлдлүүдэд шүүгдэгчийн хариу гаргаж буй ааш аягийн илрэлийн үр холбогдлыг нь таамаглах, гаргалгаа гаргахад зөвлөмж болгох зориулалт бүхий зааварчилга ашигладаг байсан хэмээн бичсэний үнэн худлыг эс мэдэх. Олзогдогч үнэн мэдүүлэг өглөө гэдгийг нь шинжин нотлох, түүнийг нарийвчлан задлаж тодруулах маш баялаг туршлага Квантуны армид байсан гэсэн нь ч бий.

Тэр үеийн Японы ням гараг тутмын “Акахата” сонинд (Японы коммунист намын төв хэвлэл) “Үхлийн чингэлэг” романы зохиолчын Манжуурын 731 дүгээр отрядад алба хааж байсан олон хүмүүстэй уулзсан тухай, японы арми бактериологийн дайнд бэлтгэж байсан тухай нийтлэгдсэн. Энэ отрядад бүх Японоос томилогдон очсон хамгийн чадалтай гэгдэх эрдэмтэд эмч нарыг цуглуулсан байсан ба гурван зуун мянган олзлогдогчыг бактерлогийн зэвсэг үйлдвэрлэх туршилтын золиос болгоход тэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Өнөө цагт тэр технологийг АНУ-ын армид өргөнөөр хэрэглэдэг ба химийн зэвсэглэл, бактериологийн зэвсэгийн үйлдвэрлэлийн үндсэн ажилдаа ашиглаж байна. Дашрамд хэлэхэд дайны дараа АНУ, Япон хоёр микробиолиогийн чиглэлд хамтрагч байсныг Азийн нэг орны цэргийн тагнуулчид илрүүлсэн. Тэд бүүр 1950 онд Солонгосын хойг дээр вирусын туршилт явуулах станц ажиллуулж байсан нь илэрхий болсон. Тэр үйл ажиллагааг эрхлэгсэд нь солонгос хүмүүс дээр бузар муухай туршилтаа явуулдаг байсныг хятадын цэргийн тагнуулчид мөн илрүүлсэн билээ. Дайны төгсгөл үеэр тэд 731 дүгээр отрядтай холбоотой баримт материалуудыг устгасан бололтой. Энэ нь түүхэнд цагаан толбо болон үлдсэн хэдий ч, нууцлаж дарсан зүйлс нь аажимдаа илэрч мэдэгдсээр байна. Тэд зөвхөн биологийн болон эмнэлгийн салбар дахь ололтыг хувирган өөрчилснөөр зогсохгүй олон улсын эрхийн үүднээс хориотой зүйл болох бактериологийн зэвсэгийн үйлдврлэлт, туршилтыг явуулсаар байгаа. Харин урьдын тэр отряд нь өөрийн түүх намтраасаа үүнтэй холбоотой баримтуудыг тас нуухыг хичээсэн байдаг. Тэдэнд хүмүүст мэдэгдүүлэхгүйгээр нууцлаж, дарагдуулах гэсэн олон зүйл бий. Тодруулбал өөрсдийн үйлдэж байсан харгислал, ажиллаж байсан хүмүүсийн тухай мэдээлэл, хориотой бактериологийн дайн, бактериологийн зэвсэглэл, хүний ёсноос гажсан туршилт гээд. Гэвч өдгөө даравч, далдайна, булавч бултайна гэгчээр нуусан хаасан нь аажим, аажимаар илэрч байна. Энэ бүхний дараа тэдний хувьд үргэлжлүүлэн амьдрана гэдэг үнэхээр хүнд зүйл болно. Мэдээж энэ бол хүн төрөлхтний эсрэг чимээгүй гэмт үйлдэл хийгээд зохиогчийн зүгээс мэдээллүүдийг олж илрүүлэхийн төлөө шаргуу зүтгэж, олон хэцүү бэрхийг ч туулжээ. Юуны өмнө “Үхлийн чингэлэг” романыг авч үзэх ёстой гэж бодно. Энэ номонд 731 дүгээр отряд гэгчийн тухай чухам үнэнийг гаргаж тавихын тулд аливаад баригдаж, хашигдалгүй, гоёж чимж, өнгө будгаар халхлалгүй, хоосон таамагт дулдуйдалгүй, бүгдийг өөрийн нүд чихээр болгоосны үндсэн дээр баримтанд тулгуурлан үгүүлсэн нь үнэ цэнэтэй. Тэрбээр уг романд цахилгаан гүйдэл бүхий өргөст төмөр торон доторхи харгислал, хүн бус яргалал, цэргийн олзлогдогсод, жирийн иргэд, хүмүүс японы харгис цэргийн гарт хэрхэн тарчилж байсан тухай, тэсрэх бөмбөг турших бүлэглэлийн (групп) тухай болоод нохой бөөсний тахал тараах, 20-иос 1000 хэмийн халуун чингэлэгт хүүхэд хөгшидийг хорин, амьдаар нь шатааж, халуунд амьтүйрүүлж хороож байсан баримт, Энэ бүх итгэмээргүй зүйлүүдийг шаналал халшралыг үл ажран судлаж, ажиглаж баримтжуулан сэтгүүлд нийтлүүлж, кино хальсанд буулгаж чаджээ.

731 дүгээр отрядын нууц лабораторид янз бүрийн хорнуудыг туршдаг байв. Түүнчлэн хүмүүст хортой мөөгийг албадан идүүлэх, мөн могойн хорын үйлчлэлийг хүмүүсийн организмд турших, халдвар авсан хархаар хазуулах зэргээр түүнийгээ гүйцэлдүүлдэг байсан байна. Хамгийн аймшигтай нь алуурчин эмч нарын үйлдэж байсан вирустсан хачигаар дамжуулан, халдвар тараах үйлдэл байв. Дэлхийн хоёрдугаар дайны дараа 731 дүгээр отрядыг устгагдсан ч, явуулж байсан хорлонт ажиллагаа нь нууц байдалд шилжин, алс дорнодын ой тайга руу шурган ороод, мөнөөх алуурч эмч нарын тусламжтайгаар орон нутгийн хүн амд халдварт эмгэг өвчин тарааж эхэлсэн байдаг.
Харин зөвлөлтийн эрдэмтэд хорын ерөндөгийг олж, тэрхүү өвчин тараагч хорхой шавьжийг нь устган, өвчнийг эсэргүүцэх вакциныг гаргаж авч чадсан. Ийнхүү үхэл, сэхэл хоёр тэмцэлдсэн он жилүүдэд мянга мянган хүн шавьжаар дамжуулан тараасан мэдрэлийн төв системийн эмгэг халдвараар өвдөж, амиа алдсан юм. “Алуурчин вирус” хэмээн нэрийдсэн тэрхүү өвчин тараагчийг судалсан судалгааны хавтаст материал мөнөөх 731 дүгээр тусгай отрядад байсан. 1949 онд болсон Хабаровскийн шүүх ажиллагаан дээр японы цэргийн эрдэмтэд бактерологийн зэвсэгийн хүчин чадлыг (хөнөөх чадвар) өсгөх, бузар үйл ажиллагаа хэрхэн цааш үргэлжлүүлэхээр ажиллаж байсан тухай өчиг мэдүүлгээ өгсөн байдаг. Тэр үед японы цэргийн эрдэмтэд алуурч вирусыг хүн дээр турших сорил, туршилтан дээрээ алдаа гаргасан бөгөөд, үүний улмаас янз бүрийн хорт вирус, хавдарын өвчлөл үүсгэгч бий болж тэдгээр нь цаашдынх нь харгис туршилтанд ашиглагдах болсон аж. Үйлдвэрлэлийн туршилтанд нь Орос, Украйн, Солонгос, Вьетнам, Хятадийн өсвөр насныхан өртөж байсан агаад үхлийн тарилгын эсрэг хэрхэн ямар хариу шинж тэмдэг (реакци) үзүүлж буйг нь кино хальс болон бусад баримтанд буулган авч байжээ. Бузар туршилтандаа зөвхөн хүмүүсийг золиослоод зогссонгүй, мал амьтныг ч ашиглаж байсан Тухайлбал японы туршуулууд Тувагийн нутаг дэвсгэрт нэвтэрч, мөнөөх вирусээрээ мал амьтныг халдварлуулан, хэрхэн өвчилж үхэхийг нь ажиглаж судалдаг байсан байна. 731 дүгээр отрядын гишүүн байгаад амьд үлдэгсэдийн зарим нь олон жилийн хойно жуулчидтай цуг Тувад очсон ба тэндхийн бэлчээр уснаас мөн мал амьтнаас сорил авч үзсэн байдаг. Тэгэхэд мал амьтны биеийн бүтцээс мөнөөх “алуурч эмч” нарын заавраар тараасан хорны ул мөр илэрч байсан тухай тэрхэн үедээ шуугиад, гэв гэнэт нам жим болсон байдаг.
Дэлхийн хоёрдугаар дайн дуусахад самурай нарын хойч үе өөрийн дээд үеийнхний зэвсэгийг өвлөн залгамжилахыг огтхон ч хүсэхгүй байгаагаа шаргуу илэрхийлж, харин ч бүүр Засгийн газраасаа татгалзаж байгаагаа мэдэгдэв. Тэгээд СССР Японы хооронд энхийн гэрээ байгуулагдсан. Энэхүү энхийн гэрээг байгуулахад СССР-ийн тал Японд өөрийн санаагаа хүчээр тулгасан уу гэвэл хэрхэвч тийм биш. Энхийн гэрээнд Японы хууль эрх зүйн зарчимыг сайтар харгалзан үзэж, Куриллын арлын эзэмшлийн асуудал ч мөн л энэхүү хууль гэрээний дагуу шийдэгдсэн.

Цаг хугацаа хэзээ ч элэгдэж алга болдоггүй. Ази , Номхон далайн талбар дээр ноёрхож асан Квантуны армийг тэрхүү талбар дээр нь, мөн жигшүүрт хорлон бусниулагч 731 дүгээр отрядыг Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд бүрэн бут цохисноос хойш нэгэнтээ 74 жил өнгөрч байгаа ч тэдгээртэй холбоотой нотолгоо баримтыг үгүйсгэх аргагүй. Өнөө үед Япон улс иргэншлийн дээд түвшинд очиж, дэлхийн зах зээл дээр цахим арга зүй (технологи), автомашины үйлдвэрлэл зэргээр ноёлох болсон. Гэвч үүний нөгөө талд өнгөрсний гутамшигт үзэл санааны сүүдэр хургаж буй гэдгийг нуун далдлах, түүнээс зугтаах аргагүй. Өнөө үеийн японы залуу үе өвөг үеийнхнийхээ гэмт санаархал, гэмт үйлдлийг нүднийхээ цөцгийнөөс гудиг ч үгүй арчиж орхино гэжүү? Тэд бусад улс үндэстэний жирийн (энгийн номхон) иргэдийг хэрхэн нядалгааны мал шиг хороож байсныг, “Номхон далай дээрх энэ агуу хаант улс” бусдын хот, балгадыг устган гишигчиж, Хятад, Монгол, Казак, Вьетнам, Солонгос, Орос, Тува, бас өөр бусад улс үндэстний төлөөллийг ямар ч өрөвдөх сэтгэлгүй, хүн ёсны ухаан бодолгүйгээр устган эзэрхийлэхээр улангасч байсныг зүгээр л мартчихаж огт боломгүй. Хэрэв тэгэх юм бол энэ маш хүнд эмгэг болж хувирна.

Монголын цэргийн түүхч Ганболд 2014 онд Халхын голын ялалтын 75 жилийн ойд зориулсан эрдэм шинижлгээний бага хурал дээр илтгэхдээ: Японы цэргийн 731 дүгээр тусгай отряд гэгчийн явуулж байсан үйл ажиллгааг хэрхэвч зөвтгөх зүйл байж болохгүй. Дэлхийн хү төрөлхтнийг сөнөөн устгах зорилготой дайны эсрэг хийсэн тэмцлийн ялалтыг ерөөс үнэлж барамгүй юм. 731 дүгээр отрядын хийсэн хэрэг бол аймшигт хомроглон устгалт /геноцид/ байсан юм. 1939, 1945 байлдаанд Зөвлөлт Монголын цэрэг болон командлагчидын гаргасан эрэлхэг зориг, байгуулсан гавъяаг нотлох асар баялаг баримт, материалууд Монголын судлаачидад бий. Японы цэргийн эрхтэнүүдийн олон жилийн нууц судалгаа, тамлан туршилтын тухай баримтыг өдгөө мушгин гуйвуулж, Зөвлөлтийн цэрэг хими бактериологийн зэвсэг туршиж байсан мэтээр гүтгэх аяс цухалзаж буй нь хөл, толгой хоёр солигдсонтой адилтгаж болох зүйл. Энэ бол түүхийн гуйвуулга. Тиймээс үүнийг хамтаараа эсэргүүцэн тэмцэж, түүхийн үнэн мөнийг хамгаалах хэрэгтэй хэмээсэн байдаг.

Бэлтгэсэн Дмитрий РУСЛАНОВ
Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.