“Эрдэнэт”-ийн хойморт улаан туг шүншиглэн залж эхэллээ

2017-04-5 Нийтлэл

“Эрдэнэт” үйлдвэрт “их цэвэрлэгээ” хийгдэж эхэллээ. Тус үйлдвэрийн 49 хувь талаас томилсон бүх дарга, захирлуудыг сольж, МАН-ын “угшил”-тай хүмүүсийг томилж буй талаарх шивэр авир яриа чих дэлсэх болов. Өөрөөр хэлбэл, эрх баригчид ууган үйлдвэрийн хойморт улаан тугаа албан ёсоор “шүншиглэн” залсан юм байх.

Зүй нь өнгөрсөн баасан /2017.03.31/ гаригт Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хорооноос тус үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-өөс “Монголын зэс” компанийн төлөөлөл болох Б.Мөнхбаатар, Да.Ганболд, Б.Орхон нарыг чөлөөлж, тэдний орны хүнийг томилсон. Гэхдээ үйлдвэрийн төрийн төлөөллөөс бүрдсэн ТУЗ өчигдөр /2017.04.04/ анхны хуралдаанаа Орхон аймагт очиж хийлээ. Уг нь ТУЗ-ын хурал дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатарт хуралдах товтой байсан ч тодорхой шалтгааны улмаас гэнэт орон нутагт хуралдах шийдвэр гаргажээ. Ийнхүү  Эрдэнэт хот дахь ГОК-ийн байранд төрийн төлөөлөл бүхий ТУЗ-ийн анхдугаар хуралдаан үргэлжилж, гурван асуудлыг хэлэлцэж баталсан байна. Гэхдээ тус хуралдаан тун хаалттай болсон. Хуралдааныг сурвалжлахаар очсон төвийн хэвлэлийнхнийг оруулаагүй төдийгүй, цагдаагийн хамгаалалтыг нэмэгдүүлж, олон цагийн турш цоожтой хаалганы цаана хуралдаан үргэлжилжээ.

Ямартай ч “Эрдэнэт” үйлдвэрийн нэгдүгээр орлогчоор Б.Шинэбаатарыг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Б.Шинэбаатар нь “Монголын зэс” компанийн төлөөлөл бөгөөд Засгийн газар “Монголын зэс” компанийн 49 хувийг шилжүүлэх асуудал дуусаагүй байгаа учраас түүнийг ийн түр орлон гүйцэтгэгчээр үлдээсэн бололтой. Цаашлаад, бүтцийн өөрчлөлтөөр үйлдвэрийн зарим албан тушаалтан  өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй гэдгийг ТУЗ-ийн гишүүд хэлж байна.

Одоогийн байдлаар нийгмийн эгдүүцлийг хамгийн их хүргэж буй тус үйлдвэртэй холбоотой асуудал бол удирдах албан тушаалтнуудын цалин маш өндөр хэмжээнд яригдах болсон тухай юм.

Тиймээс (Хуучин бүрэлдэхүүний авч байсан цалинг дор тодруулан хүргэж байна)

Харин одоогийн яригдаж буйгаар тус үйлдвэрийн ТУЗ-ийн шинэ бүрэлдэхүүн буюу Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн цалинг 25 сая төгрөгөөр тогтоож, нэмэлт урамшууллыг тухай бүрд нь тооцож байхаар ярилцаж эхэлсэн гэх. Тэгэхээр өмнөх даргын цалинг хоёр ч нугалж таарах нь ээ. Тэр ч бүү хэл Х.Бадамсүрэн захирал ажлаа авангуутаа 01 тоот тушаалаараа өөрийн хэрэгцээнд зориулж 300 сая төгрөгөөр автомашин худалдан авахыг үүрэгдсэн нь баримтаар нотлогдсон байна.

Мөн өчигдрийн хуралдаанаар ТУЗ-ийн гишүүдийн нэг сарын цалинг 4000 ам.доллар байхаар ярилцсан сурагтай. Юутай ч ТУЗ-ийн даргаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн ажиллаж буй.

Харин ТУЗ-ийн гишүүдээр Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын зөвлөх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Б.Доржсэмбэд, Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын дарга Д.Даваадорж нар томилогдоод байгаа билээ.

Мөн хуралдаанаас “Эрдэнэт” үйлдвэрийн дэд захирлуудын албан тушаалыг үйлдвэрийн захирлын орлогч болгож, зарим хүмүүсийг чөлөөлж, томилсон байна. Ингэхдээ “Эрдэнэт” үйлдвэр өмнө нь гурван дэд захиралтай байсныг өөрчлөн, дөрвөн орлогчтой болгожээ. Тодруулбал, үйлдвэрийн Ерөнхий захирлын үйлдвэрийн асуудал эрхэлсэн орлогчоор Д.Эрдэнэцогт. Хөгжил, эх барилгын асуудал хариуцсан орлогчоор П.Батболор. Эдийн засаг, санхүүгийн асуудал хариуцсан орлогчоор Д.Дэлгэрбаяр. Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирлаар Ц.Батсайхан нарыг тус бүр нэр дэвшүүлжээ.

(Харин тэдний цалин одоогийн байдлаар доорх хэмжээнд яригдаж буйг олон нийт дургүйцэж байна.)

Ийнхүү Х.Бадамсүрэн захирлыг тойрсон таван орлогч, долоон зөвлөх байх нь. Өөрөөр хэлбэл, түүхэндээ “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын бүтэц ингэж данхайж байсан удаагүй. Харин долоон зөвлөхийн цалин хангамж дэд захирлуудын зиндаанд яригджээ. Түүнчлэн ТУЗ-ийн хурлаас гаргасан хамгийн ноцтой шийдвэр нь Хуулийн хэлтэст харъяалагддаг байсан Худалдан авах газрыг гүйцэтгэх захирлын шууд удирдлаган дор ажиллуулахаар болгож өөрчилсөн явдал юм гэдгийг учир мэдэх нэгэн нь халаглаж сууна.

О.МӨРӨН

 

 

 

 

 

 

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.