УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар төлөвлөж, АН-ын бүлэг чуулганы танхимд лоозон хатгасан байдалтай байна

1 цагийн өмнө slider


Хаврын чуулганы нэгдсэн хуралдаан нээлтээ хийсэн цагаасаа хойш ийнхүү хоёр дахь долоо хоног хүртлээ гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хойшилсоор байна.

УИХ дахь МАН-ын бүлэг 68 гишүүнтэй бол Ардчилсан намын бүлэг 42 гишүүнтэй.

Одоогийн байдлаар Ардчилсан намын бүлгийн тухайд, өнгөрсөн долоо хоногоос эхлүүлсэн акциа үргэлжлүүлэн УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөгдтөл чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдэг шаардлага тавин, чуулганы танхимд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн лоозонг байршуулаад байна.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл “УИХ-ын чуулган хоёр дахь долоо хоногтоо хуралдсангүй. МАН-д манай намгүйгээр ирцээ бүрдүүлээд хуралдах бүрэн дүүрэн боломж байгаа. Хурлыг явуулахгүй байгаа нь бид биш, тэд.

Улс орноо засаглаж чадахгүй бол ард түмэндээ үнэнээ хэлэх хэрэгтэй. Бид чадахгүй юм байна гэдгээ хэл” хэмээн мэдэгдээд байна. Мөн авлига, хулгайн хэрэгт нэр холбогдсон Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар шалгуулах ёстой гэх шаардлага тавьжээ.

Харин МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал “Өнөөдөр 14.00 цагаас МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж үүсээд буй асуудал дээр улс төрийн шийдвэр гаргана. МАН-ын бүлгийн хувьд, өнөөдөр ээлжит бусаар хуралдаж улс төрийн шийдвэр гаргахаар боллоо” хэмээн мэдэгдсэн.

Ямартай ч УИХ 126 гишүүнтэй бөгөөд 68-аас дээш гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байж ирц 50 хувийн босго давах ёстой юм. Гэвч хаврын чуулганыг гуравдугаар сарын 16-нд нээснээс хойш чуулганы нэгдсэн хуралдааныг дахин хуралдуулж чадахгүй өнөөдөр хоёр дахь долоо хоногтойгоо золгосон нь энэ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сайд нарыг томилох, чөлөөлөх асуудлыг танилцуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудалтай холбоотой төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа юм.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.