Цаашид “ДЦС‑4”-т гэмтэл гарахгүй гэх баталгаа байхгүй, хот эхнээсээ хөлдөж байна

5 цагийн өмнө slider

Нийслэлийн хэмжээнд хийгдэж буй цахилгааны хязгаарлалтаас үүдэн иргэдийн дулаан хангамжинд асуудал үүсэж эхэллээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 10 гаруй байршилд дулааны шугам сүлжээнд гэмтэл гарч, иргэд хөхөө өвлийн хүйтнээр халаалтгүй, хэрэглээний халуун усгүй зутруухан сууна. Энэхүү гэмтэл нь тогны хэлбэлзлээс үүдэн муудсан шугам сүлжээг гэмтээж байгааг албаныхан тодруулж байна.

Учир нь ОСНААГ-ын харьяа дахь 1600 км шугамын 60 гаруй хувь нь ашиглалтын хугацаа дууссан байдаг аж. Одоогоор холбогдох албаныхан гэмтлийг засаж эхэлсэн ч техникийн хүрэлцээгүйгээс ажил удааширалтай байгаа аж. Гэмтэлтэй холбоотойгоор энэ чиглэлийн дуудлага сүүлийн таван өдөрт 2-3 дахин нэмэгдэж, ачаалалтай байгааг албаныхан тодруулж байна.

Өнөөдрийн байдлаар манай улсын цахилгаан, дулааны системийн хамгийн чухал холбоосуудын нэг болох Дулааны цахилгаан станц-4 ачааллаа дийлэхээ больж, тоног төхөөрөмжүүд нь “хөгширчээ”. Тус станц нь нийслэл болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэгцээний ихэнхийг хангадаг. 1983 оноос ажиллаж буй уг станц нь хотын цахилгаан болон дулааны аюулгүй байдлын гол тулгуур юм. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд ДЦС‑4 нь хэд хэдэн техникийн, санхүүгийн эрсдэлтэй тулгарч байна. Энэ сард гэхэд л наймдугаар зуухны тоноглол гэмтсэн нь цахилгаан болон дулааны ачаалал өндөр үед тог тасрах эрсдлийг нэмэгдүүлжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тоноглол хуучирсан, засварын бэлтгэл хангалтгүй байдал нь ийм нөхцлийг бүрдүүлсэн байна. Санхүүгийн хувьд ДЦС‑4 нь төрийн өмчит компани ч 78 тэрбум төгрөгийн өр үүсгэж, улсын төсвөөс дэмжлэг авах шаардлагатай болсон. Энэ нь цахилгаан, дулааны тарифт нөлөөлөхөөс гадна, станцын үйл ажиллагааны тогтвортой байдалд эрсдэл үүсгэж байна. Мөн технологийн насжилт, тоноглол хуучирсан зэрэг хүчин зүйлс нь өвлийн оргил ачааллын үед томоохон гэмтэл гаргах эрсдэл бий болгож, хотын цахилгаан, дулааны хэрэглэгчдэд шууд нөлөөлж буй юм. Тиймээс мэргэжилтнүүд турбогенераторын шинэчлэл, засвар, санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулах, шинэ станц барих зэрэг арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатайг анхааруулж байна.
Цухас дурьдахад, тус ТӨХК-ийн хэд хэдэн инженер авлига авсан нь тогтоогдож, эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж байгаа. Тус байгууллагын дарга Ү.Төмөрхуягийг ч хуулийн байгууллагаар шалгуулах ёстойг энд сануулая. Мөн өнгөрсөн хугацаанд цахилгааны үнэ нэмж төрд төвлөрсөн 550 тэрбумаар тус станцад засвар үйлчилгээ болон хэрэгцээт тоног төхөөрөмжийг нь бага ч болов шинэчлэх арга зам байсан нь удирдлагууд нэртэй авлигчдын гараар ороод дашин шог болсон нь эхнээсээ ийнхүү ил болж байна.
Эцэст нь хэлэхэд, эрчим хүчний хязгаарлалтыг 1:30 цагийн зайтай хийж байгаа гэдэг мэдээллийг албаныхан өгч байгаа ч түүнээс удаан хугацаанд үргэлжилж байна. Гэмтлийн улмаас төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нэгдүгээр сарын 20-ноос цахилгааны хязгаарлалт хийж эхэлсэн бөгөөд хэзээ дуусч хэвийн болох нь одоогоор тодорхойгүй хэвээр байгаа юм.

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.