Ухаалаг утастай ухаангүй хүмүүс олширч байна

2018-10-11 Мэдээ, мэдээлэл

Хөндөх сэдэв

Гар утас гэдэг хүүхдийн тоглоом биш. Ажил, амьдралын алтан цагийг хэмнэгч чухал хэрэгсэл. Хэрэглээндээ хязгаар, заагтай байя. Ухаалаг утастай, ухаангүй “3онби” болохгүй амьдрах юмсан.

Монголчууд 1990-ээд оны дунд үеэс үүрэн телефон буюу гар утсыг хэрэглэх болсон. Гэтэл өнөөдөр гар утасны хэрэглээгээр бусад хөгжиж байгаа болон үсрэнгүй хөгжилтэй улс орнуудтай эн зэрэгцэхүйц хэмжээнд аль хэдийнэ хүрчихжээ. Бид дэлхийн ертөнцийн техник, технологийн хөгжлөөс хоцрохгүй хөл нийлүүлэн алхаж байна. Анх гар утас Монголд дэлгэрч байх үед утас барьсан хүмүүс ганган чамин, содон харагддаг байлаа. Тэр үед ярьдаг, ярьдаггүй нь хамаагүй гартаа л утас барьж гайхуулж явах гангачууд олон байв. Хүн бүхэн шахам гар утасны хэрэглэгч болоод эхэлсэн. Яг тэр үед нөгөөх дэгжирч, гангарах дуртай мөнгөтэй хүмүүс маань өнгөт дэлгэцтэй утсаар эрс ялгардаг болов. Хар дэлгэцтэй утас барьсан нэгнийгээ хачин ихээр гадуурхаж шоолно. Хөөрхий зайлуул нөгөө хар дэлгэцтэй утастай хүмүүс хөлс, хүчээ шавхан хөдөлмөрлөж олсон хэдэн төгрөгөө хурааж, арай гэж өнгөт дэлгэцтэй утастай болж эхэллээ.

Өндөр хэрэглээ, үнэт зүйлс,  эд хөрөнгөөрөө гайхуулах дуртайчууд нийгмийн дээд давхаргын чинээлэг хүмүүс байдаг билээ. Тэдний хэрэгцээн дээр тоглолт хийж, хэтэвчээ дүүргэж, ашиг орлогоо өсгөдөг овсгоотой гар утас үйлдвэрлэгч  компаниуд “ухаалаг” хэмээх тодотголтой утсыг үйлдвэрлэж эхэллээ. Шинэ загвар, орчин  үеийн технологи бүхий мэдрэгчтэй дэлгэцтэй, нимгэн гар утсыг зах зээлд гаргав. Харин өнгөт, хар дэлгэцтэй хуучин загварын утаснууд зах зээлийн ноён оргилоосоо огцом шахагдан уруудсан.

“Болоогүй байгаа ирээдүйн аюул, хөнөөлөөс одоо айгаад яахав дээ” гэж тохуурхагсад зөндөө.

Шинэ техник, технологийн гайхамшиг болсон ухаалаг утас маш богино хугацаанд гар утасны зах зээлд ноёлж, дэлхий нийтийг байлдан дагуулах боллоо. Монголчууд түүнээс дутаж, хоцрох юм алга. Бараг л хэрэглээгээрээ тэргүүлж явна. Монголын гар утасны дөрвөн оператор компанийн хэрэглэгчдийг нийлүүлж үзвэл Монгол Улсын хүн амаас ч хол давсан хэрэглэгч болно. Энэ нь ч аргагүй  байх л даа.  Нэг хүн  2-3 утастай болчихсон байна. Ухаалаг гар утас хэрэглэж буй хүүхэд, залуусын тоо өдрөөс өдөрт улам бүр нэмэгдэж хүрээгээ тэлж, хөгжил дэвшлийн эерэг болон сөрөг талыг бидэнд мэдрүүлсээр байгаа билээ. Эрин үе, цаг хугацааны хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн алхахаас өөр зам одоогоор алга.  Гудамж, талбай, олон нийтийн газар, баар, ресторан, такси, автобус, ажил, сургууль хаа сайгүй ухаалаг утснаас “аргамжаатай” юм шиг уяатай хүмүүс олширсоор. Өглөө сэрээд утастайгаа, үдэш орондоо орохдоо мөн л утаснаасаа салж хагацахгүйгээр, имэрч, тэвэрч хамтдаа унтана. Ухаалаг утастайгаа “хаа ч гэсэн цуг гэж мэдээрэй” гэгч л болж байна.

Ухаалаг утаснаас уяатай хүмүүс фейсбүүкээр хэсэж, твитерээр жиргэж, блог, сайт, сонин, сэтгүүлийг ч тоохоо байлаа. Бүхий л насныхан  хар тамхинаас дутахгүйгээр ухаалаг утасанд толгойгоо мэдүүлэн донтож, таних, танихгүй олон хүний фейсбүүкээр хэсэн тэнүүчилж байна. Тэд амьдралын алдаж болохгүй “алтан хором” цаг хугацааг  хий дэмий урсгаж сууна. Оюутан, сурагчид хичээлээ хийхгүй ухаалаг утастайгаа зууралдана. Төрийн байгууллагын ажилчид хүртэл тэр чигээрээ ухаалаг утаснаасаа дүүжлээстэй. Ажил, амьдралын цаг мөч бүрийг бид ухаалаг утсаар сольж байна. Хүмүүсийн хоорондын халуун дотно харилцаа битгий хэл. Гэр бүлийн хамтын амьдралын утга учир алдагдаж байна. Өрөө, өрөөндөө ороод л ухаалаг утаснаас уяатай, түжигдмэл, хаалттай, хүйтэн хөндий хүмүүс болно.

Технологийн дэвшил хөгжлийг ажил, амьдралдаа бид ашиглах нь зүйн хэрэг. Гэхдээ хөгжил, дэвшил гэж туйлшираад эрүүл мэнд, эд хөрөнгө, энэ амьдралаараа хохирч болохгүй. Ухаалаг утасны бичил, соронзон долгионы хор аюул нүдэнд харагдаж, гарт баригдахгүй болохоор бид төдийлөн тоодоггүй. Таны үр удамд тэр хор хөнөөл нь тусна гэдгийг ойлгож ухаарахыг огтхонч хүсдэггүй.

Ухаалаг утастай ухаангүй хүмүүс амьд харьцааг “авсанд” хийж байна.  Дотно найз нөхдөөсөө авдаг байсан зөвлөгөөгөө хэн нь үл мэдэгдэх танихгүй хүнээс авна. Залуусын ярьдгаар “фейсбүүк”-ээр дүүрэн царайлаг хүмүүс, “твитер”—ээр нэг цэцэн ухаантнууд гэдэг яг л үнэн бололтой. Холыг ойртуулж, хоёр хүнийг холбож байгаа гэдэгт л утасны ач холбогдол, үнэ цэнэ оршино. Ухаалаг утсаар хүссэн мэдээллээ дуртай үедээ түргэн  шуурхай авч чадаж байгаа нь сайн хэрэг. Харин тэр их хэрэгтэй, хэрэггүй ямарч хяналтгүй мэдээллийн урсгалд хүүхэд, залуус маань живээд эхэлчих вий дээ. Хар тамхи, хүний наймаа, хүчирхийлэл, садар, самуун гээд сөрөг мэдээ, мэдээллийг ямарч шүүлтүүргүйгээр хогийн сав шиг толгой руугаа чихээд байх уу.

Технологийн дэвшил хөгжлийг ажил, амьдралдаа бид ашиглах нь зүйн хэрэг. Гэхдээ хөгжил, дэвшил гэж туйлшираад эрүүл мэнд, эд хөрөнгө, энэ амьдралаараа хохирч болохгүй. Ухаалаг утасны бичил, соронзон долгионы хор аюул нүдэнд харагдаж, гарт баригдахгүй болохоор бид төдийлөн тоодоггүй. Таны үр удамд тэр хор хөнөөл нь тусна гэдгийг ойлгож ухаарахыг огтхонч хүсдэггүй. “Болоогүй байгаа ирээдүйн аюул, хөнөөлөөс одоо айгаад яахав дээ” гэж тохуурхагсад зөндөө. Ухаалаг утсыг мэдээж хэрэглээнээс гаргаж чадахгүй. Харин улам боловсронгүй. Хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөлөлгүй болгон хөгжүүлэх гэж олон эрдэмтэд ухаанаа уралдуулж байгаа. Нэгэнт бидний өдөр тутмын амьдрал хэрэглэгдэж, ажил, амьдралыг холбогч чухал техник хэрэгсэл гэдэг талаас нь ухаалаг утсыг хэмжээ хязгаартай хэрэглэх соёлд суралцах ёстой. Гар утас гэдэг хүүхдийн тоглоом биш. Ажил, амьдралын алтан цагийг хэмнэгч чухал хэрэгсэл. Хэрэглээндээ хязгаар, заагтай байя. Ухаалаг утастай, ухаангүй “3онби” болохгүй амьдрах юмсан.

Н.Отгонбаатар

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.