МОНГОЛЫН ТӨР МАРТАЖ БОЛОХГҮЙ ТҮҮХТ ӨДӨР

2020-10-21 Соёл урлаг


Сая дөнгөж үзсэн зүйл маань урд өмнө тохиолдож байсан мэт танил мэдрэмжийг төрүүлэх тохиолдол бий. Déjà-vu гэж үгчилбэл [deʒaˈvy] (frz. déjà vu = өмнө нь үзсэн) гэсэн франц үг, утгачилбал яг одоо болж байгаа нөхцөл байдлыг урьд өмнө хаана нэгтээ харж үзсэн мэт танил мэдрэмжийг хэлнэ. Саяхны үзсэн нэг нэвтрүүлгийн ярилцлага энэ мэдрэмжийг төрүүлэв. Миний Déjà vu юу байв?

Хэвлэл мэдээлэл, сошиал сувгаар явж байгаа ярилцлага, постуудаас харж болох нэг нийтлэг төрх анзаарагддагийг дор ерөнхийд нь дурдвал:

• “Урд нь нурсан ажлыг би босгож ирсэн”

• “Намайг явснаас хойш хөгжөөгүй тэгээд зогссон”

• “Төр засгийн тогтвортой бодлого дутаж байна”

• “Уг нь дэмжээд өгвөл болох гээд байна.”

• “Улс төр ажилд саад болж байна”

• “Тэрний хийж чадах юм гэж юу байх вэ, тэр гэж хэн байсан юм?!“

• „Зорилготойгоор намайг гүтгэж байна, шахаж байна… „гэх мэт бусдад буруугаа тохох гэж оролдсон, өөрийгөө дөвийлгөсөн, бусдын зүтгэлийг үгүйсгэсэн сөрөг хандлагууд. Ярилцлага өгч байгаа хүний ярианы агуулга биш харин энэ хандлага надад déjà-vu төрүүлэв.

Бүгдээрээ дорвитой ажлууд хийгээд байгаа хэр нь “Бид хөгжихгүй байна!” гэх юм. Яагаад тэр вэ? Бид яагаад бие биеэ дэмжиж чаддаггүй юм бол? Бидэнд яг юу садаа болоод байна вэ?

Сошиалаар бие биеэ үгүйсгэсэн, муулсан доромжилсон постуудыг далай гэж бодвол бид аль хэдийн живчхэж гэлтэй. Ойрын нэг жишээ авъя. Соёлын яам болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Соёлын цаг” аяныг иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор зохион байгуулсан. Уг аяны хүрээнд гадаа талбайд урлагийн тоглолтууд хийв. Энэ бол олон улсад байдаг концепт. Дэлхийн томоохон хотуудад ялангуяа дулааны улиралд үнэгүй тоглолтууд бас бус арга хэмжээнүүд гадаа (open air) зохион байгуулагддаг бөгөөд арга хэмжээнийхээ талаарх дэлгэрэнгүй хөтөлбөрөө хэвлээд тараадаг. Ийм хөтөлбөрүүдийг Берлин, Лондон, Парис, Нью Йорк гэх мэт хотуудад үзэж байсны хувьд би танина. Хөтөлбөрүүдийг нь харж байгаад хаана ямар “ОД” нь тоглохыг нь мөшгөн үздэг байж билээ. Тийм ч учраас миний хувьд “Ашгүй дээ, манайд ч бас хийгдэх нь, захын гэр хорооллуудад илүү их хүрээсэй” гэсэн бодолтойгоор мэдээг нь уншиж байв.

Гэтэл нийтийн сүлжээгээр энэхүү аяныг зориудын ч гэлтэй „харлуулж гүйцэх“ юмаа. Энэ бол огт байдаггүй юмыг шинээр гаргаад ирсэн юм биш, олон орнууд хэрэгжүүлдэг концепт. Нэртэй том оркестр, дуурийн дуулаачаас авхуулаад бүхий л төрлийн урлагийн жанруудын төлөөлөгчид оролцдог. Ер нь гадаа болдог тоглолтууд янз бүрийн сэдэлтэй байдаг. Том том арилжааны тоглолтууд ч байна, мөн бодлоготойгоор аль болох нийгмийн давхарга болгоныг хамруулсан үнэгүй тоглолт, наадмууд ч байна. Ер нь бол их урлаг зиндаархдаг биш залдаг чиглүүлдэг баймаар. Айлын найр хуримд үндэсний болон сонгодог оркеструуд, цөөхүүл хөгжим, нэртэй уран бүтээлчид тоглоход урлаг доош ороогүй хэр нь “Соёлын цаг” аяны тоглолтыг ядмагхан орчинд буурай амьдралтай хүүхэд, хөгшид үзлээ гээд үнэ цэнээ алдана гэж үү гэсэн асуулт дагуулж байна.

Шүүмжлэл байх хэрэгтэй. Гэхдээ мэргэжлийн шүүмж байх хэрэгтэй. Аливаа ажил мэдээж эхний удаа шууд бүрэн төгс болохгүй. Наад зах нь гадаа ямар тоглолтууд яаж хийх, оргил тоглолт нь юу юм, ямар элч мэдээ хүргэх гээд байгаа юм гэх мэтээ нарийн тунгаан бодож төлөвлөж байж хийх нь зүйтэй. Энэ бүхэн алхам алхмаар сайжруулаад явж болох асуудал. Харин аливаа шүүмж хувь хүн рүү дайрсан, асуудлаасаа хальсан тэр нь тэгээд үер шиг цутгаад ирэх үе бүгд л бухимдахаас өөр ямар ч үр дүн гарахгүй. Саяхан энэ маягийн шүүмжлэлд дайруулсан хүний нэг энэхүү аяныг зохион байгуулсан Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга МУГЖ Ч.Бат-Эрдэнэ байв.

Заримдаа “тогоон” дотроо байгаа хүмүүс өөрсдөө ч анзаарахаа больсон зүйлүүд гадаадад олон жил амьдарч буй бидэнд томруулдаг шилээр харж байгаа мэт илүү тодорч харагддаг болдог юм билээ.

Бат- Эрдэнэтэй анх би СУИС-ийн БУС-ийн захирал байх үед нь нэг төсөл дээр хамтарч ажиллахаар болж танилцсан. Тодруулбал ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын “Соёлын дурсгалт өв – хадны зургийг олон улсад сурталчлах нь” төслийн хүрээнд хадны зургаас сэдэвлэн бүтээсэн “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжгийг Парист тоглуулах төсөл байсан. Үнэндээ анх дуучин хүн захирал байхад нь гайхсаныг ч хэлэх үү уг нь бүжгийн урлагийг мэддэг хүн захирал нь байсан бол дээр баймаар юм гэсэн шүү бодолтой түүнтэй уулзаж байв. Хамтарч ажиллаад удалгүй “ би эндүүрч” гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Учир нь тэр сайн удирдагч, зохион байгуулагч. Сургуулийн захирал сайн менежер байх ямар чухлыг Бат-Эрдэнэ харуулж чадсан. Түүний ажилдаа сэтгэлээсээ ханддагийг онцолмоор байна. Багш нар, оюутнуудынхаа төлөө санаа тавьж их гүйнэ. Төслийн явцад БУС-ийн захирал солигдож МУУГЗ Д.Баярбаатар томилогдож ирсэн ч Бат-Эрдэнэ төсөл амжилттай дуустал нь оролцож хувь нэмрээ оруулсан. Төслийн явцад олон бэрхшээлүүд гарч байсныг энд дурдвал дэндүү нурших нь. Бүр цааш явахгүй нь гэж айх ч үе тулгарч байлаа. Тэр бүр төслийн багийнхан харин ч бие биедээ болно, бүтнэ гэсэн сэтгэлийн дэмээр урам өгч, биесээ хөгжөөж инээлдэж байхыг хараад “Манайхан ч бас л сайхан энергитэй юмаа. Германчууд яг энэ нөхцөл байдалд яах байсан бол доо” гэж хувьдаа бодож байлаа.

Бат-Эрдэнийн сонгодог урлагт хийсэн нэг том ажил бол 9 сард болсон “Улаанбаатар фестиваль оркестр 2020” сонгодог урлагийн тоглолт юм. “Festival Orchestra” дэлхийн олон улс орнуудад байдаг. Зорилго нь олон орноос цугларсан шилдэг хөгжимчид хоорондоо туршлага солилцох, үүгээрээ сонгодог хөгжмийн хөгжлийг тэлэх, бүх нийтэд сонгодог урлагийн боловсрол олгох юм. Энэ жишгээр “UB Festival Orchestra” үүсгэн байгуулагдаж анхны тоглолтоо хийжээ. Үүнийг мэргэжлийн түвшинд хэр чанартай ажил болсон тухай хөгжим судлаач Б.Батжаргал “СЭТГЭЛЭЭСЭЭ хийсэн учраас чанартай байв” гэж unuudur.mn дээр өгсөн ярилцлагтаа онцолжээ.

Тэрээр цааш нь: “Хүн” театрт “Улаанбаатар наадам” хэмээх шинэхэн оркестрын тоглолтыг үзсэн юм…Залуусын тоглохыг сонсож, маэстро Б.Лхагвасүрэнгийн удирдахыг харахад нүдэнд баярын нулимс цийлэлзээд байлаа. Хөгжим тоглох, тоглуулах гэж юу байдгийг тэд харууллаа, сонсголоо. Энэ оркестрыг санаачилж байгуулсан хөгжимчин Т.Хуяг, мэргэжлийн ур чадвараа дайчлан нэгдэж, тоглолтыг удирдсан маэстрод талархал илэрхийлж байна. … Ялангуяа суут хөгжмийн зохиолч Р.Вагнерын “Риенци” удиртгалыг дэлхийд ч энэ түвшинд цөөн удаа тоглосон болов уу. Удирдаач Б.Лхагвасүрэнгийн ур чадварыг онцолмоор байна. Тэр үнэхээр дэлхийн удирдаач болжээ. Хүнд сайн байгааг нь цаг тухайд нь хэлж байх ёстой юм. Мөн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын морин хуурт зориулсан концертыг гайхамшигтай тоглолоо. Өрнийн, Дорнын энэ хоёр бүтээлийг хэрхэн хөгжимдсөнөөр уран бүтээлчдийн сэтгэлийн болоод мэргэжлийн ялгааг хэмжиж болно.”гэжээ. Энэ залуу уран бүтээлчдийг Бат-Эрдэнэ дэмжсэн.

Ер нь хараад байхад урлагийнхан өөрсдөө бие биеэ доошоо татаад байхын оронд харин ч урам өгч харилцан бие биеэ дэмжих дээрээ илүү анхаарлаа хандуулах ёстой шиг. Наадам цахим хэлбэрээр хийх сургаар “мөнгө шамшигдуулах нь” гэж ирээд л ямар их шуурав аа! Гэтэл хэрэг дээрээ урд урдын наадмуудаас бага төсвөөр бүтэж, Баатар найруулагч нь “улсдаа бэлэг болгож байгаа тул цалин хөлснөөс татгалзсан” гэж ярилцлага өгсөн байв. “Үндэсний их баяр наадам бол монгол дархлааг дэмжих вакцин” гэж Төрийн шагналт, АЖ, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай хэлсэн байдаг. Ялангуяа энэ цар тахлын үеэр үнэхээр сайн вакцин болж нутагтаа байгаа монголчуудаас гадна дэлхий даяар суугаа монголчууд цахим наадмаа үзэн сэтгэлээ дэвтээсэн. Бас монгол зан заншил, өв уламжлалаараа бахархаж монгол хүн гэдгээ илүү мэдэрсэн. Түүнийг нь цахимаар дүүрэн жирийн иргэдийн гадна дотноос бичсэн баярлаж талархсан мянга мянган сэтгэгдлүүдээс харж болохоор байлаа. Түүнээс гадна Монгол Улсын гадаад сурталчилгаанд хэрэгтэй чанартай нэг контент бий болсон.

Ажил эхлүүлж байгаа нэгэндээ асар их саад хийх хэр нь амжилтад хүрэнгүүт алдар нэрийг нь хүртэх гэж зүтгэх нь ямар вэ?

Өөр нэг жишээ: Соёлын Яамтай байх хэрэгтэй гэж шаагилдах хэр нь ССАЖЯ-ны сайдаар Ц.Оюунгэрэл томилогдонгуут “хатгасаар” байгаад яамтай нь бүр буулгаад авсан. Нэг Соёлын Яамтай болоод, нэг болиод л дахиад болоод байхаар урлаг соёлын хөгжил яаж тогтвортой байх билээ?!

Чанарын өндөр түвшинд урлагийн ажил зохион байгуулдаг, гүйцэтгэдэг төрийн бус байгууллагууд, хувь хүн байгааг би энэ бичвэрээрээ үгүйсгээгүй юм. Харамсалтай нь нийтийн хандлага сөрөг байна, буруу байна.

Тэгэхээр бидэнд ямар шийдэл байж болох вэ?

Хувь хүн дээр авч үзвэл:

Юун түрүүнд, бүгдээрээ хандлагаа өөрчилье, эерэг байцгаая! Бодоод үз дээ: хар мэдээ бичиж байгаа хүн түүндээ мэдээж цухалдаж, бухимдаж бодвол сэтгэл санаа ихэд хямарч бичиж байгаа. Түүндээ амьдралынхаа хэчнээн үнэ цэнтэй цагийг зарцуулж байна?!. Түүнийг нь уншиж байгаа нь ялгаагүй бухимдана, уурлана. Бухимдлаа бусдад дэлгэнэ. Тэр нь хов жив болж цаашаа салхинд туугдсан хамхуул шиг зүгээ мэдэхгүй хуйлран одно. Энэ хооронд түгээж байгаа нь ч, түүнийг нь хүлээж авч байгаа нь ч энэ их бухимдлаас үүдэн хэчнээн их эд эсээ хямрааж эрч хүчээ алдах билээ?!. Ийм бие организмаас бүтээлч ажил ундрах уу? Үгүй. Тэгэхээр урлаг байтугай улс хөгжих үү? Эх орны хөгжил гэж яриад байгаа эх ундарга нь та бидний л хандлагад оршин байгаа юм биш үү?

Тиймээс оюун санаагаа чанартай уран бүтээл гаргах дээрээ ашиглая. Германы нэг урлагийн их сургууль олон үндэстний ардын бүжгийн багш нарыг нэг семестрийн турш урьж хичээл заалгадаг тул Монгол ардын бүжгийн багшийг урьж ажиллуулж болно шүү гэж санал тавихад нь “Академик хэмжээний англи хэлтэй бүжгийн багш хэн байгаа билээ?” гэж би бодов. Энэ жишээнээс л харахад өөрсдийгөө хөгжүүлж, боловсруулж, гадаад хэл сурвал хувь уран бүтээлчид өнөөдөр олон улсын хэмжээнд ажиллахад асар их боломж байна.

Салбарын хүрээнд:

Увайгүй хэл ам хийж, хүчээ сулруулж байхаар ухамсартайгаар лобби групп үүсгээд тууштай нэгэн зорилготойгоор урлагийнхан хөдөлбөл төр засаг эсэргүүцэх үү?! Үүнд мэргэжлийн холбоонуудын үүрэг нэн чухал. Уран бүтээлээ дэмжүүлэх гээд нэг нэгээрээ төр засаг руу гүйлдсэнээс салбар салбарынхан нэгдээд асуудлаа яривал илүү жинтэй шийдэл гарах нь тодорхой. Салбарыг бодлогын хэмжээнд хөгжүүлж чадахуйц боловсон хүчний залгамж бэлдэхэд онцгой анхаарах зүйтэй. Соёл Урлагийн салбарын удирдагч, манлайлагчдыг бэлдэх хэрэгтэй байна. Уран бүтээлчдэд олон улсын зах зээлийн механизмын талаарх мэдлэг болон уран бүтээлчийн сэтгэлгээг, боловсролыг хөгжүүлэх тал дээр бодлогын хэмжээнд ажил хийвэл Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх түлхүүр ажил болмоор санагдаж байна.

Хотын хүрээнд:

Улаанбаатар хот гэлтгүй бүс нутгийн соёл урлагийн олон төрлийн наадам фестивалиудыг нь хөгжүүлж түүнийгээ харин тогтмол тууштай хийх нь зүйтэй юм. Нэг үеэ бодвол сайхан наадмууд бий болсон. Үүнийгээ улам чанаржуулах тал дээр хот дэмжиж, олон төрлөөр солонгоруулан улирал сардаа хуваан хийх нь жуулчдын төвлөрөлтийг сийрэгжүүлэх, аялал жуулчлалын салбарын орлогыг нэмэгдүүлэх давуу талтай. Наадмуудаа олон улсын хэмжээнд нэр хүндтэй болгохын төлөө хичээн ажиллаваас энэ нь нэн ялангуяа соёлын аялал жуулчлалд хэрэгтэй.

Төр засгийн хэмжээнд:

Соёлын гадаад бодлого нь зөөлөн хүчний бодлогын нэг гол арга хэрэгсэл бөгөөд зорилго нь олон улсын түвшинд улс орны цаашлаад ард иргэд, улс төр, эдийн засгийн бодлогынх нь талаар эерэг дүр төрхийг бүрдүүлэх, түнш орнуудтай тогтоосон харилцаагаа бэхжүүлэх, болзошгүй зөрчил мөргөлдөөнөөс зайлсхийх зэргээр тодорхойлогдож урлаг, олон улсын үзэсгэлэн, солилцооны хөтөлбөр зэргээр дамжин хэрэгждэг. Өнөөдөр Монгол Улсын соёлын гадаад дахь сурталчилгаанд хувь уран бүтээлч эсвэл төрийн бус байгууллагууд илүү чухал үүрэг гүйцэтгэж байна.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлого дан ганц ”мөнгөнд улайрсан” байвал зохисгүй. Жишээ: Монголын нэр төртэй том чуулга бас хувь уран бүтээлчид “мөнгө сайн олдог” тул Хятадад тоглодог гэх. Монголын сор болсон авъяастангууд урд хөршид багшилж байна. Болно л доо. Гэхдээ бидний цөөхөн Монголчууд бодолтой баймаар. Үүнд би хувьдаа санаа зовдог. Мэдээж хоёр хөршдөө том бүрэлдэхүүнээр тоглолт хийх нь алслалт бага, зардал мөнгөний хувьд төсөр л байгаа. Гэтэл бусад улс оронд Монголын соёл урлагийн сурталчилгаа бор зүрхээрээ явж байгаа хэдэн уран бүтээлчээ эс тооцвол ямар түвшинд байна вэ? ХБНГУ Монгол Улстай маш сайн хамтын ажиллаагаатай, германчууд Монголыг сайн мэдмээр атал мэдэхгүй хүмүүсийн тоо цөөнгүй хэвээрээ л байна. Хятад дэлхийд Монголын урлаг гайхамшигтай шүү гэж магтан зарлах уу? Дэлхийн бусад орнууд үүнийг яаж мэдэх вэ? Хоёр хөршөөс өөр дэлхийн ямар улсад хэзээ хамгийн сүүлд Монголын үндэсний оркестр, симфони найрал хөгжим, үндэсний ардын бүжгэн жүжиг, балет бүрэн бүрэлдэхүүнээрээ ямар тайзны том бүтээлийн тоглолт хийв? Мөнгө олохгүй юм чинь гээд явахгүй байх уу? Хятад, Солонгосын үндэсний том хэмжээний тоглолтууд Европын улсуудад тогтмол тоглогдож байна, түүн дунд нь Монголын хөгжим, бүжгийн элементүүд орсон байгаа нь харагддаг. Үзэгчид эдний урлаг нь юм байна гэж үзсэнээрээ л хүлээн авна. Бодууштай л асуудал.

Сайхан жишээ бидэнд бас байна аа. Хү хамтлаг нь өнөөдөр Монголоос олон улсад маш том амжилт гаргасан анхны хамтлаг. Тэд дэлхийн рок хөгжмийн хөгжлийг дахин нэг шат ахиулж чадсан.

Бас соёлын бүтээлч үйлдвэрлэлийн шилдэг жишээ. Гэхдээ тэд өчигдөр нэрд гараад өнөөдөр мөнгөнд умбаагүй байна. Яагаад гэхээр тэд бүх юмаа урьдчилан төлөвлөж, түүнийхээ дагуу дэс дараатай ажиллаж байна. Хү хамтлагийн амжилтын нууц нь продюсер, МУГЖ Б. Дашдондогийн хэлснээр олон жилийн уйгагүй хөдөлмөр, эрэл хайгуул, судалгаагаар боссон гэнэ. Хү хамтлаг тууштай хөдөлмөрлөж зөвхөн мөнгөний араас явалгүй харин чанар “үйлдвэрлэснээр” өнөөдөр дэлхийн хамгийн нэр хүндтэй рок фестивалуудад уригдан оролцож байна. Ингэж маркетингийн төлөвлөгөө, дэс дараалалтай явснаар эдийн засгийн амжилт аяндаа дагах нь тодорхой.

Ийм бахархмаар жишээ бидэнд хэдийнээ бий болжээ.

Одоо харин бидний бүтээлчээр ажиллах цаг ирж. Эерэг байцгаая!

Монгол Улсын Соёлын Элч Ц.Гэрлээ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.