Б.Энхбаяр: Ийм гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хорихоос өөр төрлийн ял оногдуулдаггүй

2017-11-2 Нийтлэл

Хэвлэлийн бага хурал

 

Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулиудын хэрэгжилтийн талаар НББСШУ, ХЗБХ-ны хамтарсан ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Сүүлийн үед бага насны хүүхдийг хүчирхийлэхийг завдсан, хүчирхийлсэн гэх бараан мэдээнүүд шилээ даран гарах болов. Энэ төрлийн гэмт хэрэг буюу бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан, эсвэл хүчирхийлсэн тохиолдолд бүх насаар нь хорих эрүүгийн хуультай. Энэхүү зүйл заалтыг шинэ хуулиар зөөлрүүлсэн гэх шүүмжлэлийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр няцаасан юм. Тэрбээр “Бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд хүлээлгэх хариуцлага нь хамгийн өндөр ял шийтгэлтэй дөрвөн хэргийн нэгд тооцогддог. Уг нь ийм хэрэг үйлдсэн этгээдэд цаазаар авах ял оногдуулдаг байсан бол цаазын ялыг халсантай холбоотой бүх насаар нь хорих ялаар шийтгэдэг болсон. Энэ заалт өнөөдөр ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа” гэсэн юм.

Мөн ийм гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хорихоос өөр төрлийн ял оногдуулдаггүй болохыг тодотгосон. Өөрөөр хэлбэл, ял шийтгэлийг хөнгөвчлөх, эсвэл тэнсэн харгалзах ял оногдуулдаггүй байна. Товчхондоо тухайн хэрэгтэн ялыг биеэр эдэлж дуусгахаас өөр гарцгүй гэдгийг хэлсэн.

Түүний тодруулсан бас нэгэн чухал асуудал бол “Энэ асуудалтай холбогдуулж хэлэхэд хохирогчийг түр хамгаалах байрны асуудал хүндрэлтэй байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр батлагдсан. Хууль батлагдсанаасаа хойш нэг сарын дотор үйлчилсэн. Уг хуулийг дагасан 40 гаруй журам, сургалт, нэг цэгийн үйлчилгээ байгуулах асуудал дээр ХЗДХЯ, Засгийн газрын зүгээс анхаарч ажиллаж байгаа. Хууль сахиулахын их сургуулийн хичээлийн агуулгад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тусгайлсан хөтөлбөрийг оруулсан. Энэ асуудалтай тэмцэхэд бусад нарийн мэргэжлээр хавсарсан байдлаар хүмүүсээ бэлтгэх шаардлага байгаа.

Нөгөө талаар бид энэ төрлийн гэмт хэрэгтэй урьдчилан сэргийлж тэмцэхийн тулд нөхцөл байдлаа зөв оновчтой тооцох ёстой. Гэр бүлийн хүчирхийлэл бол хамгийн нуугдмал гэмт хэрэг. Зөвхөн ил гарч байгаа мэдээлэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж байна. Манай улсад гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал ямар байгаа талаар улсын хэмжээнд нууц тандан судалгаа явуулсан. Үүнийг нийтэд мэдээлэхгүй. Яагаад гэвэл энэ судалгаа аргачлалын хувьд найман мянга орчим хүнтэй биечилж уулзаж, нарийн мэргэжлийн сэтгэлзүйчдийг газар дээр нь очуулж, гурван сарын хугацаанд хийгдсэн нарийвчилсан судалгаа юм.

Асуудал санаа зовоох түвшинд байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг манай улсад үйлдэгдэж байгаа хулгай, зам тээврийн ослын дараа орж байна. Өөрөөр хэлбэл гурав дахь хамгийн түгээмэл үйлдэгддэг гэмт хэрэг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдах үед улсын төсөв батлагдчихсан байсан. Улсын төсвөөр шийдэх боломж байгаагүй ч донор байгууллагууд болон олон улсын түншүүдээс идэвхтэй хамтарч ажилласны үр дүнд 2018 онд нэг цэгийн үйлчилгээний 10, түр хамгаалах таван байрыг ашиглалтад оруулна” гэв.

2018 ОНД НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 10, ТҮР ХАМГААЛАХ 5 БАЙРЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Энэ үеэр мөн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг “Бага насны хүүхэд хүчиндсэн этгээдэд Монголын шүүх нэг ч удаа цаазын ял оногдуулж байгаагүй юм билээ. Ихэвчлэн 20-25 жилийн ялыг оногдуулж байсан” гэсэн юм.

Түүнчлэн гэр бүлийн, эсвэл ойрын хамаатан садандаа хүчиндүүлсэн тохиолдолд гомдлоо буцааж, хэргийг хэрэгсэхгүй болгосноор хүүхэд хохирч үлддэг гэх мэдээллийг Хүнмий эрхийн үндэсний коммисын гишүүн мөн үгүйсгэсэн. Тэрбээр бага насны хүүхэд хүчиндүүлсэн хэрэг ганц ч удаа хэрэгсэхгүй болж байгаагүй хэмээсэн юм.

Монголд хулгай, зам тээврийн ослын дараагаар эрэмбэлэгдэх болсон хэрэг нь Гэр бүлийн хүчирхийлэл. Далд хэлбэрээр үйлдэгддэг эл хэргийн хохирогчдын тоо тун өндөр. Иймээс төсөв хэлэлцэж байгаа энэ үеэр шийдвэрлүүлэх хэд хэдэн асуудал бийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр хэлсэн.

Дашрмд мэдээлэхэд, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль өнгөрсөн онд батлагдаж, энэ оны хоёрдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийг батлах үеэр энэ оны төсөв батлагдсан байсан бол түр саатуулах байх, хохирогчийг хамгаалах нэг цэгийн үйлчилгээний хөрөнгө мөнгийг тусгаж чадаагүй аж. Гэвч Хууль зүй, дотоод хэргийн яам хөрөнгө мөнгөгүй гэж гараа хумхиж суухын оронд олон улсын байгууллагуудтай гэрээ хэлцэл өрнүүлжээ. Үүний үр дүнд хохирогчийг хамгаалах нэг цэгийн үйлчилгээний 10 байр, түр хамгаалах 5 байрны асуудлыг төсвөөс сохор зоос ч гаргахгүйгээр шийдвэрлэж чадсан байна.

Хууль л амла!

23 минутын өмнө

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.