Амь дүйх 30 секунд…

2017-10-25 Нийтлэл

Отгонтэнгэр уулын оргилоос буух замдаа цасан нурангид өртөж осолдсон 17 уулчны цогцсыг бүгдийг нь оллоо хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр мэдээллээ.

Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 хүний бүрэлдэхүүнтэй  баг энэ сарын 20-ны өдрийн 10.00 цагийн орчимд Отгонтэнгэр хайрханд хүрч 21-ний 16.00 цагийн үед оргилд нь гарсан ч бууж явахдаа 17 хүн цасан нурангид даруулсан юм. Эсэн мэнд буусан хүмүүсийн гурав нь эмэгтэй, долоо нь эрэгтэй бол осолдогсдын дөрөв нь эмэгтэй, 13 нь эрэгтэй байв. Эрлийн багийнхан дөрөв хоногийн турш шуурхай ажилласны дүнд сүүлчийн цогцсыг өнөөдөр оллоо. Сураггүй болоод байсан уулчдыг амьд олдож магадгүй хэмээн хүлээж байсан олон нийтийн горьдлого ийнхүү тасрав.

Монгол орны баруун бүс дэх Завхан аймгийн төвөөс зүүн тийш 100 км-ийн зайд орших Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008  өндөр өргөгдсөн бөгөөд 3752 м-ээс дээш мөнх цастай, авирахад ихээхэн техник шаарддаг бэрх оргилуудын нэг юм.

Тэгэхээр тухайн үед болсон үйл явдлыг амьд үлдсэн хүмүүсийн болон сошил ертөнцөд үлдээсэн сураг ажигаас тодруулж байна.

Отгонтэнгэр ууланд авирч байсан 27 уулчин гурван олсонд хуваагдаж явсан байна. Эсэн мэнд бууж ирсэн 10 уулчин нэг олсонд явсан бол 17 хүн хоёр олсонд хуваагдаж өмнө нь явж байжээ. Уулчдыг алхаж явахад цасан нуранги үүсэх хүчтэй дуу чимээ сонсогдож урд явсан нөхдөө алга болохыг харсан учраас одоо болтол сэтгэл зүйн хямралаасаа гарч чадаагүй байгааг амьд үлдсэн уулчдын ар гэрийнхэн нь тодруулж байна. Тухайн үед гишгэсэн газар болгон нь цөмөрчих гээд байдал хэцүү байсан нь тодорхой. Нэгэнт байдал бишдсэнийг гадарласан хүмүүс эрсдэлтэй замыг тойрсхийж буцаж алхан цаг орой харанхуй болсон ч аль болох хурдан доош бууж тусламж дуудахыг зорьжээ. Харанхуй болчихсон сэтгэл зүйн хямралд орчихсон 10 хүн доош буухдаа маш болгоомжтой удаан явсан гэнэ. Эсэн мэнд байгаа 10 хүний нэг нь ар гэрийнхэндээ хэлэхдээ 34 цаг алхах шиг болсон гэжээ.

 Эх сурвалжийн мэдээллээр 10 хүн эсэн мэнд үлдсэн шалтгаан нь тэднийг ахалж урд нь явсан хүн зургийн аппаратаа цааш нь далд хийх гээд 30 секунд орчим саатжээ. Энэ хооронд цас цөмөрч өмнө нь явсан 17 хүн нүд ирмэх зуур ангал руу унасан байна. Авирагчид уулын уруу буухдаа гурван олсонд хүнд, хөнгөн жингээ тэнцүүлж хуваагдсан байна. Хэрвээ 30 секунт зогсоогүй бол бүгд л хавцал руу унаж эрсдэх магадлалтай байжээ.

Тухайн үед харанхуй болсон байжээ. Тэднийг ахалж явсан уулын хөтөч байгаагүй ч гэсэн үлдсэн уулчид хаана яваагаа багцаагаар мэдэж байсан гэх. Тэдний нэг нь тухайн үед ар гэрлүүгээ “Аль болох хурдан хугацаанд бууж хэл хүргэе гэж зорьсон. Тиймээс уулнаас буугаад нэгэн айл олж, айлын эхнэрийн гар утсаар нь Улаанбаатар руу яаралтай холбоо барьсан. Тэгээд гурван хүн маань буцан явж бусдыгаа хайх оролдлого хийсэн. Тэд ар гэр рүүгээ утсаар ярих богино мөчид ганц л зүйлийг аминчлан хүссэн байдаг. Тэр, тэрний ар гэрт нь бушуухан очоорой. Дэргэд нь байгаарай. Биднийг хот руу буцаж байгаа нисдэг тэргэнд суулгах зай байна гэнэ. Суугаад яв гэж байна. Бид эндээс бусдыгаа олохгүйгээр түрүүлээд явахгүй. Цасанд хучигдсан найзуудыгаа эхлээд эндээс явуулчихаад араас нь гэртээ харина” хэмээн ярьсан байдаг. Тэд ийнхүү сүүлийн мөч хүртэл итгэл найдвараа алдаагүй юм.

27 уулчдыг уулын спортын олон улсын хэмжээний мастер Н.Сүрэнжав ахалж явсан бөгөөд баруун гар болж Г.Барсболд явсан байна. 27 уулчид дотор яг мэргэжлийн 7-8 уулчид явсан. Ууланд алхаж буй хүмүүс хагас цэрэгжилтийн байдалтайгаар тусгай дэг горимын дагуу явдаг. Тиймээс ууланд авирч байсан тэдгээр хүмүүс багш хэмээн хүндлэгддэг Н.Сүрэнжавын үгийг дагадаг. Түүнээс биш мэргэжлийн биш хэдэн хүмүүс дур зоргоороо явсан зүйл байгаагүй аж.

 

Хууль л амла!

33 минутын өмнө

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.