Завхан аймгийн Отгон сумын “Буянт” багийн нутаг Отгонтэнгэр ууланд /аймгийн төвөөс 200 км, Отгон сумын төвөөс 45 км зайтай/ Уулын спортын мастер  Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 10 иргэн уулнаас бууж, 17 иргэн сураггүй болсон тухай бид өмнө мэдээлсэн.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр 09.00 цагт Улсын онцгой комисс Шадар сайд Ө.Энхтүвшиний өрөөнд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд ОБЕГ-“Бууж ирсэн 10 хүнээс нь 3 нь  уулнаас буусныхаа дараа буцаж уул руу авиралт хийхэд ямар нэгэн ул мөр олдоогүй тухай мэдэгдсэн. Тэднийг авиралт хийх үед цаг агаар -2 хэмээс доош байсан. Уулчдыг эрэн хайх ажиллагааг 70 албан хаагч 13 техник хэрэгсэлтэйгээр өнөө өглөө гэгээ ормогц эхэлсэн.

Отгонтэнгэр хайрханд авиралт Уулын шүхэрчдийн үндэсний холбооноос  зөвшөөрөл авах ёстой ч тэд аваагүй байна. Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан энэхүү багт 7 эмэгтэй 20 эрэгтэй багтсан. Одоогоор 2 эмэгтэй 8 эрэгтэй бууж ирээд байна. Мөн гэр бүлийн 4 хүн байсан гэх мэдээлэл байгаа” гэлээ.

Харин Байгаль орчин ногоон хөгжлийн сайд Н.Цэрэнбат “10 дугаар сарын 20-ны өдрийн 22.00 цаг гурван фургонтой Н.Сүрэнжав, н.Цэлмүүн ахлагчтай 27 иргэн Отгонтэнгэр хайрханд авирахаар очсон байгаа. Тухайн үед Отгонтэнгэр уулын өвөр хэсгийн байгаль хамгаалагч Ш.Батмэнд тус иргэдэд БОНХЯ-ны 2015 оны 6 дугаар сарын 2-ны А22 тоот Отгонтэнгэр хайрханд аялах журмыг танилцуулж, авиралт хийлгэхгүй гэж сануулсан. Гэвч эдгээр иргэд 10 дугаар сарын 21-ний өглөө 07.00 цагт зөвшөөрөлгүйгээр авиралт хийсэн” гэв.

Түүнчлэн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Завхан аймгийн Ус, цаг уурын байгууллагаас Отгон сум орчмын цаг агаарын нөхцөл байдлын мэдээг цаг тутамд өгч байгаа. Өнөөдөр өдөртөө Отгон суманд 7-8 хэмийн дулаан байна гэж Завхан аймгийн, Ус, цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Дашрамд дурдахад, 2015 оноос хойш Отгонтэнгэр хайрханд авиралт хийхийг БОНХЯ-наас хоригложээ.