Энэ жил улсын хэмжээнд шинээр цэцэрлэгт хамрагдах буюу 2 настай хүүхэд 34000 гаруй байгаа. Нийт цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч 12000 гаруй хүүхдийг сугалаагаар шинээр элсүүлэх боломжтой гэдгийг Нийслэлийн боловсролын газраас мэдээлсэн. Нийслэлийн хэмжээнд 2 настай хүүхдүүдийн 70 хувийг цэцэрлэгт хамруулах аж.
Цахим бүртгэлээр зөвхөн хоёр настай хүүхдүүдийг бүртгэнэ. Цахим хэлбэрээр хүүхдээ бүртгүүлэх боломжгүй иргэд байвал наймдугаар сарын 10-наас цэцэрлэгүүдэд цахим бүртгэл хийж өгөх туслах арга зүйч эцэг, эхчүүдэд туслаж ажиллах юм. “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа наймдугаар сарын 25-ны өдөр 10:00 цагт бүх цэцэрлэгт нэгдсэн журмаар зохион байгуулагдана.
Цэцэрлэгт шинээр хамрагдах хүүхдүүдийг бүртгүүлэхийн тулд иргэд 2017 оны 07 дугаар сарын 24-нөөс 2017 оны 08 дугаар сарын 24 -ний өдрүүдэд http://www.tsetserleg.ulaanbaatar.mn тусгай цахим хуудаст хандаж, хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулна.
Энэ нь Улсын бүртгэлийн газар дахь иргэдийн бүртгэлийн сан дээр тулгуурлан явагдаж байгаа тул тухайн хүүхдийн регистрийн дугаарыг хийхэд аль дүүргийн хэддүгээр цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл автоматаар гарч ирнэ.