Оросууд Европын хүнсний бүтээгдэхүүнд тавьсан хоригоо сунгалаа

2017-06-30 Ертөнц

ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев Европын холбооны хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүнд тавьсан хоригоо 18 сараар сунгаснаа мэдэгдлээ. Үүний өмнө Европын холбооны зүгээс ч ОХУ-д тавьсан эдийн засгийн хоригоо зургаан сараар сунгаснаа зарласан юм. Үүний хариуд Кремль дээрх арга хэмжээг авч байгаа аж.

Европын холбоо хоригоо цуцлах хүртэл ОХУ хариу хориг тавихаа зогсоохгүй гэж мэдэгддэг. Д.Медведев үүнийг зүй ёсны хариу арга хэмжээ гэж үзэж, 2018 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл Европын холбооны хүнсний бүтээгдэхүүнийг өөрийн нутаг дэвсгэрт оруулахгүй гэж зарлаж байна.

2014 онд Украины асуудлаар ОХУ-ыг буруутгасан Европын холбоо эдийн засгийн хориг тавьсан билээ. Эрчим хүч, батлан хамгаалах, санхүүгийн салбарыг хамруулан Оросын бизнесийн салбарынханд хориг тавиад зогсохгүй, нэр бүхий 150 хүнийг Европт зорчих эрхгүй хэмээн зарласан юм. Үүний хариуд ОХУ Европын холбоонд үйлдвэрлэсэн хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн болон түүхий эдийг нэвтрүүлэхийг хориглосон юм. Энэ хориг ОХУ-ын эдийн засагт халтай тусч байгаа гэдэг ч Оросын зүгээс харин ч дотоодынхоо үйлдвэрлэл, газар тариаланг дэмжсэн хэрэгтэй бодлого боллоо гэж дүгнэж байгаа юм.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.