Өмнөх Ерөнхийлөгчөө авлигын хэргээр буруутган орон даяар жагсаал хийж Риогийн олимпийн өмнө огцруулж байсан Бразилийн одоогийн төрийн тэргүүн ч бас шүүхийн хаадга татахдаа тулжээ. Прокурорын газраас Ерөнхийлөгч Мишель Тимерийг авлигын хэргээр яллах хүсэлтээ Дээд шүүхэд уламжилжээ. Ерөнхийлөгчтэй холбоотой авлигын дуулин хэдэн сарын өмнөөс эхэлсэн ч хэдхэн хоногийн өмнө Мишель Тимерийн гэмт хэргийн нотлох баримт болох нууц бичлэг олон нийтэд задарснаар хуулийн байгууллага албан ёсоор хэрэг үүсгэж байгаа нь энэ юм. Уг бичлэгт JBS хэмээх хүнсний үйлдвэрийн эзэн Жесли Батиста гэгч Мишель Тимерт авлига өгье хэмээн ярилцаж буй нь хадгалагдан үлджээ. Тэрээр Ерөнхийлөгчид 152 мянган ам.долларыг бэлнээр нь цүнхэнд хийж парламентын экс гишүүнээр дамжуулан өгүүлсэн гэнэ. Мөн Мишель Тимерийн нэр холбогдсон өөр нэг авлигын хэргийн хамсаатныг нь дуугүй болгох гэж түүний өмнөөс мөнгө төлсөн тухай ч бичлэгт дурдагджээ. Гэвч Ерөнхийлөгч энэ бичлэгийг эвлүүлэг гэж няцаасаар байгаа аж. Мишель Тимер өмнөх Ерөнхийлөгч Дильма Руссефийн үед дэд Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байгаад түүнийг авлига албан тушаалын хэрэгт холбогдоход огцруулах ажилд оройлон оролцож, өөрөө суудлыг нь эзэлсэн билээ. Гэвч нэг жил хүрэхгүй хугацааны дараа өөрөө авлигын хэрэгт ийн холбогдлоо. Хэрэв парламентын доод танхимын гишүүдийн гуравны хоёр нь дэмжвэл тэр шүүхийн хаалга татах ажээ.
Б.Номун
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.