Пёнчаны өвлийн олимп 2018 оны хоёрдугаар сарын 9-25-нд болно. Тус өвлийн олимпод хоёр Солонгосын багийг нэгтгэж оролцуулах Сөүлийн саналыг Пхеньян хүлээн авсангүй.
Өмнөд Солонгосын Спортын сайд Ду Жун-хваны санал болгосны дагуу тус улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Мун Жэ Ин хойд хөршдөө дээрх саналыг тавьсан юм. Гэвч Олон улсын олимпийн хороо дахь Хойд Солонгосын гишүүн Чан Ун тэрхүү саналыг няцааж, “гэрээ хэлцэл хийх цаг хугацаа байхгүй” гэх хариу өгчээ.
Өмнө нь хоёр Солонгосын нэгдсэн баг 1991 оны Ширээний теннисний ДАШТ-д хамтран оролцож байсан удаатай. Тэр үед таван сар үргэлжилсэн 22 удаагийн шат дараатай уулзалт, хэлэлцээрийн дүнд хамтран оролцох гэрээ байгуулж байжээ.
Пёнчан-2018 наадмыг “эв нэгдэлтэй олимп” болгохын тулд Өмнөд Солонгосын Спортын сайд дээрх саналыг гаргажээ. Ингэхдээ хоккейн төрөлд хамтарсан баг оролцуулах, олимпийн цанын тэмцээнийг Хойд Солонгосын нутаг дэвсгэрт зохион байгуулах зэрэг санал дэвшүүлсэн байна.
Харин Ерөнхийлөгч Мун хойд хөрштэйгөө найрсаг харилцаатай байхыг эрхэмлэдгийн хувьд Спортын сайдын саналыг хөхиүлэн дэмжиж, хоёр Солонгосын нэгдсэн багийг илүү өргөн бүрэлдэхүүнтэй оролцуулах санал тавьсан аж.
Гэвч Хойд Солонгосын төлөөлөгч Чан олимпийн наадмыг улс төрийн зорилгоор ашиглах ёсгүй гээд, “Олимпийн экспертийн хувьд олимпийг хамтран зохион байгуулах талаар ярихад хэтэрхий оройтсон. Ярих амархан, гэвч практикт урган гарах асуудлыг шийдвэрлэх амаргүй. Хоккейн нэгдсэн баг байгуулах асуудал дээр ч мөн адил” гэсэн байна.
Г.Пүрэвсүрэн
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.