Боловсролын яам, Азийн сан хамтран сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд эх хэл, өв соёлынхоо гайхамшгийг таниулах, номтой нөхөрлөх анхны суурийг тавих зорилгоор “Өв соёл-Хамтдаа уншья” үндэсний арга хэмжээг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нэг сарын хугацаанд зохион байгуулж, үр дүнгээ хэлэлцэн, өнөөдөр /2026.03.12/ шилдгүүдээ тодрууллаа.
Энэхүү үндэсний арга хэмжээнд 21 аймаг, 9 дүүргийн төрийн болон орон нутгийн өмчийн 960 цэцэрлэгийн 6634 бүлгийн 163,242 хүүхэд, 94,864 эцэг эх, асран хамгаалагч хамтран оролцсон бөгөөд идэвх, санаачилгаараа тэргүүлсэн 29 цэцэрлэгт Боловсролын сайд П.Наранбаяр болон “Лоринет сан”, “Азийн сан”-гийн төлөөлөл шагнал гардуулав.
Боловсролын сайд П.Наранбаяр арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Хүүхдэд ном уншиж өгөх нь цэцэрлэгийн багш төдийгүй эцэг, эхчүүдийн үүрэг. Ялангуяа аав нар орой ажлаасаа ирээд хүүхдэдээ ном уншиж өгдөг байвал гэр бүлийн уур амьсгал халуун дулаан болж, нандин харилцаа бэхждэг. Ээж, аав нь хүүхэдтэйгээ ярилцахдаа аль болох сул үг хэрэглэлгүй, гэхдээ сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлж ярилцвал хүүхэд эх хэлээрээ бойжиход сайнаар нөлөөлнө. Багаасаа номтой нөхөрлөсөн хүүхдийн хэл ярианы чадвар болон төсөөлөн бодох чадвар хөгждөг.” гэдгийг онцоллоо.
Боловсролын яамны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар “Үлгэр, зохиолоор дамжуулж хүүхдүүдээ өв соёлтойгоо танилцуулах, хүүхдүүдээр дамжуулж, эцэг, эх нь мөн өв соёлоосоо суралцах олон талын өгөөжтэй арга хэмжээг нэг сарын хугацаанд амжилттай зохион байгууллаа. Цаашид сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд багшийн бүтээлч үйл ажиллагааг дэмжих, цахим технологийг зүй зохистой ашиглах, хүүхэд бүрийн ялгаатай байдалд тохирсон нийгэм-сэтгэл хөдлөл сургалтын арга зүйг сайжруулахад илүү анхаарал хандуулна” гэв.

“Өв соёл-Хамтдаа уншъя” арга хэмжээг 2020 оноос эхлэн зургаа дахь жилдээ ивээн тэтгэж байгаа “Лоринет” сангийн Гүйцэтгэх захирал Б.Тамир “Хоёр дахь гэр нь болсон цэцэрлэгийн орчинд номоор дамжуулан хүүхдийн хэл ярианы чадвар, тархийг хөгжүүлэх нь үр дүнтэй байдаг. Мянгаад цэцэрлэг энэхүү арга хэмжээнд бүтээлч байдлаар оролцсонд баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалсан бол “Азийн сан”-гийн “Хамтдаа уншицгаая” хөтөлбөрийн зохицуулагч Б.Халиун “Энэ арга хэмжээний хүрээнд номоор дамжуулан хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхээс гадна монгол үндэсний өв соёлтой нь танилцуулахыг зорьж буй. Үр дүнд нь гэр бүлийн оролцоо нэлээд нэмэгдлээ. Өдөрт 15 минут хүүхдэдээ ном уншиж өгч хэвшиж байна. Багш нарын давтан унших арга зүй сайжирч байна. СӨББ-ын номын фонд баяжлаа” хэмээв.
Тус арга хэмжээний үр дүнд монгол өв соёлоо дээдлэх талаар цэцэрлэгийн хүүхдүүд төдийгүй тэдний эцэг эх, асран хамгаалагчид, иргэд, олон нийтийн ойлголт нэмэгдэж, сургалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг болж байгаа юм.


10 цагийн өмнө
11 цагийн өмнө
12 цагийн өмнө
Өчигдөр
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.