Боловсролын сайд П.Наранбаяраас сэтгүүлчид цаг үеийн асуудлаар мэдээлэл авлаа. Тодруулбал, энэ сарын 6-нд 11-р ангийн сурагчид бүлэглэн нэгнээ зодож танхайрсан, дүрс бичлэгийг нь цахим сүлжээнд нийтэлсэн гэх хэрэг бүртгэгдээд байгаа билээ.
-Нийгмийн сүлжээгээр тархаад буй 11-р ангийн хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож танхайрсан хэргийн талаар байр сууриа илэрхийлнэ үү?
-Энэ хэргийг холбогдох газрууд шалгаад явж байгаа. Тус хэрэг нь сургуулийн бус орчинд буюу орцонд болсон үйл явдал юм билээ.
Энэ хэргийг болох үед 130 дугаар сургуулийн нэг сурагч байсан талаарх мэдээлэл ирсэн. Мөн тус сургуульд үе тэнгийн дээрэлхэлтийн уур амьсгал бүрдсэн гэдэг нь эцэг, эхчүүдийн санал шүүмжээс харагдаж байна. Тэгэхээр нэн тэргүүнд сургууль энэхүү асуудал дээр эцэг, эхчүүдтэйгээ хамтран ажиллах ёстой.
Нөгөөтэйгүүр, янз бүрийн асуудлаар хүүхдийг нийгэмд харлуулах хүүхдийн нэр хүндэд халдахыг хүлээн зөвшөөрч болохгүй. Тухайлсан хэргийн хувьд хаана болсон, хэдэн хүүхэд оролцсоныг тодруулах ёстой. Бодитой нөхцөл байдалд дүгнэлт хийх ёстой.
Манай яамны зүгээс Нийслэлийн Боловсролын газраар дамжуулан тухайн сургууль дээр ажиллаж, нөхцөл байдлыг тодруулах чиглэл өгсөн.
-Ер нь ийм асуудал дахин гаргахгүйн тулд яам болон сургууль, асран хамгаалагчийн зүгээс ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Хамгийн түрүүнд эцэг, эх сургуультай хамтран ажиллаж байж ийм асуудал дахин гарахгүй нөхцөл бүрдэнэ. Мөн сургуулийн соёлыг бүрдүүлж ажиллахыг бүх сургуулиудад өөрийн зүгээс онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгоод байна.
Ер нь үе тэнгийн дээрэлхэлтийг аюулгүйн сүлжээнд авч үзэх ёстой. Өөрөөр хэлбэл, сургууль дотор, сургуулийн гадна, гэр бүлийн хүрээ гэсэн аюулгүйн сүлжээ үүсгэх хэрэгтэй. Тиймээс хүүхдийн аюулгүй байдлыг хангах аюулгүйн сүлжээний иж бүрэн бодлого боловсруулж эхэлсэн.
Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцооны анхдагч хуулийн төслийг бид өргөн барих бэлтгэл ажлаа хангасан. Засгийн газраар оруулаад танилцуулна. Энэ хуулийн төсөлд 16 нас хүртэлх хүүхдийг нийгмийн сүлжээнд орохыг хязгаарлах заалт бий. Австрали улс энэ хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Дөрвөн сая гаруй аккаунт хаагдсан юм билээ.
Монголчууд үглэхээр үлгэрлэ гэж ярьдаг. Хүүхэд хүний үйлдлийг харж хүмүүждэг. Гэр бүлд өрнөж байгаа үйлдэл, сургууль дээр өрнөж байгаа үйлдэл бүр хүүхдэд сөрөг нөлөө үзүүлэхээр байвал үүнийг алга болгох ёстой. Тухайн сургууль дээр хэн нэгнийгээ шоолоход бөөндөө инээх буруу соёлыг дэлгэрүүлж болохгүй. Зөв соёл ноёлж байх боломжийг бий болгох нь чухал. Өнөөдөр 430 гаруй сургууль дээр сэтгэл зүйч ажиллаж байгаа.
10 цагийн өмнө
11 цагийн өмнө
Өчигдөр
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.