
Сүүлийн жилүүдэд цахим сүлжээ болон бусад мэдээллийн хэрэгслээр хандивын аян болон тусламж хүсэх хүмүүс эрс нэмэгдсэн. Энэ талаар хуульч О.Батхүү өөрийн байр сууриа ийнхүү илэрхийлжээ.
Тэрбээр “Амьдралын боломжгүй, тусламж дэмжлэг хэрэгтэй хүмүүст олон нийт мөнгө цуглуулаад бүх хүний асуудлыг шийдэж чадахгүй. Шийдээд өг гэж бид татвар төлдөг. Тиймээс өөрсдийнхөө кармаг уудлахаас өмнө хийх ёстой ажлаа хий гэж Төр засгаа шахаж шаарддаг больё!
Уралдаж хандив цуглуулаад хэн их цуглуулсан шилдэг нь болох уралдаан зарлаа юу гэлтэй энд ч ийм айл, тэнд ч тийм хүүхэд гээд бужигнаж байна.
Зарим айл бараг 2 дахь удаагаа хандив аваад үгийнхээ дундуур байр сав гэж хэлж байхыг бодоход энэ чиглэлд мэргэшиж байна уу гэж хардахаар. Нэг хэсэг эмчилгээний хандив эрчээ авсан. Олны хандиваар эмчлүүлээд ирсэн нэгэн алдартан цаанаа өчнөөн хөрөнгөтэй, том хаустай байж таарсан. Гэтэл хандив өгсөн хэд юун хаус, зээл түрээсээр явж байгаа хүмүүс. Уг нь бид сар бүр цалингийнхаа 45 хувийг “хандив”-т өргөдөг. Татвар шимтгэлийг яагаад хандив гэх болов гэхээр насаараа ЭМД төлчихөөд ганц удаа эмнэлэгт хэвтэхээр эм тариагаа гаднаас зөөлгөдөг. Төлсөн мөнгөнийхөө үр шимийг нь хүртэхгүй байна гэхээр хандив болж таарна.
30 жил НДШ төлсөн иргэн тэтгэвэрт гарч чадалгүй нас барвал цуглуулсан шимтгэл нь улсын орлого болдог. Бас л хандив. Гэтэл ар гэр, үр хүүхэд, эхнэр нөхөр нь өр зээлтэй үлддэг. Татварын талаар бүр ярих юм биш. Цахилгааны үнэ нэмж цугласан мөнгөөр ЦС-аа засахын оронд Увс аймгийн наадмын талбайн тохижилт хийлээ гээд ярьж байсан.
Ковидын үед хүүхдийн фонд гээд баахан мөнгө цуглуулсан. Нэг охин мөнгө цуглуулдаг гахайгаа хага цохиод хамаг мөнгөө өгч л байсан. Ер нь тэгээд төрийн хийх ажлыг урдуур нь орж хийх тусам, асуудлыг гал намжаах байдлаар аргалах тусам бидний төлөө ажиллах хүмүүс ард үлдэж, бидэнд зарцуулагдах ёстой хөрөнгө буруу замаар ордог. Үүгээр нийгмийн эмзэг асуудлыг хөндөж, араас нь явж байгаа сэтгүүлчдийг буруутгах гэсэнгүй. Хамгийн гол нь бидний төлдөг тэр их татвар, шимтгэл хаашаа алга болов гэдгийг асуудаг болмоор байна” гэжээ.
7 цагийн өмнө
8 цагийн өмнө
8 цагийн өмнө
2025-12-16
2025-12-16
2025-12-16
2025-12-16
2025-12-12
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.