Төрд насаараа зүтгэсэн Ж.Бат-Эрдэнийн “Нүхтийн ам”, нүүрсний ордын түүх

10 цагийн өмнө slider

Балетийн багш бүсгүйтэй төрсөн өдрөө тэмдэглэж буй цээж нүцгэн суугаа зургаараа түмний танил болсон гэхэд дэгсдүүлсэн болохгүй “сахал” хочит Ж.Бат-Эрдэнэ сохор зоосны бизнесгүй гэх атлаа Нүхтийн аманд эзэн суугаад удсан талаар хэвлэлүүд шуугиад хэд хонолоо. Намтраас нь 1996-2000 оны дөрвөн жилийг дарчихвал насаараа төрд ажилласан энэ эр очсон газар бүртээ дарга болдог дардан замтай. Энэ удаагийн хамтарсан Засгийн газарт сайдын суудал олдоогүй ч “Ногоон автобус”-ны хэргийг шалгах түр хорооны дарга гэх сэтэр зүүчихсэн л яваа.

2016 оны УИХ-ын сонгуулиар Булган аймгаас сонгогдон тангараг өргөхдөө 44.5 сая төгрөгийн орлоготой байсан бол 2023 онд 236.3 сая төгрөгийн орлогот нэгэн болсон байгаа юм. Үл хөдлөх хөрөнгө, автомашины үнэлгээ, адуу мал, хадгаламж гээд өсөөгүй, аривдаагүй юм түүнд үгүй. Ямар ч хуулийн этгээдэд сохор зоосны хувьцаагүй атлаа шүү дээ. Булган аймгийн нутгийн зөвлөлийн гишүүнчлэлд багтаж байснаа хожим нэрээ хасуулсан байгаа юм.

Ийм нөхөр Нүхтийн аманд 10 га газар эзэмшиж, бүр орон сууцны хороололтой болж байна гэхээр хэвлэлүүд анхаарал хандуулж, сонирхохоос яалтай билээ. Хэвлэлээр тогтохгүй Авлигатай тэмцэх газар ч анхаарчихад илүүдэх юун.

2000 оноос ТӨРд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын даргаар ажиллаж эхэлсэн Ж.Бат-Эрдэнэ ердөө 7 жилийн дараагаас буюу 2007-2012 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга болсон байдаг.

Төрийн нарийн бичгийн дарга болсных нь дараахан ах Жадамбын Батсайхан Эм Эм Зэт Жэй гэх хуулийн этгээдийг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна хэмээн Улсын бүртгэлд бүртгүүлснийг сэжиглэн анхаарахад гэмгүй. Мөнгө угаах гэдэг шиг аж ахуйн нэгжийн эзэмшил “угааж” төөрүүлдэг жишгийн нэгэн адил Ж.Батсайхан нь 2018.03.22-нд нэрээ хасуулахад төрсөн дүүгийн нь эхнэр тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлаар зөрж томилогдон ажилласан байгаа юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011.06.15-ны өдрийн А-198 тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар 201189 тоот дугаар бүхий гэрчилгээг авсан Эм Эм Зэт Жэй ХХК нь ийнхүү эзэмшил, гүйцэтгэх удирдлагаа сольж сэлгэж байсан нь Ж.Бат-Эрдэнийн хамаарал бүхий гэгдэхээс эмээн “төөрүүлсэн” явдал гэгдэж буйг хэлэх хэрэгтэй.

Улмаар 2016.06 сард Эм Эм Зэт Жэй компани нь 10 га газар дээрээ “Амрагчдын орон сууц” нэрээр 8 блок 12-16 давхар орон сууц барихаар зөвшөөрөл гаргуулж авсан байгаа юм. Үүнд хэвлэлүүд, олон нийт эгдүүцэж байна. Энгийн иргэн, аялал жуулчлалын жижиг компаниуд Улсын тусгай хамгаалалттай Богдхан уулын аманд аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмшдэг ч зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрөө төлөлгүй өнжсөн, байгаль хамгаалах, нөхөн сэргээх төлбөрөө төлөөгүй зэрэг олон шалтгааны улмаас газар ашиглах эрхээ цуцлуулж байхад эрхэм түшээгийн хамаарал бүхий хуулийн этгээд “Амрагчдын орон сууц” гэх гөлөг төөрүүлсэн нэр дор орон сууцны хороолол босгож буй нь шударга явдал биш хэмээн олон нийт бухимдаж байна.

Эрхэм түшээ хамаарал бүхий Эм Эм Зэт Жэй ХХК-иа 2024.04.18-нд МонКон группийн захирал Б.Амартүвшинд шилжүүлсэн гэж Улсын нээлттэй бүртгэлийг өмнөө барих ч 8 блок 12-16 давхар орон сууц барих зөвшөөрөл авах хүртэлх бүх процессыг нэхэн шалгах, сурвалжилж судлах нь зүйн хэрэг байх.

Тэрчлэн Эм Эм Зэт Жэй ХХК-ийн нэр дээр 2008.08.25-ны өдөр авсан Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Улаан хэц нэртэй 406.46 га талбай бүхий XV-014055 тоот дугаартай нүүрсний уурхайн хайгуулын тусгай зөвшөөрлийг хэрхэн авсан, уг зөвшөөрлөө 2010.12.23-ны өдөр Улаан хэцийн шанд хэмээх Хятад улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид шилжүүлсэн баримтыг ч орхигдуулж болохгүй юм.

Улаан хэцийн шанд хэмээх хятад компани 2010.11.29-нд байгуулагдаад сар ч хүрээгүй хугацааны дараа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн хамаарал бүхий этгээдийн Эм Эм Зэт Жэй ХХК-аас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дах 406.46 га газар бүхий нүүрсний уурхайг шилжүүлэн авсан нь Төгрөг нуурын ордыг зарсан үрсэнтэй ижил түвшинд анхаарал татаж буйг хэлэх хэрэгтэй.

2000 он хүртэлх дөрвөн жилийг эс тооцвол насаараа төрд зүтгэсэн энэ эрхэм дээрх фактуудад огтын хамааралгүй гэж үзвэл хэтэрхий үнэмшилгүй юм. Тиймээс Төгрөг нуурын ордыг зарсан дуулианд буруутгагдан шалгагдаж эхлээд буй Х.Баттулгын нэгэн адил Ж.Бат-Эрдэнэ ч шалгуулаад үнэн мөнөө тогтоолгочиход гэмгүй биз. Түүний ах дүүсд хамаарах зарим мэдээллийн дэлгэрэнгүйг үргэлжлүүлэн хүргэх тул энд түр орхиё.

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.