Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт: Миний бие мөнгөн байтугай шаазан аяга ч аваагүй

2025-01-28 Бор шувуу

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганхуяг салбарын сайд болон таван хүний 50 насны төрсөн өдрийг тэмдэглэх тушаал гаргасан нь олон нийтийн сүлжээнд тархаж, олны бухимдлыг төрүүлж буй юм.

Тиймээс эл асуудалд салбарын сайд С.Бямбацогт “Надад болон нэр бүхий хүмүүст мөнгөн аяга гардуулах тушаал гаргасан нөхдийн өмнөөс хүлцэл өчье.
Үнэнийг хэлэхэд би тэр аягыг нь огт аваагүй болно.
Ийм ёс зүйгүй тушаал шийдвэр яагаад гаргав гээд асуухаар хуучин тогтсон уламжлал, бүх яаманд угаасаа байдаг л зүйл гэсэн молхи тайлбар хийснийг хувь хүнийхээ хувьд дургүйцэж хүлээж авсан.
Би сайдаар ажиллаж байх цагтаа Батлан Хамгаалах Яам, ЗХЖШ-т дахиж ийм зохисгүй үйлдэл гаргуулахгүй.
Дахин хэлэхэд миний бие мөнгөн байтугай шаазан аяга ч аваагүй болохоо мөн хэзээ ч тийм зүйл авахгүй гэдгээ холбогдох хүмүүст хатуу сануулсан болно” гэсэн тайлбар хийлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.