“Та НӨАТ-ын сугалааны азтан боллоо” хэмээн кибер залилан хийж байна гэв

8 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл


“Та НӨАТ-ын сугалааны азтан боллоо”, “Гаалийн хураамж төлөөгүй тул таны илгээмжийг илгээх боломжгүй байна”, эсвэл гадаадад байдаг хамаатан садны нэрийг барин мөнгө нэхэх зэрэг үйлдлүүд нь гарч байгаа бөгөөд энэ нь Кибер халдлагын фишинг төрлийн нэг хэлбэр болохыг ЦХИХХЯ-наас мэдээллээ.

Таны утсанд дээрх байдлаар мессеж ирэх, цахим шуудангаар мэдэгдэл илгээх, линк явуулах, эсвэл сүрдүүлэх айлгах тактикийг хакерууд ашигладаг аж. Жишээлбэл, тухайн илгээсэн линк рүү дараад орсон тохиолдолд таны мэдээллийг бүрэн авах боломжтой гэдгийг анхаараарай. Зөвхөн линк дээр л дарсан хэмээн бодож болохгүй үүнийг дагаад нэр, овог, утасны дугаар, регистрийн дугаарыг тань мэдээд авчихна. Улмаар дээрх мессежинд итгэн, картын дугаар, нууцлалын 3 оронтой тоогоо өгсөн тохиолдолд таны дансанд мөнгөө бүгдийг авах боломжийг халдлага үйлдэгч этгээдэд олгож байна гэсэн үг.

Одоогийн байдлаар Монголд 12 төрлийн кибер халдлага бүртгэгдээд байна. Үүнээс хувь хүн рүү чиглэсэн фишинг, албан байгууллага руу чиглэсэн рансомвэйр халдлага түгээмэл байна. Мөн Botnet халдлага ч бий. “Интермэд” эмнэлэг рүү халдсан тохиолдол нь рансомвэйр халдлага юм. Энэ нь тухайн байгууллагын мэдээллийг барьцаалж, мөнгө нэхдэг байна. Ийм төрлийн халдлага дэлхийн 150 гаруй улсад бүртгэгджээ. Харин фишинг халдлага гэдэг иргэдийн амархан мөнгөтэй болох, азтан болох сэтгэлгээ дээр тоглолт хийн, линкээр өгөөш өгч мэдээлэл авахыг хэлнэ. Botnet гэдэг нь төв компьютероос команд өгч, вирус нэмж суулгах үйлдлийг хэлнэ.

Тиймээс эрсдэлтэй линк рүү дарж орохгүй байх, хувийн мэдээллээ чанд нууцлах, албан ёсны зөвшөөрөлтэй програм ашиглах нь таныг аливаа эрсдэлээс хамгаална. Халдлага, зөрчлийн талаар мэдээлэл авахыг хүсвэл ЦХИХХЯ-ны харьяа Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн 113 дугаарт хандахыг зөвлөлөө.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.