Хятадад нохойн махны баяр эхэллээ

2017-06-22 Ертөнц

Олон нийтийн асар их шүүмжлэл дагуулдаг нохойн махны баяр Хятадын Юлин хотод эхэлжээ. Жил бүрийн зун тус хотод 10 хоногийн турш нохойн махны баяр гээчийг тэмдэглэдэг болоод цөөн жилийг үдэж байгаа. 10-хан хоногийн дотор 10  мянга шахам нохой муурыг хөнөөж, хүнсэнд хэрэглэдэг энэ харгис баяр өнгөрсөн жил олон улсын анхаарлыг татаж, энэ явдлаа зогсоохыг шаарддаг болсон. Гэвч шүүмжлэлийг үл хэрэгсэн Юлины оршин суугчид баяраа эхэлж, гудамжинд нохой, муурны махаа зарж эхэлсэн байна. Хотын захиргаанаас энэ баярыг албан ёсоор зохион байгуулаагүй учраас хориглох аргагүй гэдэг тайлбарыг албаныхан өгч байна. Гэвч олон нийтийн зүгээс харгис балмад энэ явдлаа зогсоо гэдэг шаардлагыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр дамжуулан илэрхийлсээр байна. Амьтанд хайртай зарим хүн нядлахаар ачиж ирсэн хэдэн зуун нохойг худалдан авч аварсан явдал өнгөрсөн жил гарч байсан. Энэ жил ч иргэдийн иймэрхүү тэмцэл тасрахгүй бололтой. Хятад, Солонгос зэрэг Азийн зарим оронд сэрүүн чанартай нохойн махыг зуны халуун улиралд идэх уламжлал 500 жилийн тэртээгээс эхтэй гэлцдэг. Гэхдээ нохойн махны баяр гэж хийж байсан түүх үгүй, сүүлийн үед л гарч ирсэн аж.

Б.Номун

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.