Ангэла Мэркэлийн үлдээсэн аймшигт өв

2024-11-4 Uncategorized

 

Германы Холбооны канцлераар 2005-2021 онд 16 жил ажилласан Ангэла Мэркэл дурсамж номоо бичиж дуусгасан нь энэ сарын 26-нд худалдаанд гарах юм байна. Германы Засгийг олон жил толгойлж байхдаа маш нэр алдартай байсан тэрээр оросууд Украинд түрэмгийлснээс хойш дагаад нэр хүнд нь хурдан унах боллоо. Европын холбоог сулруулсан, Германы эдийн засгийг Орос, Хятадаас хэт хараат болгосон, НАТО болон Германы батлан хамгаалах хүчийг зөнд нь хаясан гэх мэт маш олон зэмлэл хүртэх болжээ. Дурсамжийн ном нь худалдаанд гарахын өмнө Английн Экономист хэмээх буурьтай сэтгүүлд Мэргэлийн талаар таагүй дүгнэлт хэвлэгдсэнийг орчууллаа.

АНГЭЛА МЭРКЭЛИЙН ҮЛДЭЭСЭН АЙМШИГТ ӨВ

Хойд Европын улс орнуудаас хоёр эмэгтэй удирдагч улс төрийн ой санамжид баттай үлджээ. Эмэгтэй гэдгээсээ үл хамаараад Ангела Мэркэл, Маргарэт Тэтчэр хоёр улс төрийн хувьд оршин тогтнох чадвартай баруун төвийн үзэлтнүүдийн дүр гэдгээрээ адилхан. Тэгсэн мөртөө тэр хоёр улс орноо тэс өөр байдлаар удирдаж байсан. Нэг нь гартаа барьсан эмэгтэй хүний цүнхээрээ түрий барьж байсан бол, нөгөө нь хамтрагчдыгаа тэвчээртэйгээр ятгаж дөнгөдөг байлаа. Тэднийг ажлаа өгсний дараа ч өсвөр насныхан хүртэл өөр хэн нэгэн улс орныг нь удирдаж байсныг санахгүй байлаа шүү дээ. Харин тэр хоёрын дараа үлдсэн өв залгамжлал шал өөр харагдаж байна. Тэтчэр хэдийгээр 1990 онд өөрийн намыхныхаа шахалтаар огцорсон ч гэсэн тэр цагаас хойш дайны дараах Британийн шилдэг удирдагчдын санал асуулгад тэргүүлсэн хэвээр. Одоогийн Ерөнхий сайд Кэйр Стармэр өмнө нь байсан Ерөнхий сайдынхаа хөргийг өнгөрсөн сард албан өрөөнөөсөө гаргаж өөр хэсэгт шилжүүлснийх нь төлөө хатуу ширүүн шүүмжлэлтэй тулгарсан. Хатагтай Мэркэл дөрвөн удаа сонгогдсоныхоо дараа тэтгэвэрт гарахаар шийдсэн ч маш алдар хүндтэй хэвээр байна. Намынх нь байтугай сөрөг хүчин нь ч түүний өмсөж байсан нөмрөгөөр хээнцэрлэх гэж оролддог. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөх бүр Мэркэлийн хаанчлал Германыг шавар шавхай руу хэрхэн түлхэж байсныг сануулсаар.

Төмөр фраугийн 736 хуудас бүхий дурсамж ном нь энэ 11-р сарын 26-нд хэвлэгдээд гарахад, үлдээсэн жинхэнэ өв нь хүмүүсийн анхаарлыг бүр хүчтэй татах байх. Урьд нь улс төрийн өрсөлдөгчдөө угсраа цохилтоор нам цохин ялалт байгуулж байсан сайхан цагтай харьцуулахад, энэ удаагийн дурсамж нь өөрийгөө өмгөөлсөн, илүүтэй хамгаалалтын өнгө аястай байх болов уу даа. Хатагтай Мэркэлийн гаргасан бараг бүх том шийдвэр нь Германыг, тэр дундаа Европын холбоог бүхэлд нь улам дордуулахад хүргэсэн шүү дээ. Геополитикийн хувьд тэрээр Америкгүйгээр өөрийгөө хамгаалах чадваргүй болголоо, Хятадын импортгүйгээр эдийн засаг өсөхгүйгээр болголоо, дотоод аж үйлдвэрлэл нь Оросын хийгүйгээр ажиллах аргагүй болголоо. Ийм гурван аюултай хараат байдалтайгаар улс орноо орхисон. Эдийн засгийн тайлангийн нарийвчилсан дүгнэлтийг үзвэл үүнээс ч илүү аймаар. 16 жилийн турш ямар ч шинэчлэл хийлгүй будилуулсанаар Германыг Европын эдийн засгийн өвчтэй хүн болгов.

Юу буруу болсон бэ? “Владимир Путин” бол энгийн хариултуудын нэг нь л юм. ОХУ-ын ерөнхийлөгч 2022 онд Украинд бүрэн хэмжээний цөмрөн довтлох шийдвэр гаргахад Германы бэлтгэл тун базаахгүй байсан нь зөвхөн онолын алдаа төдий биш гэдгийг харуулсан. Хатагтай Мэркэл ноён Путинтэй байнга уулзаж байсан нь (бие биенийхээ хэлээр харилцан ярьдаг нь тэднийг бүр ч хөгжөөсөн) биенийгээ “ойлголцоход тусалсан.”. Тэр хэзээ ч Путинд үнэхээр итгэж байгаагүй гэдгээ дурсамждаа давтаж, 2014 онд Украинд эзлэн түрэмгийлсний дараа Орост хориг арга хэмжээ авах хөдөлгөөнийг хэрхэн удирдаж байснаа дэлхий дахинд сануулах гэж оролдох нь дамжиггүй.

Гэсэн хэдий ч хамгийн нойрмог тоймч хүртэл Германы батлан хамгаалахын зардал яагаад түүний албан тушаал хашиж байх хугацаанд ДНБ-ий 1.3% орчим болтлоо буурсан юм бол гэж гайхаж л таарна.. Хамгийн барцадтай нь, тэр яагаад Оросын хий Германы хэрэглээний хамгийн том хэсгийг бүрдүүлэхийг зөвшөөрөв, тэр байтугай 2014 оноос хойш Оросоос шинэ хоолой нэмж татахыг дэмжив? 2011 онд Фукушимагийн ослын дараа Германд үлдсэн атомын цахилгаан станцуудыг хаахыг Мэркэл уриалсан нь тун ч таагүй санаачлага байсан төдийгүй тус улсын Оросоос хамаарлыг улам морийг нь унуулав. Германы аль ч аж үйлдвэр тос нь таарсан машин шиг гялалзтал ажиладаг атал яагаад өөрийн орны үйлдвэрлэлд эргэлзэх болов? Хүний эрхийн асуудлаар цөөн хэдхэн шүүмжлэлтэй үлдсэндээ баяралсан Хятад улс экспортоо улам нэмэгдүүлж байхад, Герман өөр бас нэг дарангуйлагч дэглэмд автаж байна гэдэгт огт санаа зовсонгүй.

Европын холбооны дээд хэмжээний уулзалтад хэрхэн оролцож байсан тухай номын ихэнх хэсгийг бахархалтайгаар дүүргэх боловч бусад тохиолдолд Мэркэл цагаа юунд зарцуулж байсныг шалгаад үзэхэд гэмгүй.. Шарламан хаан хөдөө нөлөөгөө нэмэгдүүлэхийн тулд орон нутгийн захирагчдад эрх мэдлээ үлдээдэг байсны нэгэн адил, Мэргэл Брюсселийн цонхгүй хурлын танхимд 100 гаруй цаг суусан нь, нэг герман хүн бүтэн жил ажилласанаас ч олон цагийг тэнд өнгөрөөжээ. Тэгээд юуны төлөө? Чухам энд л түүний бөөн гавъяа нь ил харагддаг ч, яаралтай чухал шийдвэрүүдийг үргэлж хойшлуулж байдаг Мэргэлийн үнэн нүүр царай илүү тодроно. Нэлээд асуудлыг зөв зүйтэй шийдэж байсан нь үнэн ч, тэр хүртлээ удтал идэвхигүй байж цаг хугацаа алдсанаас болж асуудал улам дордон хүндэрсэн хойно шийдвэр гаргадаг байлаа. Энэ нь тухайн гал унтраахад анхаарлаа төвлөрүүлсэн ч ирээдүйгээ бодсон хангалттай анхаарал хандуулаагүй гэсэн үг юм. Тийм л дээ, Европын холбоо хэсэгтээ тун дажгүй байсан, гэхдээ ямар хэлбэрээр?

Гурван том алдаа нь удалгүй ил болсон. Зарим гишүүн орон, ялангуяа Унгар улс ардчилсан үзэл бодлоосоо ухарсан нь Европын холбоог тун эмзэг болгожээ. Хатагтай Мэркэл энд маш их буруутай, учир нь тэрээр Европын холбоо дотор шинээр төрөн гарч ирж буй дарангуйлагч Виктор Орбаныг шүүмжлэлээс хамгаалдаг байсан. Шалтгаан нь Унгар Германы үйлдвэрлэлийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд холбогдсон учраас байх л даа. Хоёр дахь нь Европын эдийн засгийг удаашралтай замд түлхэн оруулсан. Италийн Ерөнхий сайд асан Марио Драги саяхны илтгэлдээ Европын эдийн засгийн бодлого боловсруулалтыг хүчтэй шүүмжлэн, АНУ-аас яагаад хол хоцорч байгаад дүн шинжилгээ хийн онцолжээ. Эцэст нь тэрээр цагаачлалд эелдэг найрсаг хандсанаар 2015 онд нэг сая гаруй Сирийн болон бусад орны хүмүүсийг Германд урьж авчирсан. Хүмүүнлэг талаасаа сайшаалтай боловч Герман болон Европын бусад газарт хэт барууны үзэл гааран хүчээ авахад тусалсан улс төрийн том алдаа юм.

Энэ хатагтай шинэчлэлийн төлөө биш

Үйл явдал цөөш хэрхэн өрнөсөн нь дэндүү хоржоогтой. Герман өмнөд европчуудыг хэмнэлтийн бодлогод уриалж байсан бол одоо өөрийнх нь хатуу арга барил нь харин ч буруу болж харагдах боллоо. 2009 онд хатагтай Мэркэлийн үеэс бий болсон төсвийн алдагдлыг хязгаарласан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь төрийн үйлчилгээнд байнгын хөрөнгө оруулалт дутмаг байдалд хүргэсэн. 0%-ийн хүүтэй зарцуулах зардал нь Германыг 21-р зуунд тохируулсан гэх. Гэтэл эдийн засгийн гүүрнүүд шууд утгаараа нурж, хурдалж явсан галт тэрэгний систем бодлогогүй хандсаны улмаас эвдэрч, капут боллоо.

Европ хэдийнээс өнөөгийн энэ өрөвдмөөр байдалд орчив гэж гайхаж байгаа хүмүүс, хатагтай Мэргэлийн удирдаж байсан үеийг эргэж нэг харан дурсах нь зүйтэй байх. Түүний дурсамжийн ном хэвлэгдэж гарахаар германчууд уншаад өөрсдийн дүгнэлээ өгөх боломж гарна. 2000-аад оны эхээр хатагтай Меркелийн өмнөх канцлер Гэрхард Шрөдэрийн дэвшүүлсэн алдарт либерал шинэчлэлийг эсэргүүцэж, удаа дараа эсрэг санал өгсөн хүмүүс (гэхдээ Путины өндөр цалинтай найзын хувьд албан тушаалаа өгснийхөө дараа өмгөөлөгч нь болсныг мартангаа) эргэж дурсаарай. Хатагтай Мэркэлийн хувьд гэвэл тэрээр Герман орныг төсөөллийн хуурмаг ертөнц байгаа мэтээр удирдсаар, геополитик, эдийн засгийн сэрэх шаардлагаггүй гүн нойронд урт хугацаагаар автуулсныг санагтүн.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.