Чуулган: Байр суурь

2024-10-4 Парламент

УИХ-ын ээлжит чуулганаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Энэ үеэр зарим гишүүдийн илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.

 Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Эрчим хүчний салбарт нэгж цахилгаан эрчим хүчийг 285 төгрөгөөр үйлдвэрлэж, 140 орчим төгрөгөөр борлуулж байгаагаас маш их алдагдалд орж, өр төлбөр хяналтаас гарсан. Тиймээс тус салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлснээр 2027-2028 оны өвлөөс эхлэн цахилгаан хязгаарладаг явдал байхгүй болно.

Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр:

-Улс орны эдийн засгийг дан ганц уул уурхайн салбар, ашигт малтмалын үнийн савлагаанаас хамааралтай байдлаас гаргаж, баялгийн хараалыг эцэс болгохын тулд хийх ёстой эхний алхмуудыг хийж, ард нь гарах нь зүйтэй. Тиймээс бид эдийн засгаа солонгоруулж, нэг хүнд ноогдох ДНБ-ний хэмжээг 10 000 ам.долларт хүргэж чадвал нийгмийн олон асуудал шийдэгдэнэ.

Түүнчлэн Хуримтлалын санд энэ онд 490 тэрбум, ирэх жил 524 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хуримтлуулна. Үүн дээр арилжааны банкууд болон Монголбанкнаас эх үүсвэр нэмснээр 2025 онд ипотекийн зээлийн 1.3 их наяд төгрөгийн эх үүсвэр бий болно.

Мөн орлогод нийцсэн орон сууц худалдан авах иргэдийг дэмжих хүрээнд “Хуримтлалын сан” байгуулсан. Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний орон сууцжуулалтын Үндэсний хороо бодлогын түвшинд ажиллаж буй. Амины орон сууцад ипотекийн зээл олгох боломжийг нээсэн хэдий ч холбогдох гэрчилгээжүүлэлт, стандартыг батлаагүй байгаа нь сорилт болоод байна. Түүнчлэн зорилтот бүлэгтээ оновчтойгоор хуваарилах зэрэг асуудал гарч байгаа бөгөөд эдгээрийг шийдвэрлэх арга хэмжээг ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан” гэсэн нэмэлт тайлбарыг хийсэн юм. Ипотекийн зээл олголтын 50 хувийг нийслэлд, гэхдээ төвөөс алслагдсан орон сууцанд олгох, үлдсэн 50 хувийг орон нутагт олгох бодлого баримтлаж байна.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара:

-“Цалинтай ээж” хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, “Миний сонголт-Орон нутаг” хөтөлбөрийн хэрэгжилтэд шат шатандаа анхаарал хандуулж, оролцож ажиллах зүйтэй.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тулгуур үзэл санааг хөгжлийн төлөвлөгөөний шалгуур үзүүлэлт болгох, мөн бодлого, чиглэлээ зөв эрэмбэлэх шаардлага байна.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Хамтарсан Засгийн газар байгуулагдсан энэ үед эхний ээлжинд урт хугацаанд үр дүнгээ өгөх нийлүүлэлтийн бодлогод анхаарч ажиллах ёстой.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.