С.Энхжаргал: Бидний зүгээс төрөл бүрийн аргаар санал тоолох төхөөрөмжийг шалгахад ямар нэгэн алдаа гараагүй

2024-06-26 Мэдээ, мэдээлэл


Иргэний нийгмийн байгууллагууд УИХ-ын 2024 оны сонгуулийн үйл явцад хийж буй ажиглалт, мониторингийн явцын талаар мэдээлэл хийлээ.

“МИДАС” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Энхжаргал “Энэ удаагийн сонгуулийн гол онцлог нь санал тоолох төхөөрөмжийн хувьд саналыг хуудсыг 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого хийнэ. Тухайлбал, санал авах ажиллагаа дууссаны дараа сонгуулийн бүх хэсэгт гар тооллого хийж тулган баталгаажуулна. Гэвч иргэдийн дунд сонгуулийн үеэр санал тоолох төхөөрөмжтэй холбоотой хардлага байсаар байна. Иргэдийн хувьд санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг уншихдаа өгсөн саналыг арилгаад өөр хүн дээр санал тэмдэглэж уншуулж байна гэж харддаг. Санал өгөхөд тусгай үзгээр тэмдэглэж байгаа нь ч хардлага төрүүлдэг. Тэгвэл үүн дээр бид шалгалт явуулах үүднээс индүү халааж санал дугуйлсан цаасан дээр 40 секунд дарж үзэхэд асуудал гараагүй. Санал өгөхөд тусгай үзэг ашигладаг шалтгаан нь хурдан хатдаг бэхээр тэмдэглэгээ хийхгүй бол төхөөрөмжийн унших толгой бохирдож дахин, дахин цэвэрлэх шаардлага тулгардагтай холбоотой. Зарим иргэн санал хураалтын дүнг сервер рүү дамжуулахад нь хакердаж өөрчилдөг гэж харддаг. Энэхүү ойлголтыг залруулбал, санал хураалтыг дамжуулахаас өмнө төхөөрөмжөөс дүнг хэвлэж, нам, эвслийн болон иргэний нийгмийн ажиглагчдад тус бүрд нь нэг хувь өгдөг. Үүнээс гадна саналын хуудсыг гараар тоолон тулгаж хяналтын тооллого хийж буй дүнг дамжуулсан дүнтэй тулган хянах боломжийг нээдэг. Иймд дээрх хардлага нь үндэслэлгүй гэдгийг хэлье” гэлээ.

Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооноос энэ сарын 21-нд улс төрийн нам эвсэл болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлд сонгуулийн тойргууд руу ачигдахад бэлэн болсон санал тоолох төхөөрөмжөөс өөрсдөө санамсаргүй байдлаар сонголт хийж туршиж үзэх боломж олгосон. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллагууд нээлттэй оролцсон. Ингэхэд саналын хуудсанд бичигдсэн нэр бүрийг зөв уншиж байгаа эсэхийг эхний ээлжид шалгахад төхөөрөмж горимын дагуу хэвийн ажиллаж байсан. Улмаар саналын хуудсанд давхар дугуйлах аргаар шалгахад төхөөрөмж давхар саналтай хуудас болохыг таньж буцаасан. Ийнхүү бидний зүгээс төрөл бүрийн аргаар санал тоолох төхөөрөмжийг шалгахад ямар нэгэн алдаа гараагүй. Харин саналын хуудас дээр санал өгөхгүй хүн дээрээ цэг тавиад орхисон бол төхөөрөмж алдаатай гэж үзэн буцааж байсан. Иймд сонгууль ойртож байгаатай холбоотойгоор анхаарах, бэлтгэх хэд хэдэн зүйлс иргэдэд зөвлөе.

Сонгууль өгөхдөө анхаарах зүйлс:

Аль хэсэгт хаана санал өгөхөө мэдэх
Тойргийн мандатын тоогоо мэдэх
Иргэний үнэмлэх бусад холбогдох баримтаа бэлтгэх
Цагаа тооцоолох
Сонгох нэр дэвшигчид, нам эвслийн мөрийн хөтөлбөр, танилцуулгатай танилцаж сонгох нэр дэвшигчид, нам эвслээ тодорхойлсон байх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

Санал тэмдэглэхдээ анхаарах зүйлс:

Мандатын тооноос дутуу эсвэл илүү биш яг тоотой тэнцүү дугуйлна
Тэмдэглэхийг хүсээгүй газраа цэг ч тавьж болохгүй эргэлзээтэй хуудас гэж үзнэ.
Сонгохыг хүссэн нэр дэвшигчийн өмнөх дугуйг дүүргэж будна
Таны саналыг хэн нэгэн хүн эсвэл камер харж байгаа эсэхийг анзаарч нууцлал алдагдахаар бол хэсэгтээ мэдэгдэх хэрэгтэй.

Саналын хуудсаа төхөөрөмжид уншуулахдаа анхаарах зүйлс:

Саналаа хавтсанд хийж очих
Санал тоолох төхөөрөмжийн дэлгэцнээ саналын хуудас уншуулахад бэлэн гэсэн мэдээлэл гарсан эсэхийг харах
Саналын хуудас татагдаж уншсан ч цааш хайрцаг руу ортол хүлээх
Дараагийн буюу хоёр дахь хуудсаа уншуулахдаа санал тоолох төхөөрөмж дахин бэлэн болсон эсэхийг шалгах

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.