Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр буюу Биокомбинат орчимд Туул гол үерийн аюултай түвшинг 82 см даван үерлэжээ. Үүнээс үүдэж Биокомбинат орчим усанд автсан нөхцөл байдалтай байгаа аж. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Хан-Уул дүүргийн онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагууд усанд автсан иргэдийг нүүлгэн шилжүүлж аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга Л.Тамир дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын алба хаагчид, нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид хамтран Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутаг дэсгэрт Биокомбинат орчимд ажиллалаа. Ингэхдээ автомашин болон завь ашиглан 69 айл, гурван амралт сувиллын газраас нийт 304 иргэнийг аюулгүй бүсэд шилжүүлсэн. Мөн үргэлжлэн орсон борооны улмаас Тэрэлж гол үерийн аюултай түвшинг даван үерлээд байна. Мэргэжлийн байгууллагуудаас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэлэл, анхааруулыг өгсөөр байхад иргэд хайнга хандаж өөрсдийгөө эрсдэлд оруулж, эд хөрөнгөөрөө хохирч байна. Тэрэлж орчимд амарч зугаалж буй иргэд голоос гарч чадахгүй байгаа нөхцөл байдал үүссэн. Улмаар амрагчид Онцгой байдлын газарт хүүхэд өвдсөн, өвчтэй хүн байна гэж гол гаргуулах зорилгоор худлаа дуудлага мэдээллийг өгөх асуудал гарч байна. Бидний ажилд давхар хүндрэл учруулж, худлаа дуудлага мэдээлэл өгөхгүй байхыг анхааруулъя. Ирэх долдугаар сар мөн гэнэтийн түр зуурын аадар бороо их орох урьдчилсан мэдээ гарсан байгаа. Тиймээс иргэд энэ мэт гол усанд автах эрсдэлээс урьдчилан сэргийлж хөдөө орон нутгийг зорихдоо болон амарч зугаалахдаа гол усны дэргэд аль болох хоноглохгүй байх, Цаг уур орчны шинжилгээний газраас гаргаж буй мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулъя” гэв.
Мөн Туул гол үерийн түвшинд хүрч голын ус эргээсээ хальж, БЗД-ийн 11-р хороо Их тэнгэрийн уулзвараас зүүн тийш Бага тэнгэрийн ам хүртэл зорчих хэсгийн хойд талд байрлах объектууд үерт автсан нөхцөл байдалтай байгаа ажээ. Туул голын урсац эргээсээ хальж голын түвшин цаашид нэмэгдэх нөхцөл байдалтай байгааг албаныхан хэлж байна. Тиймээс иргэдийг тус чиглэлд зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
16 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.