Цаг агаарын нөхцөл байдлын талаар Улсын онцгой комисс /УОК/-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ЦУОШГ-ын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг нар өнөөдөр /2024.06.21/ мэдээлэл хийлээ.
Өнөө шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хүйтэн бороо үргэлжлэн орно. Иймд УОК-оос үерийн аюулаас сэрэмжтэй байхыг нийт иргэддээ анхааруулж байна. Тэрэлж голын усны түвшин өмнөх өдрөөсөө 43 см- ээр, Туул гол Босгын гүүр орчим 58см, Сэлбэ гол Санзай орчимд 18см -ээр нэмэгдэн үерийн түвшинг даван үерлэж байна. Туул гол Зайсан орчимд 51 см-ээр, Сэлбэ гол Дамбадаржаагийн гүүр орчимд 18 см, Улиастай гол 19см-ээр нэмэгдэн олон жилийн дунджийг даван үерийн түвшинд хүрэхэд 7-15см дутуу байна. Ер нь цаг агаарын эрсдэлт төлөв цаашид нэмэгдэх хандлагатай байна.
Үер усны гамшгаас сэргийлэх бэлэн байдлын удирдамж, чиглэлийг бүх шатны байгууллагууд хэрхэн хангаж буйд УОК-ын Шуурхай штаб хяналт хийж ажиллаж байна. Зургадугаар сарын 21-нээс эхлэн төв болон зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн усархаг, дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар эрс сэрүүсэх төлөвтэй байна.
Түүнчлэн Улаанбаатар хотод үерийн аюул нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Налайх дүүргүүд хамгийн их эрсдэлтэйд орж байна.
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээгээр үерийн аюултай бүсэд 2063 айл өрх суурьшиж байгаагийн 444 нь зөвшөөрөлгүй айл өрх байна.
Эдгээр айл өрхийг болзошгүй аюул эрсдэлээс сэргийлэх, үерийн далан, суваг шуудууг хүчитгэх чиглэлээр ажиллаж байна. Мөн зуслагийн бүсэд амарч байгаа иргэд хүйтний эрсдэлээс сэргийлэн гал түлэхдээ угаар, галт түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна гэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.