Мүүн Жэй Ин амлалтаа биелүүлэхээр төсөвт 9.9 сая тэрбум доллар суулгах санал оруулжээ

2017-07-7 Ертөнц

Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Мүүн Жэй Ин төрийн тэргүүн болмогцоо ажлын байр нэмэгдүүлнэ гэсэн сонгуулийн амлалтаа биелүүлэхээр ажиллаж эхэлсэн. Хэдийгээр БНСУ-д ажилгүйдлийн хэмжээ 3.6 хувьтай байгаа ч шинэ Ерөнхийлөгч төрийн болон нийтийн үйлчилгээний албанд 810 мянган ажлын байр шинээр бий болгоно гэж амласан. Энэ амлалтынхаа түрүүч болгож төсөвт 9.9 сая тэрбум долларын нэмэлт өөрчлөлт оруулахаар санал оруулжээ. 11.2 их наяд вонтой тэнцэх энэ мөнгөөр 110 мянган ажлын байр шууд болон шууд бусаар нэмэх аж.

БНСУ-д ажилгүйдлийн түвшин дөнгөж 3.6 хувьтай байхад ийм их ажлын байр нэмэх шаардлага бий эсэхийг уншигчид гайхаж магадгүй. Тэгвэл нийт дүр зургаараа ажилгүйдлийн түвшин бага байгаа ч насны ангиллаар авч үзвэл дөнгөж сургууль төгссөн 20-иод насны туршлагагүй залуус болон 50-иас дээш ахимаг насныханд ажлын байр хомс байгаа аж. Жишээлбэл, зөвхөн залуучуудыг авч үзвэл 9.3 хувь нь ажилгүй байна. Гэтэл ажилтай гэх залуусын тэн хагас нь албан бус ажилтан буюу цагийн ажил хийдэг аж. Ер нь Солонгосын  нийт ажилтнуудын гуравны нэг нь цагийн ажил хийдэг гэсэн тоо байдаг. Орон тооны бус, цагийн ажилтан байна гэдэг хууль ёсоор хамгаалагдаж, нийгмийн даатгалд хамрагдаж чадахгүйгээс эхлээд олон сөрөг талтай. Энэ нь нийгэмд баян ядуугийн ялгааг улам бүр нэмэгдүүлж байгаа учраас Мүүн Жэй Ин Ерөнхийлөгч “эдийн засгийн ардчилал” тогтооно гэж амлаж байгаа юм. Харин өнөө үеийн Солонгос залуус өөрсдийгөө алдагдсан үеийнхэн гэж нэрлэж байна. Тэд ирээдүйн ажил амьдрал нь тодорхойгүйгээс хайр сэтгэл, гэрлэлт, үр хүүхэдтэй болох гэсэн амьдралын гурван чухал зүйлээ золиосолж байна гэж гомдоллох болсон юм.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.