С.Бямбацогт: АНУ руу долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэх боломжтой

2023-08-4 Гадаад харилцаа


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан ёсны айлчлалын хүрээнд “Тээврийн салбарын харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Америкийн Нэгдсэн Улсын Тээврийн яам хоорондын Санамж бичиг”-т талууд гарын үсэг зурлаа.

Энэ тухайд Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтоос тодруулахад “Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Тээврийн яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Үүнээс гадна Төрийн департмент, Тээврийн яам хамтарсан гурвалсан гэрээг мөн байгуулсан. Энэ нь хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулагдсан гэсэн үг юм. Нэг үгээр хэлбэл түүхэн гэрээ болж байна. 2002 оноос хойш хорь гаруй жилийн хугацаанд АНУ-аас манай улс руу шууд нислэг үйлдэх санал тавьсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, агаарын тээврийн либерчлалын хүрээнд АНУ руу ийнхүү шууд нислэг үйлдэх боломжтой боллоо. Түүнчлэн тодорхой бэлтгэл ажил хангагдах ёстой учраас 2024 оны эхний хагас жилд багтаан шууд нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөсөн.

Өнгөрсөн хугацаанд АНУ руу зорчихын тулд Бээжин, Истанбул, Сөүлээс дамжих байдлаар хамгийн багадаа 24-48 цаг зарцуулдаг байсан. Харин шууд нислэг үйлдэж эхэлвэл Улаанбаатар хотоос АНУ руу 12 цаг нисэж, тус улсын аль ч хотод очих боломжтой болох юм. Ингэснээр нислэгийн хугацаа 2-3 дахин буурна. Мөн хамгийн ойрхон учраас Сан Франциско хот руу нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Мэдээж хэрэг нислэгийн хугацаа багасч байгаа учраас тасалбарын үнэ мөн буурна. Өнөөдрийн байдлаар тус улс руу зорчих тасалбарын үнэ 3000-4000 доллар байгаа бол шууд нислэг үйлдсэнээр тасалбарын үнэ 1500 орчим доллар болж буурах юм. Өөрөөр хэлбэл манай улсын иргэд богино хугацаанд, хямд тасалбараар АНУ руу зорчих боломжтой болж байна.

2019 онд АНУ, Монгол улс хооронд 60 мянга орчим нислэг үйлдэж байсан. Тийм учраас долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэх боломжтой гэж ойлгож болно. Нөгөө талаас шууд нислэг үйлдэх нь хоёр улсын эдийн засаг, бизнес, харилцаа, соёл, боловсрол гээд бүхий л талаар эерэг нөлөө үзүүлнэ. Өнөөдрийн байдлаар хоёр улс хоорондын худалдааны эргэлт 200 сая доллар хүрэхгүй хэмжээнд байгаа. Харин АНУ, Монгол улс хооронд нислэг үйлдэх нь манай улсын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, бизнес хөгжих таатай нөхцөл бүрдэх юм” гэлээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.