Б.Жавхлан: Ирэх онд инфляц 8.0 хувьд хүрч тогтворжих хүлээлттэй байгаа

2023-05-19 Парламент

 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан тодрууллаа.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцүүлэн боловсруулан хуульд заасан хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээ нэн тэргүүнд танилцуулав.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын төгсгөлтэй залгаад геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас улбаатай сүүлийн 40 жил тохиолдоогүй инфляцын дарамт, урд хөршид тогтоосон хөл хорио, улс орнуудын төв банкуудын хэрэгжүүлсэн мөнгөний эрс хатуу бодлого зэрэг нь манай улсын эдийн засагт томоохон сорилтыг бий болгосон. Гэсэн хэдий ч Засгийн газар өнгөрсөн онд экспортыг эрчимжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай авсны үр дүнд 2022 оны 1 дүгээр улиралд 3.9 хувиар агшаад байсан эдийн засаг оны эцэст 4.8 хувиар өслөө. Түүнчлэн, 2022 онд 16.9 хувьд хүрч байсан инфляц оны эцэст 13.2 хувьд, 2023 оны эхний 4 сарын байдлаар 11.3 хувьд хүрч харьцангуй тогтворжоод байгааг танилцуулгад дурдав.

Засгийн газраас сүүлийн 3 жилд хугацаа тулсан арилжааны нөхцөлтэй Засгийн газрын үнэт цаасуудыг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүйгээр шийдвэрлэж ирсэн байна. Тухайлбал, 2017 онд авсан 800 сая ам.долларын “Гэрэгэ” бондын үлдэгдэл төлбөр болох 368.4 сая ам.долларыг 2023 оны тавдугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулжээ. Ингэснээр 2021 оноос хойш нийтдээ 1,650.0 сая ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттай хэрэгжүүлж, үр дүнд нь өнөөдөр өрийн дефолтын эрсдэлээс бүрэн сэргийлж чаджээ.

Экспортын сэргэлт үргэлжилж, энэ оны тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нүүрсний экспортыг өмнөх оны мөн үеэс 4.6 дахин өсгөж 20.7 сая тоннд хүргэж чадлаа. Экспортын голлох бүтээгдэхүүн нүүрсний тээвэрлэлт, борлуулалтад үүсээд байсан хүндрэл, бэрхшээлийг арилгаж ил тод нээлттэй болгох, ашигт малтмал тойрсон авлига, албан тушаалын хэргүүдийг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх зэрэг томоохон арга хэмжээг өнгөрсөн 2022 оны сүүлээр эхлүүлснийг энэ онд эрчимтэй үргэлжлүүлж байгаа юм.

Монгол Улс анх удаа биржээр нүүрсээ амжилттай ил тод, нээлттэй арилжаалж “уурхайн ам” нөхцөлөөр хямд зарагдаж байсан нүүрсийг “хил” нөхцөлөөр өндөр үнэтэй борлуулж эхлээд байгааг Б.Жавхлан сайд илтгэлээ. Ингэснээр байгалийн баялгийн үнэ цэн өсөж, Монгол Улсад орох валютын урсгал нэмэгдэж байгаа аж. Үүний үр дүнд 2022 оны нэгдүгээр улиралд 1 тэрбум ам.долларын алдагдалтай байсан төлбөрийн тэнцэл энэ оны нэгдүгээр улиралд 79.6 сая ам.долларын ашигтай болж, улмаар 2.4 тэрбум ам долларт хүрч унаад байсан гадаад валютын албан нөөц энэ оны 4 дүгээр сарын байдлаар 3.7 тэрбум ам.долларт хүрч сайжраад байгаа гэлээ.

Дэлхий дахинд эрчим хүчний болон хүнсний үнийн өсөлт 2023 оны эхнээс саарсан, мөн урд хөрш цар тахлын хатуу хөл хориогоо цуцалсан зэрэг нь манай улсын экспортын голлох бүтээгдэхүүний гадаад эрэлт болон үнэд эергээр нөлөөлж байна. Оюутолгойн далд уурхайн үйлдвэрлэл эхэлж, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих боомтын болон дэд бүтцийн томоохон төслүүдийн бүтээн байгуулалт эрчимжиж байгаа юм байна. Засгийн газраас эдийн засгийг сэргээх чиглэлээр хэрэгжүүлж байгаа дээр дурдсан арга хэмжээний үр дүнд эдийн засгийн өсөлт 2023 онд 6.0 хувьд хүрч цар тахлын өмнөх 2019 оны түвшнээс өсөхөөр байгаагийн зэрэгцээ оны эцэс гэхэд төсвийн орлого 1.0 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр тооцож байгаа аж.

Монгол Улс эдийн засгаа сэргээх, засаглалаа сайжруулах чиглэлээр богино хугацаанд олсон амжилтаа бататган чармайж ажиллавал 2024 онд экспортыг 14.2 тэрбум ам.долларт, гадаад худалдааны ашгийг 4.3 тэрбум ам.долларт хүргэснээр эдийн засаг 6.5 хувиар өсөж, инфляц 8.0 хувьд хүрч тогтворжих хүлээлттэй байгаа аж.

Цаашид экспортыг нэмэгдүүлэх төслүүдэд гол анхаарал хандуулан төрөлжүүлэх, аливаа гадаад шокоос эдийн засгийн хамаарлыг бууруулж, эдийн засгийн дархлааг бий болгох нь дунд, урт хугацаанд тогтвортой өсөлтийн суурь болохыг мөн төслийн танилцуулгад дурдсан.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд 2024 онд, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 21,163.2 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 22,996.1 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг -1,832.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьтай байхаар тооцож, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудад бүрэн нийцүүлэн төлөвлөжээ.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.