ШӨХТГ: Электрон тамхины худалдааг хориглох хуулийн зохицуулалт байхгүй тул аймгуудын Засаг дарга нарт зөвлөмж хүргүүллээ

2023-05-18 Мэдээ, мэдээлэл
Зарим аймгийн Засаг дарга нар электрон тамхины худалдаа, хэрэглээг хязгаарлахтай холбоотой захирамж гаргажээ.

Тодруулбал энэ сарын 5-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Х.Арман нар “Электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай” гэсэн захирамж гаргасан байна.

Тус захирамж нь тухайн аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаанд хууль бусаар саад учруулж, электрон тамхи хэрэглэгч иргэдийн эрхийг хязгаарлаж байна гэсэн гомдлыг Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө (ШӨХТГ)-т ирүүлжээ.

ШӨХТГ аж ахуйн нэгжийн гомдлыг үндэслэж тухайн хоёр аймгийн Засаг дарга нарын захирамж өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчиж байх тул хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар шаардлага хүргүүлсэн байна.

Тодруулбал бусад аймаг тухайн зөрчлийг давтан гаргуулахгүй байх зорилгоор дараах зөвлөмжүүдийг хүргүүлэв. “Хуульд зааснаас үзэхэд “тамхин бүтээгдэхүүн” гэх нэр томьёонд Монгол Улсад худалдаалагдаж буй электрон тамхи болон түүний дагалдах хэрэгслүүд хамаарахгүй байна.

Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар электрон тамхины импорт, худалдааг хориглохтой холбоотой эрх зүйн зохицуулалт Монгол Улсад байхгүй” хэмээн шаардлагад бичжээ.

 

Эх сурвалж: ШӨХТГ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.