Холбогдох яамны өгч буй мэдээллээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 0-18 насны хөгжлийн бэрхшээлтэй нийт 11 мянга 835 хүүхэд байгаа аж. Үүнээс 8228 нь 2022-2023 оны хичээлийн жилд боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна.
Тодруулбал, улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль, цэцэрлэг нийт ес байдаг. Өнөөдрийн байдлаар нэг хүүхдэд ногдох хувьсах зардал тусгай цэцэрлэгт 3.0 сая, тусгай сургуульд 2.7 сая төгрөг буюу ердийн цэцэрлэг, сургуулийнхаас гурав дахин өндрөөр төсөвлөж олгодог ч бодит өртөг нь 6-10 сая төгрөг болдог байна. Тусгай сургууль, цэцэрлэгт 2022-2023 оны хичээлийн жилд 1993 хүүхэд суралцаж буй бөгөөд тусгай сургуулийн нэг багшид 4.2, цэцэрлэгт 1.7 хүүхэд ногдож байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолоор баталсан “Тусгай сургалтын байгууллагын зардал тооцох, зарим албан тушаалтанд нэмэгдэл хөлс олгох журам”-д зааснаар багш, ажилтанд 30 хүртэл хувь, сайдын 2020 оны зургадугаар сарын 25-ны өдрийн А/296 дугаар тушаалаар баталсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, туслах багшид нэмэгдэл олгох журам”-д заасны дагуу 10 хүртэлх хувийн нэмэгдэл олгож байна.
Мөн, ердийн 1095 сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамрагдаж байгаагийн дээр 307 суралцагч явуулын багш нараар хичээл заалгаж байгаа гэнэ. Цэцэрлэгийн насны буюу 2-5 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 77.6 хувь нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна.
Энд нэг зүйлийг онцлоход, 2-18 насны хөгжлийн бэрхшээлтэй нийт хүүхдүүдийн 36 хувь буюу цэцэрлэгийн насны 430, сургуулийн насны 3817 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд боловсролын үйлчилгээ авч чадахгүй байгаа аж. Тэдний сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаагийн голлох шалтгаан нь байнгын асаргаанд болон хэвтэрт байдагтай холбоотой гэнэ.
Мөн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 68 хувь нь зохих тохируулгатай орчин бүрдээгүй нөхцөлд суралцаж байгааг салбарын сайд онцолсон юм. Тиймээс өнгөрөгч онд А/170 дугаар тушаалаар баталсан “Хичээл, сургалтын үйл ажиллагааны зардлыг төлөвлөх, хуваарилах заавар”-т хичээл, практикийн нийт зардлын 5.0 хувийг хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид шаардлагатай тохируулгат хэрэглэгдэхүүнд зарцуулахаар шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн 2015 онд МУБИС-д “Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим” байгуулагдснаас хойш 66 мэргэжлийн багш төгссөн бөгөөд энэ хичээлийн жилд 51 оюутан суралцаж байгаа юм. Мөн АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд хөдөлмөр засалч, хөдөлгөөн засалч мэргэжлээр 76 оюутан суралцаж буй юм.
Одоогийн байдлаар салбар яамнаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх байгууллагад суурилсан тогтолцоог үйлчилгээнд суурилсан байдлаар шинэчлэх, санхүүжилтийг шийдвэрлэх санал, хувилбарыг боловсруулж байгаа аж. Үүнд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамран сургах чиглэлээр 24 эрх зүйн актыг баталж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байгаа бөгөөд Боловсролын ерөнхий хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах чиглэлээр 15 зүйл, 29 заалт тусгаад байгаа аж.
Харин салбар дундын уялдааг хангах үүднээс 2021 онд Боловсрол, шинжлэх ухааны, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Эрүүл мэндийн сайдын хамтарсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал, маягт шинэчлэн батлах тухай” тушаалаар батлагдсан аргачлалын хэрэгжүүлжээ. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчдын төлөөлөлтэй яамдын хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг сар бүр зохион байгуулж байгаа бөгөөд боловсролын үйлчилгээ авч чадахгүй байгаа хүнд болон хүндэвтэр хэлбэрийн, мөн хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн цогц үйлчилгээ үзүүлэх хөгжлийн төвийг турших ажлыг эхлүүлж байна гэв.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.