Шалгалтаар 2024 оны есдүгээр сарын 19, 20, 21, 22, 26-ны өдрүүдэд дуусах хугацаатай “Maxim Mocha Gold” кофе илрээгүй

2023-04-11 Мэдээ, мэдээлэл

Сүүлийн өдрүүдэд БНСУ-ын “Dongsuh Foods” компанийн Чанвон дахь үйлдвэрт хийсэн “Maxim Mocha Gold” кофены найрлагад силиконы агууламж илэрсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр өргөн тархсан. Тэр дундаа энэ төрлийн кофе Монголд орж ирсэн үү, хэрэв худалдаалагдсан бол хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг асуулт хөвөрч буй юм. 

Тэгвэл энэхүү мэдээллийн дагуу ЭМЯ-ны Салбарын хяналтын газраас “БНСУ-ын “Dong Suh foods Changwon” үйлдвэр нь өөрийн нэрийн бүтээгдэхүүн Maxim кофены гурван сарын хяналтын 18 дээжид силикон илэрсэн нь үйлдвэрлэлийн явцад үйлдвэрийн тоног төхөөрөмжид хэрэглэсэн силиконоос бохирдсон, 2024 оны есдүгээр сарын 19-26-ны хооронд дуусах хугацаатай “Mocha gold mix” кофег татан авч цаашид үйлдвэрлэл, чанарын хяналтаа сайжруулж ажиллахаа илэрхийлсэн мэдээллийг өөрийн вэб сайтад байршуулсан байна. Тус гадны биет болох силикон нь нунтаг бус 2-4 мм хэмжээтэй усанд уусахгүй тунах тул хүнд харагдах боломжтой гэсэн байна.

Монгол Улсын Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн кофены импортын сүүлийн таван жилийн мэдээллээс харахад, тус нэрийн кофег 2023 онд нэр бүхий нэг компани гурван удаа импортолсон байна.

Мэдээллийн дагуу шалгахад, 2024 оны есдүгээр сарын 19, 20, 21, 22, 26-ны өдрүүдэд дуусах хугацаатай “Maxim mocha gold mild” нэрийн кофе илрээгүй” гэдгийг тодрууллаа.

Дашрамд дуулгахад, иргэдийг “Maxim mocha gold mild” нэрийн кофе худалдан авахдаа 2024 оны есдүгээр сарын 19, 20, 21, 22, 26-ны өдрүүдэд дуусах хугацаатай эсэхийг нягтлан харж сонголтоо хийхийг сануулан, сэрэмжлүүлэх нь зөв гэлээ.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.