БНХАУ руу визгүй зорчих 30 хоногийг хэтрүүлбэл хоног тутамд 500 юанийн торгууль оногдуулдаг

2023-03-31 Мэдээ, мэдээлэл


БНХАУ-ын хилийн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн сэргэснээр Монгол Улсаас тус улс руу зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан визгүй зорчих хугацааг хэтрүүлэх явдал гарах болжээ.

Үүнтэй холбоотойгоор Консулын газраас Монгол Улсын иргэд БНХАУ руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой. Харин 30 хоногоос дээш хугацаанд зорчих тохиолдолд өөрийн зорилгод тохирох визтэй байх шаардлагатайг анхаарууллаа.

БНХАУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд суугаа улсын хуулийн дагуу зөрчлийн болон эрүүгийн хариуцлага хүлээхээс гадна хэтрүүлсэн хоног тутамд 500 юанийн торгууль оногдуулдаг. Иймд визгүй зорчих хугацааг хэтрүүлэхгүй байхыг тус улс зорчиж буй нийт иргэддээ анхааруулсан юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.