Яруу найрагч Ц.Хулан хорих ангиас ард түмэндээ хандаж, мэдэгдэл хүргүүлжээ 

2023-03-30 Мэдээ мэдээлэл

 

Яруу найрагч Цоодолын Хулан цагдан хорих ангиас ард түмэндээ хандаж, мэдэгдэл хүргүүлжээ. Уг нийтлэл Өдрийн сонины өнөөдрийн /2023.03.30/ дугаарт нийтлэгдсэн байна.

Тэрбээр “…Эх орон газар шороо, ард түмэндээ халуун хайртай эгэл яруу найрагч эмэгтэй намайг эх орноосоо урвасан гэх аймшигт гэмт хэрэгтэн мэтээр яриад байгаагийн цаад бодит үнэнийг хэлэх цаг болов.

Хуулийн байгууллага “хэрэг”-ийг шуурхай шалгаж олон түмэнд үнэнийг хэлэх байх гэж найдсан минь талаар болж хэвлэл мэдээлэл сошиалаар гүтгэн гүжирдсэн, бодит байдлыг гуйвуулж намайг гадаадын тагнуулын байгууллагад элссэн, улсын нууцыг дамжуулсан гэх гүтгэлгийг зориуд тарааж, миний гадаад ертөнцтэй харьцах, үнэнийг олон нийтэд хүргэх бүх боломжийг хааж, Монгол-Хятадын харилцааны тодорхой асуудлаар байр суурийн ялгааны золиос болж байгаа мэтээр ярьж, хэвлэл мэдээлэл телевизээр гэмт хэрэгтэн гэж зарлагдсаар гурван сар шахам шоронд сууж байна.

Би гэр бүл, ээж аав, үр хүүхэд тэр ч байтугай өмгөөлөгчтэйгээ шилний цаанаас ТЕГ-ын хяналтын дор утсаар хэдэн үг сольж байна. Би эх орондоо хайртай, ард түмэндээ хайртай гэдгээ уран бүтээл, аж үйлсээрээ байнга илэрхийлж ирсэн.

“Цэцгийн толгой тасаддаггүй үртэй байхыг хүснэ

Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ” гэсэн чин хүсэл минь биелсэнгүй, олигархийн мөнгөөр угжуулсан төрийн машинд толгойгоо тасдуулах цаг минь ирж байх байх шиг байна.

Монголчууддаа гурван зүйл хэлэхийг хүснэ.

Би гадаадын тагнуулын байгууллагад элсээгүй, тэдэнд ажиллаагүй.

Монгол Улсын нууцын ямар нэг баримттай хэзээ ч танилцаж байгаагүй, хэнд ч ямар нэг баримт дамжуулаагүй.

3. Баяны хүүхэд Х богд болохыг эсэргүүцэж өөрийн байр сууриа 2016 оноос олон нийт ил тод хэлж байсныг минь монголчууд мэднэ.

Эх орныхоо эрх ашгийн төлөө хэлсэн үг, хийсэн тэмцэл, уран бүтээлийг минь гуйвуулж хэлмэгдүүлж байна.

Өвөрмонголд миний ном, бүтээл хэвлэгдэж бүр оюутан цагийн найз нөхөдтэй уулзаж уран бүтээл, ажил хэргээ ярилцаж байсныг минь гэмт хэрэг болгох гэж мушгин гуйвуулж байна.

Миний бие хүнд өвчтэй, удаа дараа мөрдөн байцаалтын явцад ухаан алдаж, эмнэлэгт хэвтэхэд хүрч байгаа ч би эрхээ хамгаалж өлсгөлөн зарлан тэмцэх болно гэдгээ мэдэгдье. Авлигад живсэн Монголын улстөрчдөд эх орноо гэсэн сэтгэлтэй бүсгүйн амь хэрэгтэй бол би амиа өгөхөд ч бэлэн байна” гэжээ.

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.