БХЯ: Хумхаа өвчнөөр энхийг сахиулагч нас барсан нь үнэн

2023-01-5 Мэдээ, мэдээлэл

Өмнөд Судан улсад энхийг сахиулж буй албан хаагч хумхаа өвчнөөр нас барсан гэх мэдээллийн талаар Батлан хамгаалахын яамнаас мэдээлэл хийлээ.

Өмнөд Судан улсад Монголын нэг баг буюу 850 хүнтэй батлион үүрэг гүйцэтгэж буй аж. 2022.12.01-21-ний өдрүүдэд Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын батлионы ээлж солих ажиллагааг явуулжээ.

Ээлж хүлээлцэх хугацаанд Өмнөд Суданд хүчний командлагч буюу тухайн улс оронд үүрэг гүйцэтгэж байгаа, таван сектор, 10 батлионыг хариуцдаг командлагчтай уулзсан. Бас гурван секторын командлагч, НҮБ-ын тусгай секторын орлогчтой уулзсан. Хамгийн сүүлийн ээлж нэгдүгээр сарын сүүлчээр Өмнөд Суданаас ирэх аж.

Батлан хамгаалах яамны хэлж байгаагаар “Ажиллагааны өмнөх бэлтгэлээс эхлэн дуусах хүртэл албан хаагчдын эрүүл мэндийг байнга хянадаг. Өнгөрсөн 21 жилийн хугацаанд тодорхой хэмжээнд хумхаа өвчний халдвар ёс мэт гарч ирсэн. Африк дахь 10 шумуул тутмын нэг нь хумхаагийн халдвартай гэж үздэг. Цэргийн төв эмнэлгийнхэн өнгөрсөн хугацаанд хумхааг сайн судалж, оношилж ирсэн. Үүнтэй холбоотойгоор оношилгоо, эмчилгээгээ маш сайн хийдэг. Энэ өвчин шумуулаас хүнд дамждаг. Африкийн орон хуурай, борооны улиралтай. Борооны улиралд тээгч шумуулууд идэвхиждэг. Хүнээс хүнд халдвар халдахгүй.

Нийт есөн цэргийн албан хаагчаас хумхаагийн халдвар илэрч, долоо нь эдгэж, гарсан. Харамсалтай тохиолдлоор нэг албан хаагч хумхаа өвчний хүндрэлээр нас барсан. Нөгөө албан хаагч биеийн байдал нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн 21 жилийн хугацаанд хумхаа өвчнөөр нас барсан тохиолдол гарч байгаагүй” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.