“Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулан гишүүд өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Монгол Улсын хилийн бүсийг нааш нь татсан, дахин өөрчлөх асуудал байхгүй. Манай улс БНХАУ, ОХУ-тай хилийн маргаангүй. Урд хилээ НҮБ-аар баталгаажуулсан учир хилийн тор, багана, координат хөдлөх ямар ч асуудал байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Орон нутгийн эрх мэдэл бүхий дарга нар хилийн бүс рүү тэлж газар олгосон, суурьшлын бус бүс бий болгосон асуудлууд байгаа. Тийм учраас улсын тусгай хэрэгцээнд авахгүй бол болохгүй. Манай улсын хувьд тусгай хэрэгцээнд авах хуультай, түүнийгээ УИХ-ын тогтоолоор баталгаажуулж байгаа юм. Хилийн бүсийг хөдөлгөж ашигт малтмалын лиценз авах гээд буй асуудал байхгүй. Дархан цаазтай, тусгай хамгаалалттай, тусгай хэрэгцээний газрууд хуулиараа зохицуулагддаг. Хилийн 15 км доторх газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байгаа юм” гэлээ.