“УБТЗ” ХНН: Эрээн өртөөнд анх удаа 17 галт тэрэг хүлээлгэн өгч түүхэн дээд амжилт тогтоолоо

2022-12-16 Мэдээ, мэдээлэл


Монгол Улс экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэх замаар эдийн засгаа эрчимтэй тэлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа. Иймээс боомтын сэргэлтийн бодлогыг зарлаж, хилийн боомтоор гарах ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй “Улаанбаатар төмөр зам” ХНН Замын-Үүд –Эрээн өртөөгөөр хятадын талд хүлээлгэн өгөх экспортын ачаатай галт тэрэгний тоог нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байгаа юм.

Эрээн өртөө Замын-Үүд өртөөнөөс өдөр бүр өргөн царигаар 14-өөс дээшгүй галт тэрэг хүлээн авдаг ч УБТЗ-ын удирдлагын зүгээс галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх асуудлаар хятадын талтай шаргуу ярьж, олон удаа хүсэлт тавьсны үр дүнд сүүлийн саруудад галт тэрэг солилцоо нэмэгдсээр байна.

Тодруулбал, 2022 оны 10 дугаар сард 3 удаа, 11 дүгээр сард 5 удаа 15 галт тэрэг, 1 удаа 16 галт тэрэг Эрээн өртөөнд хүлээлгэн өгсөн бол өнөөдөр Замын-Үүд өртөөний өргөн царигаар Эрээн өртөөнд анх удаа 17 галт тэрэг /нийт 774 вагон буюу 64.337 тонн ачаа/ хүлээлгэн өгсөн нь түүхэн дээд амжилт боллоо. Эдгээр 17 галт тэргийг ачааны төрлөөр нь авч үзвэл, 200 вагон задгай нүүрс, 99 опен топ чингэлэгтэй нүүрс, 159 вагон төмрийн хүдэр, 30 вагон зэс, 38 вагон жонш, 46 вагон целлюлоз, 123 транзит чингэлэг,79 экспортын чингэлэг багтаж байна.

Замын-Үүд – Эрээн өртөө хоорондох галт тэрэг солилцоог УБТЗ-ын зүгээс цаашдаа 20 хүртэл нэмэгдүүлэх бодлого барьж байгаа юм . Учир нь экспортын тээврийн захиалга сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа бөгөөд зөвхөн энэ жил гэхэд л УБТЗ-аар 48 сая тонн экспортын ачаа тээвэрлүүлэх захиалга иржээ. Өнөөдөр Замын-Үүд өртөөнөөс Эрээн өртөөнд анх удаа 17 галт тэрэг хүлээлгэн өгсөн явдал нь цаашдаа галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх техникийн боломж бүрдсэнийг харуулсан үйл явдал болоод зогсохгүй Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа боомтын сэргэлтийн бодлогыг бодит ажил хэрэг болгохын төлөө УБТЗ-ын зүгээс чармайн ажиллаж байгаагийн илэрхийлэл боллоо” гэж “УБТЗ” ХНН-ээс мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.