Дэлхийд жил бүр 300 мянган эмэгтэй умайн хүзүүний хорт хавдрын улмаас нас барж байна. Өөрөөр хэлбэл, энэхүү хавдар нь дэлхий дахинд эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл тохиолддог хорт хавдрын 4-рт ордог.
Харин манай улсад зонхилж тохиолддог 10 хорт хавдрын тавдугаарт жагсдаг. Жилд 400 орчим эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож, нас баралт 10 хувьтай байгааг холбогдох албаныхан мэдээлсээр байна. Жишээ нь хамгийн сүүлийн судалгаагаар Хавдар судлалын үндэсний төвд жилд дунджаар 600-700 хагалгаа хийгддэг. Үүний 400 орчим нь умайн хүзүүний хавдар бол өнгөрөгч онд 920 орчим хагалгаанаас 500 нь энэхүү хавдрын хагалгаа хийгдсэн байна.
Тэгэхээр жилээс жилд тус хавдрын тоон үзүүлэлт нэмэгдэж байгаа нь цөөн хүн амтай манай улсад яах аргагүй “аюулын харанга” дэлдэхэд хүрчээ. Гэхдээ нэг талаараа өнгөрөгч оноос эхлэн энэ төрлийн хавдрын эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ хийж эхэлсэн нь тоон үзүүлэлт өсөх шалтгаан болсон гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй юм. Нөгөөтэйгүүр, оношлогдож буй хавдрын 50 орчим хувь нь хожуу шатанд илэрч буй нь харамсалтай. Учир нь тухайн хавдар эрт үедээ оношлогдвол эмчлэгддэг. Харин хожуу шатандаа илэрвэл үхэлд хүргэх аюултай байдаг. Манай эмэгтэйчүүдийн хувьд, умайн хүзүүний хорт хавдраар 35-39 насныхан гол төлөв өвчилж байгаа статистик бий.
Тэгвэл умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан нь юу байдаг юм бол?
Энэ өвчин ХПВ буюу хүний папиллома вирусээр үүсгэгддэг. ХПВ нь 200 гаруй төрлийн вирусийн бүлэг юм. Зарим вирус нь бэлгийн замаар халдварладаг. Халдвар авсан ихэнх хүмүүс өөрсдийгөө халдвартайг мэддэггүй. Яагаад гэвэл ХПВ нь ямар нэгэн шинж тэмдэггүйгээр тархдаг. Иймээс халдвартай хүмүүс бусдад халдвар тараах эрсдэлтэй. Мөн энэхүү вирусийн гол тээгч, дамжуулагч нь эрэгтэй хүн байдаг. Гэвч тэрбээр өөрөө өвддөггүй, зөвхөн эмэгтэйчүүдийг халдварлуулдаг байна.
Ийнхүү жилээс жилд дэлхий нийтэд энэ төрлийн хавдар огцом нэмэгдэж, ДЭМБ-аас хүний папиллома вирусийн эсрэг вакциныг зөвлөсөөр байна. Одоогийн байдлаар эл төрлийн вирусээс сэргийлэх “Гардасил” вакциныг дэлхийн 110 оронд нэвтрүүлэн, хэрэглэж буй юм. Тухайлбал, Швейцари улс 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдарыг бүрэн устгах бодлого барьж байгаа бол Африкийн улс орнууд умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх ажлыг эрчимжүүлж, охид хөвгүүдээ урьдчилан сэргийлэх вакцинд 80 хувьтай хамруулжээ.
Харин манай улсын тухайд, ХӨСҮТ-д энэхүү вакциныг урьдчилан сэргийлэх зорилгоор 9-14 насныханд сайн дурын үндсэн дээр хийдэг. Гэвч жилд 1000 хүрэхгүй хүүхэд вакцинд хамрагдаж байгаа нь өвчлөл нэмэгдэх гол шалтгаан болж байгааг мэргэжилтнүүд санал нэгтэй хэлж байна. Мөн насанд хүрэгчид ч шинжилгээгээр вирусийн халдваргүй эсэх нь тогтоогдвол энэхүү урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдах боломжтой юм.
Өнөөдрийн байдлаар манай улс умайн хүзүүний хорт хавдартай тэмцэхэд хэд хэдэн бодлогын баримт бичиг боловсруулан ажиллаж байна. Үүнд, эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ. Монгол Улсын засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор батлагдсан 2020–2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө. Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2021 оны 360 дугаар тушаалаар батлагдсан “хавдрын эсрэг” арга хэмжээг хэрэгжүүлэх 2021–2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө. Мөн Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2022 онд баталсан “Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хүний папиллома вирусийн эсрэг вакциныг нэвтрүүлэх” ухуулга нөлөөллийн ажлыг хүрээнд хийгдэх 2022 оны төлөвлөгөө боловсруулсан. Гэвч үр дүн нь төдийлөн сайн бус байгаа нь өнөөдрийн тоон үзүүлэлтээс “уншигдаж”, дэлхийд энэ төрлийн хавдрын статистикээр муу жишээн дээр яригдаж байна. Тиймээс ДЭМБ-аас зөвлөсөн урьдчилан сэргийлэх вакцин ба эрт илрүүлгийн ажилд иргэн бүр идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Зүй нь умайн хүзүүний хорт хавдар нь урьдчилан сэргийлэх боломжтой ба эрт үе шатандаа төгс эмчлэгддэг хавдар учир олон эмэгтэйн амь нас аврагдаад зогсохгүй олон гэр бүл, үр хүүхэд элэг бүтэн амьдарна. Тиймээс салбар яамнаас энэ төрлийн вакциныг товлолтод оруулахаар өнгөрөгч онд бодлогын баримт бичиг боловсруулан ажиллаж буй юм.
Дашрамд дуулгахад, вакцин нь үхэжсэн эсвэл сулруулсан эмгэг төрүүлэгчийг (эсвэл тухайн эмгэг төрүүлэгчийн генетикийн кодын хэсгийг) биед тарьж, дархлааны системийг тухайн эмгэг төрүүлэгчийн эсрэг өдөөхийг хэлнэ. (Эмгэг төрүүлэгч гэдэг нь таныг өвчлүүлдэг зүйл.) Өөрөөр хэлбэл, дархлааны систем нь тухайн эмгэг төрүүлэгчийг дахин биед орж ирэхэд, таньж саармагжуулан устгаж, өвчнөөс сэргийлнэ гэсэн үг. Вакцины үр нөлөө гэдэг нь тухайн вакциныг хийлгэсэн хүнийг өвчнөөс хэрхэн хамгаалж байгааг хэлнэ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30406
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.