У.ХҮРЭЛСҮХ: АЛБАН ТУШААЛТНЫ БИШ АРД ТҮМНИЙ ТАЛД ЗОГСОНО

2022-12-7 Ерөнхийлөгч

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЗХЖШ-ын дарга, бригадын генерал С.Ганбямба, Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, ТЕГ-ын дарга, хошууч генерал П.Одонбаатар, АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болд нарыг дуудаж уулзав. Ард иргэд дөрвөн өдрийн турш төв талбайд жагсаал хийж байгаа ч Засгийн газар, хууль хүчний байгууллагууд өнөөг хүртэл тодорхой арга хэмжээ авч, шийдвэрлэхгүй байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүмжлэв.

Тэрбээр “Та бүхэн ард түмнээр нүүрсний хулгайн хэргээр таавар таалгалаа. Засгийн газар нүүрсний хулгайн асуудлыг хөндөж ярьсан. Гэмт хэрэгтэй тэмцэх субъект нь Засгийн газар. Тэр хулгайч нартай яагаад тэмцэхгүй байна вэ. Ямар учраас арга хэмжээ авахгүй байна вэ. Засгийн газраас нүүрсний хулгай хийсэн нөхдүүдийг нэрлэж болохгүй байна уу.  Үүнийг ард түмэн нэрлэх ёстой юм уу. Эсвэл улстөрчид нэгнийгээ намнах гэж нэрлэх ёстой юм уу. Манай ард түмэн улс төрийн өндөр соёлтой болсон байна. Дандаа залуучууд өвлийн хүйтэнд жагсч, бухимдлаа илэрхийлж байна. Нүүрсний хулгайчдаа гавлаад аваад яв л даа,  Ерөнхий прокурор оо.  Та нарт  тэр эрх мэдэл нь байна. Би энэ тухай олон удаа хэлж, сануулсан. Одоо энэ байдал чинь даамжирч, онц байдал тогтоох тухай ярьж  байна. Засгийн газар, УИХ-ыг ард түмэн ажлаа хий гэж шаардаж байсан бол одоо огцор гэж байна. Монгол Улс ардчилсан улс. Сонгуулиар асуудлаа шийддэг улс. Хүчирхийллээр асуудлыг шийддэг биш. Хэн нэгний дур зоргоор шийддэггүй. Та бүхэн энэ асуудлыг яаралтай шийдэж чадахгүй бол УИХ, Засгийн газрын хувь заяаны асуудал яригдана. Ажлаа хийж чадахгүй бол дахин ард түмэн сонголтоо хийж, төр засгаа эмхлэн байгуулах цаг ирж магадгүй шүү. Ард түмнээс сонгогдсон Монгол Улсын төрийн тэргүүнийхээ хувьд ард түмнийхээ талд хатуу зогсоно. Би албан тушаалтныг хамгаалахгүй. Ерөнхийлөгч Засгийн газрын янз бүрийн асуудалд хориг тавилгүй жил гаруй явсан. Энэ хүнд хэцүү цаг үед ажлаа хийж, асуудлаа шийдэг гэж хандсан. Энэ улс орны аюулгүй байдал миний хувьд тэргүүн эгнээнд байна. Тийм учраас та нар ажилдаа орж, эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооц.  Одоо гарч ажлаа хийцгээ” гэв.

Тус уулзалтад ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, ЕТГ-ын  дарга Я.Содбаатар нар байлцав.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.