Н.Түвшинбаяр: Чин сэтгэлээсээ бүх хүмүүсээс уучлалт хүсч байна…

2022-06-9 Мэдээ, мэдээлэл


Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өмгөөлөгч нарын дүгнэлтийн дараа шүүгдэгч Н.Түвшинбаярт сүүлийн үгээ хэлэх боломжийг шүүгч олгосон юм. Тэрбээр үгээ хэлэхдээ хоолой зангируулж, харууслын нулимас гаргаж суулаа…

Тэрбээр “Миний бие хийсэн гэм буруугаа туйлын ихээр хүлээн зөвшөөрч маш ихээр харамсаж, гэмшиж байна. Хийж болохгүй үйлдлийг хийсэн. Талийгаач найзынхаа ар гэр, хань ижил үр хүүхэд бүхнээс чин сэтгэлээсээ уучлалт хүсье. Мөн аав ээж ах дүү төрөл төрөгсөд бүгдээс чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна.

Миний хамгийн сайн найз байсан. Хүүхэд ахуй наснаасаа хүсэл мөрөөдлөө хамтдаа ярьж, миний өнөөдрийн амжилт бүхэнтэй миний найз салшгүй холбоотой байсан. Найзынхаа амь насанд халдаж, ийм нөхцөл байдалд хүрнэ гэж огт бодоогүй. Энд сууж байгаа бүх хүнээс уучлал хүсэж байна.

Монголын ард түмэн миний найзыг дэмждэг байсан. Та бүхнээс уучлал хүсэж байна.

Би гэм буруугаа маш ихээр ойлгож, маш ихээр харамсаж, гэмшиж байгаа. Цаашид үр хүүхэд болон гэр бүлд нь, боломж олдвол насан туршдаа найзынхаа гэр бүлд тус дэм болохын төлөө зүтгэх болно гэдгээ хэлье.

Миний гурван дүү, хамаатан садан бүх хүнээс уучлалт гуйж байна. Өчигдөр гэрч болон орж ирж мэдүүлэг өгсөн бүх хүнээс уучлалт хүсэж байна.

Энэ бүхэнд зөвхөн би л буруутай. Хуулийн өмнө хариуцлага хүлээхээ ухамсарлаж ойлгож байгаа. Эрхэм шүүгчид хандаж хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна” гэлээ.

Дашрамд дуулгахад, шүүхээс Н.Түвшинбаярыг гэм буруутайд тооцон 16 жилийн хорих ял оноолоо. Ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Н.Түвшинбаяр нь давж заалдах эрхтэй болно.

Мөн Н.Түвшинбаяр хохирогчийн талд нийт 2,7 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлсөн учраас төлөх төлбөргүй. Хохирогчийн ар гэрээс гэмт хэргийн улмаас хохирол учирсан бусад хохирлоо нотлох баримтаар гаргаж, нэхэмжлэх эрхтэй гэсэн шийдвэр гаргалаа гэв.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.