Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд 5 дугаар сарын 22-ны энэ өдрөөс эхэллээ. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дунд уламжлал болгон зохион байгууллагддаг энэхүү тэмцээний нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга н.Хадбаатар нарын Зэвсэгт хүчин, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ болон Дотоодын цэргийн штаб, ТЕГ, ШШГЕГ, ҮХБХИС, ДХИС-ийн удирдлага, тамирчин дайчид, тэмцээний зохион байгуулагч, шүүгчид оролцлоо.
Тэмцээнийг нээж Я.Содбаатар хэлсэн үгэндээ “Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг батлан хамгаалах, нийгмийн аюулаас сэргийлэх хариуцлагатай үүрэг хүлээсэн алба хаагчдын бие бялдрын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд энэхүү тэмцээн нь асар өндөр ач холбогдолтой юм. Төр, ард түмнийхээ төлөө тангараг өргөж, мөрдэс зүүсэн алба хаагчид маань дэлхийн халуун цэгүүдэд эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаараа хошуучлан манлайлахад нь “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн бодит үр дүнгээ өгч байна гэж хэлмээр байна.
Тэрчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн монгол хүний бие бялдрын хөгжлийг сайжруулах, дундаж наслалтыг нэмэгдүүлэх, нийтээрээ эрүүл чийрэг байх, хүүхэд залуучуудыг биеийн тамир спортоор дамжуулан хүмүүжүүлүүлэх, хорт зуршлаас ангид байлгах зорилт бүхий “Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх тухай” зарлигийг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид манлайлан хэрэгжүүлж байгаад сайшаалтай байна” хэмээгээд нийт баг, тамирчдад өндөр амжилт хүслээ.
Тэмцээн зохион байгуулагчдын мэдээлснээр энэ сарын 22, 23-ны өдрүүдэд баг, тамирчдын гарааны өмнөх ажиллагаа, гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолт, норматив бэлтгэлүүдийг нь шалгах бол 5 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд гараанаас бариа хүртэлх гол уралдаан явагдана.
Төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын 800 гаруй алба хаагчид энэ удаа тэсвэр хатуужлаа сорин оролцож байгаа бөгөөд “Байнгын бүрэлдэхүүний салаа”-гаар Зэвсэгт хүчин, ХХЕГ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, ТТХГ, Дотоодын цэргийн штаб, ШШГЕГ гэсэн 8 байгууллага, “Хугацаат цэргийн алба хаагчдын салаа”-гаар ЗХЖШ, ХЗЦК, Дотоодын цэргийн штаб, ҮБХИС, ДХИС гэсэн 5 байгууллага, “Эмэгтэй цэргийн алба хаагчдын тасаг”-аар Зэвсэгт хүчин, ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ, ХХЕГ, ОБЕГ, ҮБХИС, ДХИС, Дотоод цэргийн штаб гэсэн 9 байгууллага, “Рот”-оор ЗХЖШ, ХЗЦК, ТХЦК-ын нэгтгэл, ангиудын бүрэлдэхүүн оролцож байгаа юм. Тэмцээний Ерөнхий шүүгчээр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, нарийн бичгийн даргаар ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ нар ажиллаж байна.
Ахлах дэслэгч Д.БОЛОР, гэрэл зургийг ахлагч Д.ПУНЦАГДОРЖ