Гурав дахин шинэчлэгдсэн УЛААН НОМ

2018-07-3 Амрах агшин

Нэн ховор, ховор амьтан, ургамлыг багтаасан “Улаан ном” 2013 онд 3 дахь удаагаа шинэчлэгдэн хэвлэгджээ.

Монголчууд XII зуунаас ан амьтнаа дархлан хамгаалж, 1922 оноос загас агнуурын, 1925 оноос загас, ан амьтан агнах хуулийг баталж, мөрдүүлсэн байна. Улмаар БНМАУ-ын СНЗ-ийн 1985 оны 340 дүгээр тогтоолоор 23 зүйлийн хөхтөн, 19 зүйл шувуу, 6 зүйлийн хоёр нутагтан, мөлхөгчид 2 зүйлийн загас, 86 зүйлийн ургамлыг оруулсан “БНМАУ-ын улаан ном”-ыг бий болгохоор шийдвэрлэсний дагуу анхны Улаан ном 1987 онд хэвлэгджээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 1996-2000 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол Улсын улаан номыг шинэчлэн хэвлүүлнэ” гэсэн заалтын дагуу уг номыг 1997 онд хоёр дахь удаагаа шинэчлэн  хэвлүүлсэн юм.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний зохисгүй үйл ажиллагааны шууд болон дам нөлөөгөөр байгалийн баялгийн нөөц, түүний дотроос дэлхийн амьтан, ургамлын аймаг хамгийн ихээр хөнөөгдөж байна.

Монгол оронд агаарын температур +2.1 хэмээр дулаарч, газар нутгийн 70 гаруй хувь цөлжилтөнд өртөж, нийт бэлчээрийн талбайн 70 орчим хувь нь ямар нэгэн хэмжээгээр талхлагдаж, цөл, тал хээрийн нутгийн шороон шуургатай өдрийн тоо 1960 онтой харьцуулахад, 3-4 дахин нэмэгдэж, 2010 оны байдлаар, 5000 гаруй гол, горхи, нуур, цөөрөм, булаг шанд ширгэж, уул уурхайн хайгуул ашиглалтаас үүдсэн их хэмжээний талбайн хөрс хүчтэй элэгдэл, эвдрэлд өртжээ. Мөн олон арван ховор амьтан, ургамлын нөөц хомсдон, тархац нутаг хумигдаж, устаж үгүй болох аюул тулгараад байна.

Олон улсын болон Монгол Улсын төрийн урт хугацааны бодлогын баримт бичгүүд шинээр гарч, тэдгээрт амьтан, ургамлын нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, устах аюулд орсон болон орж болзошгүй зүйлийн тархац нутгийг улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамруулан хамгаалж, ашиглалтыг хязгаарлах, зориудаар өсгөн арвижуулах зорилтыг тусган хэрэгжүүлж иржээ.

Шинэчилсэн Улаан номын товч танилцуулга

Энэхүү номонд 110 зүйлийн амьтан, 192 зүйлийн ургамал бүртгэгдсэн болно. Уг номонд Шилүүс, Суусар булга, Ойн булга, Хүрэн баавгай зэрэг 6 хөхтөн,  Цагаан тогоруу, Усны нөмрөг бүргэд, Одой галуу, Ооч ёл, Манхин галуу зэрэг 18 зүйл шувуу, Эгэл загалмайт могой 1 зүйл мөлхөгч зэрэг нийт 25 зүйл амьтан шинээр бүртгэгджээ.

Монгол Улсын улаан номонд унаган амьтан /зөвхөн Монголд байдаг/ 2 зүйл, үлдвэр амьтан 1 зүйл, унаган ургамал 27 зүйл, үлдвэр/өнө эртний/ ургамал 13 зүйл  орсон.

Мөн 95 зүйлийн дээд ургамал, 5 зүйл хаг, 11 зүйл хөвд, 6 зүйлийн мөөг, 13 зүйлийн замаг тус номонд шинээр орсон болно. Харин өмнөх улаан номонд орсон 3 зүйлийн хөхтөн, 13 зүйлийн шувуу, 60 зүйлийн дээд ургамал, 2 зүйл хаг, 3 зүйлийн хөвд, нэг зүйлийн замаг хасагдсан байна.

Улаан номонд орсон амьтан, ургамлын зүйл тус бүрийн монгол, латин нэр, статус, таних шинж, тархац, байршил нутаг, амьтны амьдралын онцлог, ургамлын үржил, тоо толгой, түүний хомсдох шалтгаан, хамгаалахаар авсан болон цаашид хамгаалах арга хэмжээг холбогдох судалгаа, шинжилгээний шинэ соргог мэдээ болон төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилттэй уялдуулан монгол, англи хэлнээ хэвлэжээ.

Энэхүү номыг шинэчлэн бичихэд амьтан, ургамлын чиглэлээр судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг 60 гаруй эрдэмтэн, судлаачид оролцсон байна.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.